Д.Батлут: Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно
Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэж заасны хэрэгжилтийг хангах хүрээнд боловсруулжээ.
Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/12 дугаар тушаалаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үнэлгээний тайланг хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу тус хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох нөхцөл үүссэн тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан байна. Улсын нисэхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудад улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг харгалзан улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, чиг үүргийг нь хуулиар тодорхойлох, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан тусгах, агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут илтгэв.
Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргийг төсөлд нарийвчлан тодорхойлсон онцлогтой ажээ. Шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулж, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Үүнийг баталснаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй, эрх зүйн зохицуулалтын үр нөлөө, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин, хяналт сайжирч, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилна хэмээн онцлов. Хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ч.Анар гишүүн танилцуулсан.