С.Амарсайхан: Улс орны төлөө ачаа үүрч болно

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын дараагийн даргад нэр дэвшигчид С.Бямбацогт гишүүнийг олонхын саналаар дэмжсэн. Улмаар УИХ дахь намын Бүлгийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд 95 хувийн саналаар дэмжлэг хүлээсэн юм. Энэ үеэр түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан гишүүнийг өөрийн саналаар нэрээ татсан гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Гэвч энэхүү мэдээллийг С.Амарсайхан гишүүн үгүйсгэж, мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй. Нэрээ дэвшүүлээгүй, өрсөлдөөн бий болоогүй учраас нэрээ татах тухай асуудал яригдаагүй. Гадаад орчин нөхцөл ээдрээтэй, улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байгаа энэ цаг үед Монгол Төрийн бодлого эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах ёстой. 

Алдсан бол засаж, маргасан бол зөвшилцөж, эвсэж улс орныхоо асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнээс биш өөрийгөө дэвшүүлээд, хэн нэгнийг дэмжсэн асуудал байхгүй. 

Улс төрийн нам, бүлэг улстөрчдийн асуудал биш. Эвийг зангидан гэдэг бол үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд ёс жудагтай, зарчимтай шударга, нээлттэй үзэл бодлын нэгдлийг хэлдэг. Наашаа нэг юм харж хэлээд цаашаа өөр юм яриад явдаг асуудал байж болохгүй. Хэрэв хоёр талд хуваагдсан гэж байгаа бол энэ нэг намын асуудал биш болсон.

Ерөнхий нарийн бичгийн дарга тийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. 30, 38 бүлгээр хуваагдсан асуудал нийгэмд ил тод болсон зүйл. Тиймээс нэгдэж улс орны эрх ашгийг бодох тал дээр байр сууриа илэрхийлж ирсэн.

30, 38 гэдэг талцал хуваагдлаа зогсоогоод улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж улс орны төлөө нэг хүнийг нэр дэвшүүлээд явбал би ачаа үүрээд явж болно. Талцал хуваагдлыг өөхшүүлж болохгүй" гэсэн юм.