“Капитал” банкны 250 ажилтанд халах мэдэгдэл хүргүүлжээ

Капитал банк дампуурсантай холбоотойгоор 250 гаруй ажилтныг ажлаас халах тушаалыг өнөөдөр гаргажээ. Энэ талаар “Капитал” банкны эрх хүлээн авагч М.Адилбиш “Банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс олгох ёстой. Ажил нь явж байсан байгууллага учраас тэнд хөдөлмөрийн харилцаа үүсээд тэнд ажиллаж байсан 250 гаруй ажилтны асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Өнөөдөр банкны ажилтнуудыг ажлаас халах мэдэгдэл хүргүүлсэн” гэв.

Сануулахад Монголбанкнаас Капитал банкийг албан татан буулгасантай холбоотой асуудлаар энэ сарын 8-нд мэдэгдэл гаргасан байдаг.

Мэдэгдэлд “Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.

Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсны дараа:

-20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна.

-20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ” гэсэн юм.