Н.Номтойбаяр: А.Амундра хаана байна
УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр Гашуунсухайтын төмөр замын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний үнийн дүн 1.5 тэрбум ам.доллар. Гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Samsung LCT” компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар, нийлбэр дүнгээр 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцож улсын төсөв эзлэх хувиар тооцвол 13 хувийг эзлэх хэмжээний үнийн дүнтэй асуудал яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө.
Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өгч эхэллээ. Энэ дунд гэрээг үзэглэсэн хоёр талын буюу “Бодь” компанийг төлөөлж байсан тухайн үеийн гүйцэтгэх захирал А.Амундра хаана байна. Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал бас байна. Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарласан, Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа оргон зайлж зугтсан. Энэ асуудалд гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдсан явдал ч цагдаад бүртгэлтэй байна.
Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр шинжээчийн дүгнэлтэд үндэслэж асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлж байж. Гэвч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна.
Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой, үүнийг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж хоорондын тойрон хүрээлэл дунд асар том авлига, хулгай, өртөг хөөсрүүлэлт байна.
Тиймээс энэ асуудлыг дахин нягталж шалгах шаардлагатай гэж үзэж миний бие Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа мэдэгдэж байна. Хянан шалгах ажил хуулийн дагуу явагдаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэх зорилго агуулж болохгүй.
Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих боломжтой. УИХ-ын бусад 125 гишүүндээ энэ асуудлыг дэмжихийг уриалж байна. Харин энэ хэрэгт холбогдож, нэр нь дурдагдаж байсан гишүүдийг Хянан шалгах түр хороо байгуулах ажлын хэсэгт оруулж болохгүй. Хараат бусаар ажиллах зарчим үүнээс эхлэх ёстой” гэсэн юм.