Н.Учрал: Монгол Улсын ДНБ 29 их наядаас 89.9 их наяд төгрөгт хүрсэн
Нэртэйгээр нь нэгмөсөн “ТЭЦ-5”-аа зогсоох уу, Ерөнхий сайд аа!
Удтал дуншсан Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн хаврын улс төр, нийгмийн уур амьсгалд бүхэлдээ шуурга дэгдэв. Санаатай нь ч байна, санамсаргүй нь ч байна. Улстөржүүлж улам дэвэргэх хэсэг байна. Угаас бүхнийг шүүмжилдэг зарим нь ч байна. Уг төсөл нь өөрөө Улаанбаатар хотын хөгжилд, тэр тусмаа түгжрэлийг бууруулахад хэрэгтэй юу, мэдээж хэрэгтэй. Үүнтэй хэн ч маргахгүй. Угаас том төслийг хэрэгжүүлэхэд улс төр, нийгмээс ийм хэмжээний улстөржилт, эсэргүүцэл ирэх нь зүй, байдаг л дүр зураг.
Үүнийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эрх биш гадарлана. Бүр хамгийн сайн мэдэх хүн. Гишүүн байхдаа ч, Хуулийн сайдаар ажиллахдаа ч тэр галтай сэдэв болгоныг атгаж явсан нь хүний өөрийнгүй олон арван дайсантай болгох хөрсийг тавьж байв. Тэглээ гээд түүнийг Төв талбайд аваачаад арай ч шонд дүүжилсэнгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэн мөн нь тодорч, хэн нь хэн бэ гэдгийг олон нийт гадарлахтайгаа болов. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар зүгээр ч нэг нэр цохож хашгираагүй, бүх факт нь бодитой, бас баримттай байсан нь улстөрчдийн гэхээсээ нийгмийн дэмжлэгийг хүлээх гол шалтгаан болсон юм.
Харин өнөөдөр тэр хотын даргын байр сууриас дахиад л гал атгаж эхэлсэн нь хаврын улс төрийн хамгийн том агуулгын нэг байх нь энэ өдрүүдэд тодорч байна. Учир нь, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоох тогтоолыг хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл өнгөрөгч өдрүүдэд нийгмийн сүлжээнд түглээ. Санаачлагч нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр гэх.
Угтаа бол нийслийн зүүнээс баруун зах хүртэл тавих энэ төслийн гол зорилго нь түгжрэлийг бууруулах. Үүнийг зөвхөн өнөөдөр л нийслэлчүүд мэдсэн юм биш. Хэдэн жилийн өмнөөс нийслэлийн түвшинд нэг бус удаа ярьж, хэлж, таниулж ирсэн асуудал. Гэвч газар шорооны ажил эхлэхтэй зэрэгцэн байгаль орчин, ундны ус эх үүсвэрт нөлөөлөх асуудал боссоноор төслийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй болоод байгаа юм. Үнэхээр асуудал байгаад олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан бол харилцан мэдээлэл солилцож, холбогдох байгаль орчны үнэлгээгээ тодорхой гаргахад л болох зүйл. Нэг үеэ бодвол нийгэм өөрөө аливаа мэдээлэлд наанатай, цаанатай ханддаг болсон цаг.
Гагцхүү Туулын хурдны замын асуудлаар далимдуулж дараа, дараагийн том төслөө тарамддаг, гацаадаг, нурааж, зогсоодог жишиг тогтвол яах вэ? гэдэг нь асуудлын гол зангилаа. Үндсэндээ Туулын хурдны замын төслийг зогсоож болсон юм чинь араас нь “ТЭЦ-5”-ын бүтээн байгуулалтыг ч нураах замаар эрх ашгаа гүйцэлдүйлж болно гэх сэтгэхүй нийгмийн гэхээсээ улстөрчдийн ой тоонд төвөггүйхэн буух магадлал нь өндөр. Гэдэг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас бууж, Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албаа өгснөөс хойш МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч парламентын үйл ажиллагаа гацаанд орсон нь саяхных.
Үүгээр зогсохгүй нийслэлийн Засаг даргын болон намын хорооны даргын албыг Х.Нямбаатараас авах акц Э.Бат-Амгалан тэргүүтнээр үргэлжлэх болсон. Үүнд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр ч Туулын хурдны замын төслийг зогсоох тогтоолын төслийг санаачилснаар орж ирж байх шиг. Өөрөөр хэлбэл, Туулын хурдны замын төслөөс улбаатай нийслэлийг чиглэсэн улстөржилт болгоны цаад шалтгаан нь ерөөсөө л Х.Нямбаатарыг ажил, албыг авах зорилготой гэдэг нь өдрөөс өдөрт уншигдах болов.
Хэрхэхийг цаг хугацаа харуулах ч энд ганцхан үнэн бий. Тэр нь хот хөгжих ёстой юу ёстой. Томоохон бүтээн байгуулалт хийж хөгжлийн гацаанаасаа гарах ёстой юу, мэдээж тийм. Гагцхүү энэ бүхэн нь хэний эрх ашиг, хэтэвчийг өнгийсөн болоод хотын дарга Х.Нямбаатарын эрхэлж байгаа албатай дүйх хэмжээнд хүрэв гэдэг нь сонирхолтой бөгөөд тохуутай. Хот гэдэг өөрөө тусдаа хуультай, төсөвтэй, нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллага нь үнэн ч улстөрчид хошуу нэмэрлэж, хуруугаа дүрээд эхэлбэл угаас ажил явдаггүй гэмтэй. Х.Нямбаатар үүнийг сайн мэднэ. Тиймдээ ч тэднээс үл хамаарахгүйгээр “Бөөрөлжүүт”, Туулын хурдны зам, “ТЭЦ-5” төслийг урагшлуулахаар улаан цээжээрээ хамгаалж яваа нь хүний өөрийн гэлтгүй намынхны эгдүүцлийг төрүүлсэн нь лав.
Бусдаар түгжрэлээс гарах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох нь нийслэл төдийгүй Монгол Улсад хэрэгтэй. Дан ганц нийслэл гэлтгүй Засгийн газрын үүрэг нь ч энэ. Гэвч МАН дахь зодооны “цус” нь нийслэл рүү үсэрч, бүр болоогүй наалдаж эхэлсэн энэ цаг үед Ерөнхий сайд Г.Занданшатар асуудлыг нэг тийш болгох бус эсрэгээрээ Туулын хурдны замыг зогсоох тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр зэхэж суугааг юу гэж ойлгох вэ? Эцэст ганцхан асуулт Ерөнхий сайд Г.Занданшатарт дайя!. Тэр нь нэртэйгээр нь нэгмөсөн “ТЭЦ-5”-аа зогсоох юм уу, Ерөнхий сайд аа!
С.Очирсүх