"Хамгийн чадварлаг хуульчид эвлэрүүлэн зуучлалыг эрхэлдэг"

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн удирдах зөвлөлийн дарга Б.Сэргэлэн олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг гурав дахь илтгэл болох “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын олон улсын туршлага” сэдэвт илтгэлийг Европ болон Европын Холбооны гишүүн орнуудын жишээгээр танилцуулсан. 

Тэрбээр илтгэлдээ эвлэрүүлэн зуучлалын хөгжлийн товч түүх, НҮБ-ын арилжааны эвлэрүүлэн зуучлалын загвар хууль, Сингапурын конвенц, Европын холбооноос 27 гишүүн улсдаа эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг үндэсний хууль тогтоомждоо тусгах агуулга бүхий 2008 оны 52 дугаар удирдамжийн талаар танилцуулсан. Түүнчлэн ХБНГУ болон БНАвстри Улсын талаарх тоо баримт, энэ төрлийн үйл ажиллагааны туршлагыг танилцуулаад төгсгөлд нь даатгалын системтэй эвлэрүүлэн зуучлалыг холбох, эдийн засгийн үр нөлөөний талаар танилцуулав.

Эвлэрүүлэн зуучлалын нэн эртний түүх бий ч орчин цагт 1970-аад оноос АНУ-д шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг богино хугацаанд хямд өртгөөр шийдвэрлэхээр хөгжиж эхэлсэн байна. Тус улсад хамгийн чадварлаг хуульчид эвлэрүүлэн зуучлалыг эрхэлдэг байна.

Эвлэрүүлэн зуучлалын олон улсын эрх зүйн хүрээний талаар илтгэгч мэдээлэл өгөв. Европын холбоо 2008 онд иргэний болон худалдааны маргааны  эвлэрүүлэн зуучлалын ерөнхий зохицуулалтыг баталсан байдаг бөгөөд гишүүн 27 улсдаа энэ төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэх удирдамж болсон байна. Энэхүү баримт бичгийн хүрээнд 430 гаруй эвлэрүүлэн зуучлалын төв үйл ажиллагаа явуулж, жилдээ 300 мянга гаруй хэрэг маргааныг шийдвэрлэдэг бөгөөд 50 дээш хувийн үр дүнтэй байдаг гэлээ.             

ХБНГУ 2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталсан бол Монгол Улс 2013 онд баталсан байна. ХБНГУ-д 120 цагийн сургалтад сууснаар энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэх эрхтэй болж, тогтмол хугацаанд сургалтад хамрагдан эрхээ шинэчилж байх үүрэг хүлээн, зохих хэмжээний өртөгтэйгөөр үйлчилгээ үзүүлдэг аж.  Энэ төрлийн үйлчилгээ үзүүлсний 70-80 хувь нь амжилттай болдог гэв. Үргэлжлүүлэн илтгэлдээ тус улсын энэ төрлийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, үр нөлөөний талаар мэдээлэл өгсөн.

БНАУ-ын жишгийн талаар мөн танилцууллаа. Тус улсад хууль зүйн салбарын төрийн захиргааны байгууллага нь эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалтыг баталдаг бөгөөд жагсаалт дахь төвүүдээс үйлчилгээ авах үед хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлдэг, тэдгээрийг шүүхэд дуудахгүй байх зэрэг давуу эрх эдэлдэг байна. Бүртгүүлэх шалгуур ХБНГУ-тай харьцуулахад өндөр буюу жилд 365 цагийн сургалтад хамрагдан таван жилийн хугацаатай батламж авч, үүнийгээ дахин 10 жил сунгах боломжтой байдаг байна. Мөн хамгийн багадаа 400 мянган еврогийн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх шаардлагыг тавьдаг аж. Зарим төрлийн маргааныг заавал эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээгээр орох шаардлагыг тавьдаг бөгөөд үр дүн нь 90 хувь байдаг гэдэг тоон мэдээллийг танилцуулав.

БНАвсрти Улсад Хууль зүйн яам нь хариуцдаг бол ХБНГУ-д мэргэжлийн холбоод нь хариуцдаг байна. Даатгалын хувьд мэргэжлийн хариуцлагын даатгал буюу эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлэгчийн эсрэг гарах нэхэмжлэлээс хамгаалах зорилгоор 540.000-2.3 сая хүртэлх ам.долларын даатгал хийдэг байна. Үүгээрээ даатгалын зах зээлийг зохих хэмжээгээр тэлдэг ач холбогдолтой аж. Мөн гэрээний маргааны даатгалын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

ИБУИНВУ-ын хувьд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр жилд 25.4 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны зардлаас 7.5 тэрбум ам.долларыг хэмнэдэг бөгөөд 1990 оноос хойших эдийн засгийн үр ашгийг тооцвол 248 тэрбум ам.долларыг хэмнэсэн гэдэг тооцоог гаргасан байдаг аж. 2022 онд тус улсад 17 мянган маргааныг энэ төрлийн үйлчилгээгээр шийдвэрлэсэн байдаг байна. Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны үр дүн 92 хувьтай гэдэг тоо баримтыг илтгэгч танилцуулаад анхны уулзалтаар маргааны 73 хувийг шийдвэрлэдэг бол 20 хувийг  долоо хүртэлх хоногийн хугацаанд шийддэг байна. Дээрх хэмнэлтийн 80 орчим хувь нь шүүхийн үйл ажиллагаанаас гардаг, хугацааны хувьд 3-6 сарыг хэмнэдэг байна. Мөн биечлэн шийдвэрлэх шаардлагагүй, цахимаар маргааныг хэлэлцэн, эвлэрүүлэн зуучлал хийж болдогтой холбоотойгоор эдийн засгийн хэмнэлт гардаг байна.

Европын холбооны улсуудад бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн маргаан буюу 5000 хүртэлх еврогийн маргааныг бичгээр явуулж, нэгдсэн загвар бүхий маягтыг бөглөөд 40-115 ам.доллар орчмын төлбөр төлөөд, маргаан үүсгэж болдог. Шийдэгдсэний дараа энэхүү төлбөрөө шүүхээс буцаан авах боломжтой байдаг байна.

Энэхүү жишгийг Монгол Улсад нэвтрүүлбэл нэн тохиромжтой хэмээн үзэж буйгаа илтгэгч тэмдэглээд гэр бүлийн эвлэрүүлэн зуучлал тодорхой түвшинд хөгжөөд буй суурин дээр шинэчлэн найруулж буй төсөл батлагдан, хэрэгжсэн тохиолдолд хувийн эвлэрүүлэн зуучлалын төвүүд байгуулагдан, мэргэжлийн холбоод төлөвших ач холбогдолтой гэлээ. Үр дүнд нь шүүхийн ачаалал буурч, маргаан үүсгэлгүй орхигддог хэргүүд ч шуурхай шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ хэмээн харж буйгаа хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр тогтолцоог бэхжүүлэх, дэмжих арга хэлбэрүүдийн талаар саналаа танилцуулсан.