Төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байна

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцжээ. Төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно." гэж тусгасныг “гучин хувь” болгон өөрчлөх, дагаж мөрдөх хугацааг “2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, У.Отгонбаяр нар Байнгын хороонд ирүүлсэн боловч дэмжлэг аваагүй. Иймд санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

 




Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, иргэдийн Төлөөгчдийн хуралд төрийн албан хаагчид сонгогдож, давхар дээлтэй болох нөхцөл бүрдүүлэх нь иргэдийн дуу хоолойг хүргэхэд саад үүсгэх эрсдэлтэйг, Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, төрийн албаны мерит зарчим алдагдуулж, иргэдийн төлөөллөөр сонгогдсон хүмүүсийг төрд албан хаагчаар давхар ажиллуулах шаардлагатай эсэхийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй, хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хүргэх талаар тодруулж асуув.

 

 

Хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаяр, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүн цөөн байдгаас шат шатанд төрийн үйл ажиллагаа саатдаг, хүндрэл үүсдэг учраас төлөөлөгчдийн тодорхой хувь нь төрийн алба хаших, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага чадавхжих боломжийг нээж байгаа хэмээн хариуллаа. Хууль хоорондын уялдаа холбоо алдагдсаны гор нь энэ хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

 


Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү Үндсэн хуулийн дараа орох том хууль учраас иж бүрэн, цогц төсөл оруулж ирэх нь чухал гэдгийг хууль санаачлагчид дахин сануулж байна гэв. Тэрбээр нутгийн өөрөө удирдах ёс бол ардчиллын үнэт зүйлсийн нэг гээд, орон нутгийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудыг дэмжих эсэх санал хураалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар явуулахаар тогтов.