Нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгоно

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд илтгэсэн юм. 

Хяналтын сонсголыг явуулсантай холбогдуулан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн олон нийтээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авахад, 38 иргэнээс 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал ирүүлсэнд хууль зүйн шинжилгээ хийгээд, бодлогын түвшинд шийдвэр гарган үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг удаагийн бус дахин давтан үйлдэгддэг, тогтолцооны шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч, хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул Улсын Их Хурал бодлогын шийдвэр гаргаж, үе шат бүхий цогц хэлбэрээр арга хэмжээ авах шаардлагатай хэмээн тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Энэхүү тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт, бие даасан хяналтын механизм бий болгох, эрүүгийн процессын тогтолцооны суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэв. 

Иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангаж, цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч, нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, прокурорын болон шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох ажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Тэмүүжин, О.Номинчимэг, Х.Баасанжаргал нар асууж, үг хэлсэн. Эрүү шүүлтийн улмаас хохирсон иргэдтэй биечлэн уулзаж, хууль зүйн шинжилгээ хийсэн Ажлын хэсэг сайн ажилласан гэж гишүүд үнэлэв. Тогтолцооны түвшинд өөрчлөлт хийх шаардлагатайг анх удаа парламент ийн тогтоож, шийдвэр гаргах гэж байгааг, эрүү шүүлтийн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр өргөн мэдүүлдэг “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусгасан асуудлууд, санал, зөвлөмжид анхаарч шийдвэр гаргах, буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх, “хар жагсаалт” гарган зарладаг болох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Аливаа хууль, тогтоолын шийдвэрийн биелэлтийг иргэдийн амьдралд ямар өөрчлөлт, ахиц авчрав гэдгээр үнэлж, Засгийн газрын тайлан шаардлага хангаагүй бол хэлэлцэхгүй буцаадаг, биелэлт хангалтгүй тохиолдолд хариуцлага тооцдог болмоор байна гэв.

Хуралдааны үеэр, парламентаас гарсан шийдвэр бүрээр хэрэгжилтийг нь үнэлж, байгууллага тус бүрээр гаргаж, өгөхийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газарт даалгасан юм.