Н.Учрал: Парламентын биш амьдралын гацаа боллоо

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдах товтой байсан ч 57 гишүүн ирснээр ирц бүрдэхгүй байдалд хүрсэн тул УИХ-ын дарга Н.Учрал хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм. 

Тэрбээр "10.00 цагаас хойш гишүүдийг чуулгандаа суухыг хүлээлээ. Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, олон улс орон түлш,эрчим хүчний хомсдолд орж хэмнэлтийн горимд шилжлээ. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд ийм цаг үед хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулж байна. Гадаадын банк оруулж ирэх, зөвшөөрлийн дарамтыг арилгах, татварын дарамтыг бууруулах, авлигачдын хөрөнгийг хураах хууль шийдлүүд хүлээгдэж байна.

Харамсалтай нь, хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш 10 хоногт УИХ ямар ч шийдэлд хүрч, шийдвэр гаргасангүй. Ажил хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг хүндэтгэж байна. Улс төр биш ажил хий, асуудал шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн өмнө сонгож дэмжсэн атлаа одоо нэг намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хууль бус шаардлагыг тавьж байна.

Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэж, баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя. Хууль тогтоох байгууллага өөрөө хуулийг ягштал баримталж, биелүүлэх ёстой. Парламентын гацаа биш амьдралын гацаа боллоо. Төр, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Ж.Батжаргал дарга хуралдаанаа зохион байгуул. МАН-ын, АН-ын төр гэж байхгүй. Улс төрийн тоглоом шоглоом болж болохгүй. Албан тушаал үнэтэй биш. Ачаагаа үүрэх хариуцлага илүү үнэ цэнтэй.

Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг Улсын Их Хурлын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа Та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье" гэсэн юм.