Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хугацааг 15 жил болгон бууруулжээ
Үдийн хоолны зардлыг 6000-6300 төгрөгөөр тооцжээ
Энэ хичээлийн жилд боловсрол, сургалтын нийт 2299 байгууллагад 1,078,756 суралцагч хамрагдаж байгаа бөгөөд үүнээс төрийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль (ЕБС)-д 739,382 сурагч, 1046 цэцэрлэгт 231,241 хүүхэд хамрагдаж, 527 дотуур байранд 34,177 хүүхэд амьдарч байна. ЕБС-ийн нийт сурагчдын 47,2 хувь буюу 349,430 нь бага ангид суралцаж байгааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал танилцуулав. Түүний мэдээлснээр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нийслэлд 4000 төгрөгөөр тогтоон, эцэг, эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцуулж байгаа бол орон нутагт 3000 төгрөгөөр мөрдөж байна. Харин ЕБС-ийн бага ангийн сурагчдын хүүхдийн хоолны зардлыг 6000-6300 төгрөгөөр, тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны зардлыг 3400 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 6000-6300 төгрөгөөр тус тус тооцож байгаа аж. Энэ нь хоол хүнснээс хүүхдийн авбал зохих шим тэжээл, илчлэгийн 60-70 хувийг хангана гэж үзэж буй юм.
Монгол Улсын 2026 оны төсөвт бага ангийн сурагчдын үдийн хоолны зардалд 141,3 тэрбум, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 122,4 тэрбум, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 60,2 тэрбум төгрөг, нийт 323,9 тэрбум төгрөг тусгажээ. Төрийн өмчийн ЕБС-ийн 425 буюу 60.5 хувь нь “Үдийн хоол”-ны хангамжийг нээлттэй тендер шалгаруулалтаар, 277 буюу 39.5 хувь нь зах, худалдааны төв болон иргэдээс худалдан авах хэлбэрээр зохион байгуулж байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгт хүнсний худалдан авалтыг Ерөнхий гэрээнд шилжүүлснээр 2025 онд 444.9 сая төгрөг, цэцэрлэгийн гал тогтоонд цахим хяналтын систем нэвтрүүлснээр 26 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.
Ханган нийлүүлэлтийн тендерт шаардлага хангасан оролцогч, аж ахуйн нэгжийн тоо цөөн, жижиг, дунд хоршоодын чадамж муу, шалгарсан аж ахуйн нэгжээс нийлүүлж буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, захиалсан хугацаанд нийлүүлдэггүй, үнэ тогтворгүй зэрэг гэрээнд заасан үүргээ зөрчих асуудлууд гарсаар байгааг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдаж, ялангуяа орон нутагт тендерт оролцох аж ахуйн нэгжийн оролцоо дутмаг, нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, зарим тохиолдолд зах, худалдааны төвөөс худалдан авахаас аргагүй болж байгаа нь хордлого, халдвар гарах эрсдэл үүсгэж буйг тэмдэглэлээ.
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байгаагийн 479 буюу 65.8 хувь нь стандартын шаардлагад нийцсэн, 248 буюу 34.1 хувь нь шаардлага хангаагүй байгаа юм. Нийт сургуулийн 83.6 хувь нь ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангагдсан боловч төрийн өмчийн сургуулиудад 81 хүүхэд тутамд нэг төхөөрөмж ногдож байгаа нь стандарт шаардлагаас зургаан хүүхдээр хэтэрсэн байна. Иймд бүх сургуулийг ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангах, хүчин чадлыг стандартад нийцүүлэх, усны чанарт хяналт тавьж, урсгал засвар, үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал мэдээлэлдээ дурдав.
Энэ оны улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтанд орох сургууль, цэцэрлэгийн 138 барилга, байгууламжид гал тогооны тоног төхөөрөмжөөр хангахад 4.6 тэрбум төгрөг, нөхөн тоноглох шаардлагатай 70 сургууль, цэцэрлэгт гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр 2.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч, олгохоор ажиллаж байгаа аж. Мөн эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан жишиг гал тогоо байгуулах ажлыг КОЙКА байгууллагатай хамтран нийслэлийн 10 сургуульд хэрэгжүүлж байна. Улсын төсвийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 328 сургууль, 224 цэцэрлэгт аяга, таваг угаагч төхөөрөмж олгожээ.
Төрийн болон хувийн хэвшлийн нийт 900 ЕБС-д энэ хичээлийн жилд 319 хоолзүйч, 1722 мэргэжлийн тогооч, 1202 туслах тогтооч ажиллаж байгаа юм.
Улсын хэмжээнд 2025 оны байдлаар ЕБС-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлж буй үндэсний үйлдвэрлэгч, цехийн тоо 1,775 болж өргөжсөн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлдээ дурдав. Эдгээрийг нийлүүлэлтийн сүлжээнд холбож, хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамруулж эхэлснийг тэрбээр танилцуулж, 2025 оны байдлаар ерөнхий гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн тоо 17 болж, эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 257 сургууль, цэцэрлэгийн 11.5 тэрбум төгрөгийн төсөвт захиалгыг ханган ажиллаж байгааг хэллээ.
Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажилд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 593 сургууль, цэцэрлэгийг хамруулж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилт, тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтын горимд хяналт тавихад 1,787 зөрчил илэрсэн байна. Үүнд төрөлжсөн агуулахгүй, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, технологийн карт, шим тэжээлийн үзүүлэлтийг бүрэн баталгаажуулаагүй, хүнсний нэмэлт, амтлагч зэргийн бүртгэл, баталгаажуулалтыг хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хяналт, шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 48.9 хувь нь хоол зүйчгүй буюу дотоод хяналт сул байна.
Өнгөрсөн онд олон нийтэд танилцуулсан “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн VI судалгаа”-гаар ЕБС-ийн сурагчдын 2.6 хувь нь өсөлт хоцролттой, 2.3 хувь нь туранхай, 19.6 хувь нь илүүдэл жинтэй, 6.2 хувь нь тарган гэсэн дүн гарчээ. Эрүүл мэндийг сайдын 2021 онд баталсан сургуулийн орчинд хүнсний зарим бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох тухай тушаалын хэрэгжилт ямар байгааг нийслэлийн дүүргүүдэд 25 сургуулийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгахад 87.5 хувьтай гарсан байна. Улсын хэмжээнд 2025 онд хоолны хордлогын таван тохиолдолд нийт 500 гаруй хүүхэд өртсөнөөр 228 нь хэвтэн эмчлүүлсэн хэмээн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээллээ. Тус яамнаас ЕБС-ийн хоол тэжээлийн орчны үнэлгээг нийслэл Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Дорнод, Увс аймагт хийхэд хүүхдийн өсөлт, хөгжлийг лэмжих сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүнсний ногоогоор дутмаг гэсэн дүгнэлт гарсан байна. “Үдийн хоол”-ны илчлэг 394.7 ккал (доод тал нь 1200 ккал байх ёстой), уураг 17.5 грамм, өөх тос 12.0 грамм, нүүрс ус 54.1 грамм байгаа нь зөвлөмж хэмжээг хангахгүй байгаа юм.
Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг эрсдэл бүхий 310 сургууль, цэцэрлэгт хийхэд их, бага 5082 зөрчил илэрсэн байна. Эдгээрийн 3400 буюу 66.9 хувийг газар дээр нь арилгуулж, 30 иргэн, аж ахуйн нэгжид 26.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Төлөвлөгөөт бус буюу иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлын дагуу хийсэн 75 аж ахуйн нэгж, 20 иргэний үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 576 зөрчил, дутагдал илрүүлсний 78 хувийг арилгуулсан байна. Хүнс ханган нийлүүлэгч “Асхат”, “Өсвөр үе”, “Хүнс хангамж”, “Багачууд хүнс” нийслэл өмчит аж ахуйн нэгжүүдийг үнэлэхэд хоёр нь их, хоёр нь дунд эрсдэлтэй үнэлэгджээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд 1-5 дугаар ангийн 341.9 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар тооцож, хоолны түүхий эд, материалын зардалд 141.3 тэрбум төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд нийт 67.4 тэрбум төгрөгийг тусгасныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай танилцуулав. Засгийн газраас төсвийн боломжтой уялдуулан дунд хугацаанд “Үдийн хоол” хөтөлбөрийн хамрагдалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр дурдаж, хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагчид хариуцуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хувийн хэвшлийг оролцуулах зэргээр аль болох богино хугацаанд хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн хүчин чадлыг төсөвт дарамт багатай, үр ашигтай байдлаар шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.
“Боловсролын дэлхийн түншлэл” олон улсын байгууллагын 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2022-2025 онд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл” хэрэгжүүлсний 1.8 сая ам.доллар (ойролцоогоор 6.5 тэрбум төгрөг)-ийн төсвөөр Улаанбаатар хот болон орон нутгийн 45 ЕБС-ийн гал тогоог шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр иж бүрэн тохижуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулсан байна. Мөн ЕБС-уудад ажиллах 36 мэргэжлийн хоол зүйчийг 1–1.5 жилийн, 60 тогоочийг танхим, дадлага хосолсон сургалтад тус тус хамруулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлж, сурагчдад зориулсан гарын авлага, “Хоол тэжээлийн тусгай хэрэгцээт хүүхдийн хооллолтод дэмжлэг үзүүлэх аргачлал”-ыг боловсруулж, зорилтот сургуулиудад хүргүүлсэн байна.
Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад Боловсролын сайдын багцад нийт 2.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаны дотор шинээр ашиглалтад орох 79 ерөнхий боловсролын сургууль, 15 дотуур байрны гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэл Улаанбаатар хотын төрийн өмчийн 158 ЕБС-д “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийн 116 нь өөрийн гал тогоотой байна. Түрээсийн хэлбэрээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 42 сургуулийн зургаа нь буюу “Эрдмийн оргил”, “Боловсрол”, 41, 4, 79, 123 дугаар сургуулиудад Боловсролын яам, КОЙКА байгууллагын төсөл хэрэгжүүлж байгаа, гурав нь буюу 30, 111, 89 дугаар сургуулиуд гал тогоогүй, 39, 65, 184, “Эрдмийн ундраа” сургуулиуд гал тогооны тоног төхөөрөмжгүй, 29 сургуульд хүний нөөц, цалин хөлс хүрэлцээгүй байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа.
Нийслэлийн өмчит хүнсний хангамжийн үйлдвэрийн газрууд 140 гаруй нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг нээлттэй тендерийн аргаар худалдан авч, сургуулт, цэцэрлэгүүдэд нийлүүлж буй бөгөөд нийт үйлчлүүлэгчдийнх нь 90-ээс дээш хувь буюу 286 нь цэцэрлэг байна. Ердөө 31 ЕБС нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаас худалдан авч байна.
Дүүрэг хороод, мөн эцэг, эхийн оролцоотойгоор нийслэлийн 13 ЕБС-ийн 19400 сурагчийг хамруулсан “Сүү” хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сараас хэрэгжүүлж байгааг Засаг дарга танилцуулгадаа дурдаж, энэ онд бага ангийн бүх хүүхэд буюу 188,874 сурагчдыг “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж, долоо хоногийн 2-3 өдөр сүү өгөх зорилтот төсөлд нийслэлийн төсвөөс 8.9 тэрбум төгрөг зарцуулж буйг танилцуулсан юм.