Эсгийн дээр "амилдаг" үлгэр

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж  “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ “Бобуудай” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Өлзийдүүрэнг урьсан юм.


Англи хэлний багш мэргэжилтэй айлын эзэгтэй бүсгүй хоёр хүүхдийн ээж. Охиноо төрүүлчихээд гэртээ байхдаа хүүдээ зориулж эсгий ном хийсэн  нь эко бүтээл туурвих ажлын эхлэл байв. Ж.Өлзийдүүрэн хүүхүүдээ өсгөхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлэх онлайн сургалтад суусан гэнэ. “ Мөрөөдөх эрхтэй бүсгүй” группт санаандгүй явж байгаад орчихсон байсан. Тухайн үед Зуугий багшийн Хайрын 5 хэл, Мөрөөдөх эрх номных нь көүчийн сургалтанд суугаад төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн зөвөөр давж гарах боломж байгааг ойлгосон. Номноос хамгийн таалагдсан хэсэг бол “Хүн болгон энэ хорвоод ямар нэгэн зорилготой ирдэг” гэсэн өгүүлбэр байсан. Түүний дараа гэртээ байх хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлэхээр шийдэж юу хийх вэ гэж бодож хайлт хийсний үр дүнд эсгийгээр ном хийх санаа төрсөн дөө. Интернэтээс эскиз зургаа олсон. Түүний дараа материал цуглуулахад маш их хугацааг зарцуулсан” гэв.

No description available.

Аливаа ажлыг хийхэд төлөвлөлт төлөвлөгөө  маш чухал.  Тиймээс Ж.Өлзийдүүрэн номоо хэрхэн хийх талаар судалгааны ажлыг хэсэг хугацаанд хийсэн байна. Түүний бүтээлийн хамгийн чухал зүйл бол эсгий. Эрэл сурал хийж явсны эцэст эсгийгээр тоглоом хийдэг болон эсгий бүтээгдэхүүний сургалт явуулдаг багштайгаа танилцаж, зөвлөгөө авсан гэдэг. Мэдлэгээ тэлж, эсгий бүтээл туурвихын тулд хоёр сарын сургалтад сууж, олон зүйлийг мэдэж авчээ. “Хүүдээ зориулж эсгий ном хийхэд дөрвөн сарын хугацаа зарцуулсан. Хайр, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүтээл. Анхны бүтээл болохоор алдаа оноо ихтэй болсон. Гэхдээ харах бүрт хайр мэдрэгддэг” гэв.  Урт хугацааны эрэл хайгуул судалгаанд үндэслэж дөрвөн сарын хугацаанд анхныхаа бүтээлийг хийсэн бүсгүй өдгөө нэг номыг 7-10 хоногт л хийдэг болсон гэнэ.

No description available.

Эрүүл эко хүүхдэд ээлтэй номоо өнөөдөр өнгө загварын өргөн сонголттой урладаг болжээ.  Хийх тусам арга барилаа  олсон ч цаг тутамд хийц, загвараа сайжруулж ажилладаг байна. “Ажил хийж байгаа болохоор алдаа гаргана. Алдаа нь дээрээ суралцаж, засч сайжруулахыг хичээдэг. Сая би динозаврын захиалгаа хоёр удаа хийсэн. Анх хийсэн динозавр маань толгой нь томдсон бие нь хэт жижигхэн болчихсон. Эсгий нь хувьд ч асуудал үүссэн. Тиймээс дахиад хийж өгсөн.  Дахин хийсэн динозавр маань их хөөрхөн болсон. Миний хийсэн бүтээл хэрэглэж байгаа хүндээ сэтгэл ханамжийг бэлэглэж байгаасай гэж үргэлж хүсдэг” гэлээ. Эсгий бүтээгдэхүүн хүүхдийн биед ээлтэйгээс гадна эко хүний биед элдэв харшил өгдөггүй зэрэг олон давуу талтай. Малынхаа ашиг шимийг эрт үеэс эдүгээ хүртэл хүртсээр ирсэн монголчууд бид цагаан алт гэгддэг ноос, ноолуураараа гоёсоор ирсэн. Эсгий эко ном хийхэд ноос шаардагдана. Түүхий эд элбэг учир материал тасалдах зовлон огт байхгүй. “Бобуудай” монгол эсгий номоор эцэг эхчүүд энхрий үрсээ зургаан сартайгаас нь эхлүүлж тоглуулах боломжтой гэнэ.   Ном хийхэд ажиллагаа ихтэй. Нэг үгээр хэлэхэд бүхий л ажлыг гараар хийдэг байна. Анх онлайн сургалтанд сууж,  түүхий эд материал авах мөнгөө ханиасаа авчээ. Харин эсгий бүтээгдэхүүн хийхэд голлох чухал зэвсэг болох  ноос самнагч машинаа авахдаа хадгаламжинд байсан хүүхдийнхээ  мөнгөөр авсан гэдэг.

No description available.

“Эсгий хийхэд хамгийн чухал зүйл бол ноосоо самнах явдал юм. Ноосоо самнаж жигд зулснаар эсгий нь илүү жигд гоё болдог байгаа. Тэгээд ноос самнадаг машин хайж байгаад  гадаадаас орж ирсэн  ноосны машин авсан. Хоёр хүүхдийнхээ мөнгийг үрэлгүй хадгалж байсны ачаар авч чадсан. Хамгийн хэрэгтэй зүйл бол оёдлын машин. Ээж минь амьд байхдаа аваад хэрэглэж амжаагүй  цахилгаан оёдлын машинаар одоо бүх номоо оёдог” хэмээв.  Ном жижиг дитель ажиллагаанаас бүтэхээс гадна олон эд ангиас бүрдэнэ. Ж.Өлзийдүүрэн номынхоо эд ангийг оёдлын машин болон гараар нямбайлан оёно. Ингэснээр бат бөх, эдэлгээтэй болдог аж.

“Ном маань хэвлэмэл номноос ялгаатай тал нь гараар хийгддэг учраас цаг их шаарддаг. Хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх зорилгоор үдээс үдэх, товчлох, наах, эвлүүлэх гээд маш олон ажиллагааг нэг номонд багтааж өгсөн байдаг.Би номныхоо загварыг үргэлж шинэчлэн сайжруулж захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн цорын ганц содон бүтээл хийхийг хичээдэг. Одоогоор монгол эсгий номны гурав, номын хавчуурганы тав, тааран даавуун номны нэг загвар гаргасан.  Мөн нар сар од танин мэдэхүйн карттай гудас хэлбэртэй тоглоом, хүний биеийн эд эрхтэнг таниулах тоглоомын загвар хийж байна.

No description available.

Эсгий хуруун тоглоом болон чихмэл тоглоом захиалгаар хийж байгаа” гэсэн юм. Үрдээ зориулж хийж эхлүүлсэн эсгий ном нь өдгөө ээжүүдийн дунд трэнд болохуйц хүүхдэд ээлтэй оюун ухаан хөгжүүлэгч орчин үеийн хэв шинжийг агуулсан эрэлттэй бүтээл болж хувиржээ.  “Ажил хийвэл Ам тосдоно” гэсэн ардын сайхан үг бий.  Хийж буй бүтээл бүртээ бүртээ сэтгэлээ шингээж, ухааны цараар урладаг уран бүсгүй Ж.Өлзийдүүрэн монгол эсгий номоор олон хүүхдийн оюуныг мялааж, ээжүүдэд эсгий  бүтээл хэрхэн хийх сургалтаа зохион байгуулж, өөрийн сурсан мэдсэнээ өрөөл бусдад зааж өгч урлангаа нээх хэтийн зорилго өвөртлөн ажиллаж байна.  Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Хэдхэн сарын дараа энхрий үрсэд зориулсан эсгий бүтээлийн урлантай болох ерөөл өргөе.

                                                                               С.Ичинхорлоо

No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.