Тэмээн жингийн цувааны эзэн

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Д.Өлзийхишигийг урьсан юм.


Тэрбээр үндэсний өв соёл монгол ахуйг илтгэсэн  “Нүүдэлчин Монгол” урландаа тэмээн жингийн цуваа, ингэ сааж суугаа эмэгтэй, таван хошуу малыг эсгийгээр урлаад 22 жилийг үджээ. Дуу хуурын нутаг Дундговь аймгийн Өлзийт суманд төрж, өссөн тэрбээр хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үе дамжсан тэмээчин гэрбүлд өсч торнисон болохоор тэмээн сүргийн говьдоо хайртай байх нь аргагүй биз ээ. Тиймдээ ч энэ урлалд амьдралынхаа олон жилийг зориулжээ.

Сумынхаа сургуульд багшилж, сурагчдадаа зүү ороох, зээгт наамал, монгол дээл урлал, нэхмэл, шүлжмэлийн  хичээлийг зааж, сурган хүмүүжүүлэх их үйлст гар бие оролцож явсан. Багын өвөрмөц сэтгэлгээтэй, шинэ зүйлийг сэдэж хийх сонирхолтой байсан тэрбээр 1998 онд ахлах ангийн сурагчдадаа эсгий хийх уламжлалт аргыг зааж өгөх зөвшөөрлийг Баттөмөр захиралаасаа  авч, өвлийн хүйтэнд сургуулийн гал тогоог ашиглан том тогоонд  ноосоо халааж, орны пүрш дээр савж, задалж, хатааж байсан хөгжилтэй түүх тохиолдож байсан гэдэг.

Уран удмаас гаралтай Д.Өлзийхишиг сумынхаа сургууль, цэцэрлэгт анхны бүтээл болох  хэвтээ тэмээ, алаг эрээн алчуураар хийсэн бар, туулайгаа дурсгаж байжээ.

No description available.

Аливаа ажлын эхлэл, анхны бүтээлийг судалгаанд үндэслэж, урт хугацааг зарцуулна. Оюун ухаанаасаа ургуулж гаргасан бүтээл нь одоо олны мэлмийг баясгаж байна.

Тэрбээр 2001 онд аймгийн төвд ирж эсгий хийх тоноглол дээр суралцсан гэнэ. Даавуу, драпаар хийж эхэлсэн тэмээгээ эсгий технологид шилжүүлж чаджээ.  Зогдорыг нь хийх үс хот руу захихад оюутан дүү нь цагаан тэмээнд тохирохгүй бараан өнгийн үс авч өгсөн гэдэг. Тухайн үед түүхий эд материалын олдоц хомс. Олон сар хадгалж, эхлүүлсэн ажлаа дуусгахаар эрэл хайгууль хийсний хүчинд анхны эсгий тэмээгээ “эх барьж” авчээ. “Мерси кор” олон улсын байгууллагын ажилчин гадаад эмэгтэй “Гоё хийжээ” хэмээн магтаад тэмээг тэврээд үнсээд байсан нь түүнд их урам зориг, урагшлах хүчийг өгсөн ч байж мэдэх юм.

Нэг бүтээл хийхэд хэмжээнээсээ шалтгаалаад нэлээд олон цагийг зарцуулна. 3-4 шат дамжлагаар дамжиж  гар ажиллагаагаар бүтдэг. Бүтээл бүр өөр өөрийн гэсэн онцлог, өв соёл, уламжлалыг агуулсан ур хийцтэй. Тиймээс ажиллагаа их шаардахаас гадна мэдрэмж, мэдлэг, ур дүй, уран сэтгэмж хэрэгтэй. Эсгийгээр бүтээл хийдэг учир түүхий эдийн олдоц харьцангуй сайн. Түүнчлэн бүтээл бүртээ янз бүрийн материалыг ашигладаг аж.  

No description available.

Монголчууд дуусашгүй дундаршгүй их өв соёлтой ард түмэн. “Нүүдэлчин Монгол” бүтээлийг говь нутагтай танилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчид худалдан авдаг нь эгэл жирийн эмэгтэйн эсгий бүтээл түүхэн дурсгал болон үлдэх нь дамжиггүй биз ээ.

Үндэсний үнэт түүхийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх туйлын хүсэлтэй Д.Өлзийхишигийн урлан  урын сандаа 80 гаруй төрлийн бүтэээлтэй. “Сэтгэлээ шингээж хийсэн бүтээлээ эзэнд нь өгөх мэдрэмж хамгийн сайхан. Хүмүүсийн урамшуулж магтсан урамын үгс улам хичээх үүргийг надад өгдөг” хэмээн инээмсэглэх түүний бүтээлээс говьд тэмээн жин тээгээд тэнгэрийн хаяа ширтэх буурал өвгөдийн дүр зураг л  харагдах аж.

С.Ичинхорлоо

No description available.

 No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.