Х.Баттулга: Тусгаар тогтнол бол гүн утга, өргөн агууллагатай үг

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт Сүхбаатарын тайлбайд уншлаа.

Энэхүү шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг уг шүлгээр дамжуулан илэрхийлдэг уламжлалтай болоод нэг жил болж буй. Үүнээс гадна Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүр уншиж хэвших нь Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.

Тус шүлгийг уншсаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Тусгаар тогтнол бол гүн утга, өргөн агууллагатай үг. Та бидний олон мянган жилийн түүх соёл, уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ялалт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол гэдэг энэ үгэнд эх орон, өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл шингэж, Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг. Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрт олдоггүй эрхэм нандин боломж билээ. Олон арван саяар тоологдох хүн амтай үндэстэн хүртэл олон зуун жилийн турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцээд тусгаар тогтнолоо олж чадаагүй жишээ олон бий” гэлээ.