Н.Учрал: Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжил
Ц.Сандаг-Очир: Нийт 7,2 га талбайд дунд насны улиас, бургасан ойг сүйтгэсэн
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээ”-ний талаар танилцуулсан. Тэрбээр Туулын хурдны замын төслийн хүрээнд илэрсэн зөрчлүүдийн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцууллаа.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухайд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Мон газар экологи" ХХК 2025 онд хийж гүйцэтгэсэн гэдгийг Ц.Сандаг-Очир сайд дурдаад салбарын яамны Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, нэмэлт, өөрчлөлт засвар хийж баталсан гэж байлаа. Энэ хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг албажуулсан байна.
Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г салбарын яамнаас батлаагүй байхад "Хао юань женерал констракшн ГХО" компани төслийн үйл ажиллага эхлүүлсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаа тушаалаар баталсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 3.1-д дэх заалтыг зөрчсөн тул сайдын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар "Туулын хурдны зам төсөл"- ийн үйл ажиллагааг түр зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгож шийдвэрлэсэн гэж байлаа.
Мөн “Хаоюань Женерал Констракшн” ХХК нь Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БО 01/26-18 дугаартай гомдол, мэдээлэл, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БО 01/26-27, БО 01/26-28 дугаартай гомдол, мэдээллийг тус тус бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын 2602000269 дугаартай зөрчлийн хэрэг нээн хуульд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Түүнчлэн тус компани мод тайрах, зөөвөрлөн тээвэрлэх туслан гүйцэтгэх гэрээг "Дорно улзын мандал" ХХК-тай байгуулсан боловч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу өсвөр залуу модыг шилжүүлэн суулгахгүйгээр тайрч огтолсон нь нийт 7,2 га талбайн дунд насны улиас, бургасан ойг сүйтгэсэн байна. Туслан гүйцэтгэгч "Дорно улзын мандал" ХХК-ийн гаргасан зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БО 01-26/27 дугаар зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2602000295 дугаар зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь заалтад зааснаар 500 нэгж торгууль, хохирол нөхөн төлбөрт 352,233,185 төгрөгийн шийтгэлийг оногдуулсан гэдгийг онцолж байлаа.