Нэгдүгээр тойрог зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцоно
Сурагчид өдөр бүр эрүүл мэндэд хортой орчинд суралцдаг
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Т.Мөнхсайхан нарын гурван гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нар тус тус танилцуулав.
Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан танилцуулгадаа, Монгол Улсын хүн амын 36.2 хувь буюу 1.3 сая нь хүүхэд бөгөөд энэ хичээлийн жилд 820 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д суралцаж байна. ЕБС-д суралцагчдын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан шүдний өвчлөл бол амьсгал, хоол боловсруулах замын өвчлөл өндөр, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа юм. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 6-18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5 хувь буюу 33689 нь сургуулийн орчинд болсныг дурдав.
НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2024 онд хийсэн судалгаанд ЕБС-ийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй автозамтай ойр, 76 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утасны эрсдэлтэй, 73 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй байна. Мөн ЕБС, цэцэрлэгийн барилгад засвар хийсний дараа будаг, бусад материалаас ялгардаг формальдегидийн хэмжээ зохих түвшингээс 2-3, бензол 3.5 дахин их, хар тугалга 2-5, хром 2.3 дахин хэтэрсэн байгааг орчны судалгаагаар тогтоосон байна. Эдгээр бодис хорт хавдрын эрсдэл, дархлаа сулрах, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх, амьсгалын замын архаг өвчин ихсэх эрсдэл дагуулж буй юм. Түүнчлэн PM2.5 тоосонцрын хэмжээ байх ёстойгоосоо 8-9 дахин их байгаа нь сурагчид өдөр бүр эрүүл мэндэд хортой орчинд суралцаж байгааг илтгэн харуулж буй үзүүлэлт гэдгийг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна.
Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт анхаарал татах түвшинд хүрээд байгаа ч өнөө хэр тодорхой зохицуулалтгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бие махбодын хүчирхийллээр хязгаарлагдахгүй сэтгэл зүйн дарамт, доромжлол, гадуурхалт, мөн цахим орчин дахь дарамт зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Гэмтсэн, бэртсэн, нас барсныг тоон дүнгээр илэрхийлж болох боловч хүүхдийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрийг тэр бүр илрүүлж, хэмжиж, арга хэмжээ авч чадахгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан танилцуулгадаа онцоллоо.
Иймд ЕБС-ийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих эрх зүйн үндэслэл бий болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд дээрх харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн ялгаварлан гадуурхахгүй, тэгш, хүмүүнлэг, нууцлалыг хангаж, суралцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмаар зохицуулах, Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн нэгдсэн бодлого, түүний төлөвлөгөө, тогтмол үзлэг шинжилгээ, эрт илрүүлэлт, яаралтай тусламжийн бэлэн байдал болон бусад арга хэлбэрээр суралцагч, багш, ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг системтэй хамгаалах, үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаталсан тогтолцоогоор сургуулийн орчны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн чадвар олгох, сэтгэл зүйн болон нөхөн сэргээх дэмжлэг үзүүлэх, орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.