Спикерийн “ОПЕРАЦИ”-аас бүх юм шалтгаалах нь!

УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой хэмээх байр сууриа спикер Н.Учрал индрээс дахин тодотгосноор хаврын ээлжит чуулган хөшгөө нээлээ. Үргэлжлүүлэн иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, авлигаас ангид, ямагт ёс зүйн өндөрлөг дээрээ ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах ёстойг сануулав. Түүний араас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх индрээс үг хэлэхдээ ч  ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй гэсэн агуулгыг хөндсөн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал байсангүй.

Гэдэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг бүхэлд нь зурагласан бараг статистикийн мэдээлэл шахуу дүгнэлт хийгээд зогсохгүй Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийг зарчмын хувьд дэмжиж, парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь хэлэлцэх шаардлагатай гэж хэлснээс хэдхэн хормын дараа Төрийн тэргүүн индэрт гарсан юм. Үндсэндээ УИХ-ын даргын араас үг хэлсэн Ерөнхийлөгчийн байр суурь агуулга, ач холбогдлын хувьд зорилготой, улс төрийн бас нэгэн нүүдэл байв. 

Угаас Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож, үг хэлэх онцгой эрхтэй ч МАН-ын дотоод зөрчил, нэр бүхий хоёр гишүүн, сайд асныг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх “Цагаан байр”-ны даргын шийдвэр гарсан энэ цаг үед болж буй гэдгээрээ онцлог. 

УИХ-ын дарга Н.Учрал ч хөдөө орон нутагт ажиллах үеэрээ ёс зүй, сахилга, хариуцлагыг намдаа ч, парламентын танхимд ч тогтооход өөрөө манлайлж ажиллахаа хэдэнтээ мэдэгдсэн. Энэ хооронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлж амжсан нь учиртай. Үүнийгээ “Зарим хүн “парламентын дархлаанд халдаж байна” гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй” гэж тодотгосон нь ч шалтгаантай.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, парламентын танхимаас хулгайч биш хууль төрөх ёстой гэсэн байр сууринд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа түвшинд буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд нэгдсэний илрэл бас дохио. Яг ийм нөхцөлд хэнээс хамгийн их мэдрэмж, уран шаардах вэ? Хариулт нь маш энгийн бөгөөд тодорхой. Тэр нь УИХ-ын дарга Н.Учрал. Үндсэндээ спикер Н.Учрал парламентад ямар хэмжээний “операци” хийж чадна тэр хэрээр алдуурч, алсуурсан иргэдийн итгэлийг олж авна гэсэн үг. 

Өөрөө ч хоёр тодорхой зүйлийг хаврын чуулганы нээлтээр хэлнэ ээ. Эхнийх нь жирийн албан хаагчдыг бус дарга нарын тоог цөөлөх шаардлага бий болсон, дарга нар иргэдээ дээрээс биш дэргэдээс нь харах ёстойг сануулав. Удаахь нь төсвийн хэт тэлэлтийг дагасан урсгал зардал 24 их наядад хүрснийг хэлэв. Төсөв тэлэх тусам дарга нарын зарцуулах мөнгөний хэмжээ нугарч, тойрог дагасан УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол олширдог уу гэвэл тийм. Эндээс л Төрийн данхар бүтэц бий болж, төсөв тойрсон авлига, ашиг сонирхлын хулгай эхэлдэг. Ийм нөхцөлд мянга сайн хууль санаачлаад тусыг олохгүй, дарга, сайд, гишүүд төсвийг гарын салаагаар урсадгаараа урсгана. 

Гагцхүү хэдэн зуун тэрбумын дүнтэй төмөр замын хэрэг, хэдэн их наядаар хэмжигдсэн нүүрсний хулгай ийм зүйлээс эхэлсэн. Хаана мөнгөн дүн их байна, тэнд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар нь өөрийн хүнийг тавихаас эхлээд тендер цавчиж жаалдаг болохоор. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хуулийн төсөл, УИХ-ын даргын “Чөлөөлье санаачилга” хоёр зарчмын хувьд дээрээс нь эхэлж хариуцлагажуулж, цэвэрлэж, цэгцлэх агуулга, улс төрийн нүүдлийн тухайд бараг еэвэнгийн хоёр тал юм. Эцсийн дүндээ хариуцлагатай, ёс зүйтэй цомхон Төрийг бий болгох санаа. Эндээс харахад энэ хаврын чуулганы хамгийн том улс төрийн прогноз спикерийн “ОПЕРАЦИ”-аас л шалтгаалах нь!

Г.Эрхэс