Долоо дахь үрээ хүлээж байгаа "Завгүй ээж"

Олон хүүхэд төрүүлж, одон энгэртээ гялалзуулах сайхан. Үрсээ эрүүл саруул өсгөж, зөв хүн болгон хүмүүжүүлэх нь ээжүүд бидний үүрэг. Олон хүүхэдтэй байх тусмаа амьдралын оролцоо, үүрэг хариуцлага асар их нэмэгдэнэ. Өглөөнөөс, үдшийн бүрий хүртэл нэг ажлаа хэдэн арав давтан хийж, хэлэх үгс нь мөн адил олон удаагийн давтамжтай үргэлжилдэг ч бяцхан үрсүүд инээмсэглэж байх нь эх хүний энгүй их жаргал билээ. Хүүхдүүдтэйгээ өдрийг өнгөрүүлдэг ээжийн хийдэг ажлыг энд эгнүүлэн бичвэл барагдашгүй.

Ирээдүйн эх орны эздийг өсгөж, хүмүүжүүлж яваа эгэл жирийн ээжүүдийг онцолдог “Завгүй ээж” цуврал сурвалжлагын анхны зочноор хязгаарын Ховд аймгийн Үенч сумын “Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой залуухан бүсгүй Н.Отгонцэцэгийг онцолсон юм. Тэрбээр хайрт хань, зургаан хүүхдийнхээ хамт амьдардаг. Тун удахгүй долоо дахь үрээ төрүүлэхээр тэсэн ядан хүлээж байгаа ээж.

Аймгийнхаа дулааны станц ТӨХК-д химийн цехийн инженерээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авчээ. Хань Б.Анхбаяр нь төрийн албан хаагч. Тэдний хайрын рамонс 2005 онд эхэлсэн байна. Арван жилийн сурагч охин, амьдралынхаа ханийг хилийн  0130 дугаар ангид цэргиин алба хааж байхад нь танилцжээ. Сурагч, цэрэг хоёр хайр сэтгэлээ холбоход мартагдашгүй олон дурсамж тэдний сэтгэлд хоногшин үлдэв. Гар утас, интернэтгүй үеийн дурлалын эзэд хоорондоо захидлаар харилцана. Цэргийн алба хаагч Б.Анхбаярт цаас олдохгүй кордан дээр бичсэн зурвасаа тоосгон хашааны завсар үлдээнэ. Товлосон өдрөө тогтсон цагтаа болздог байжээ.

No description available.Наймуулаа бужигнаж байтал цагийн зүү унтах болсныг сануулна

Танилцсанаас хойш хоёр жилийн дараа буюу 2008 онд анхны хүүхдээ төрүүлснээр “ЗАВГҮЙ ЭЭЖ”-ийн амьдралын хэмнэл эхэлжээ. “Би 2007 онд оюутан болж байлаа. Удалгүй анхны хүүхдээ олж, хадмынхаа гэрт амьдарч эхэлсэн. Дөрвөн сар орчим амьдраад уламжлалт ёсоор сүү, хадаг тавьж,  хань минь өргөө цагаан гэрээ бэлдэж, 2008 оны зургаадугаар сарын 1-нд албан ёсоор хуримлаж, гал голомтоо бадрааж, өрх тусгаарлаж байлаа. Үерхэж байхдаа ирээдүйн амьдралын талаар ярилцахад хань маань “Хүүхэдтэй болохыг хүсдэг” гэж их ярьдаг байсан. Жирэмсний тестний хоёр зураасыг хараад маш их баярласан. Аав ээжээсээ айсан. Өөрөө хэлж чадаагүй ч ханиараа хоёр ээждээ хэлүүлэхэд баяртай хүлээж авсан”  гэв.

Н.Отгонцэцэг залуу насандаа олон хүүхэд төрүүлсэн аз жаргалтай ээж гэж өөрөөрөө бахархдаг гэдгээ онцолж байсан юм. Аав, ээж хэмээх эрхэм алдрыг хариуцлагын хамт авчирсан айлын ууган хүү 3300 грамм төржээ. Хүүгээ энгэр дээрээ тавихад төрөх үеийн өвдөлт мартагдаж, нөхрийнхөө жижиг хувилбарыг харахдаа амьдралын сайхныг мэдэрчээ. Энэ үеэс эх хүний хүндтэй хэрнээ, хариуцлагатай албаны эзэн болж өдгөө таван хүү, нэг охиноор бүл нэмж, өнөр олуулаа болжээ. Гэр бүлдээ гэрэл нэмж ирсэн бяцхан үрс 2-13 настай.

Үүр хаяарахтай зэрэгцэж, тэдний нэг өдөр эхэлнэ. Эртлэн босч, хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдэж, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, өөрсдөө ажлын зүг явцгаана. Ажлаасаа эрт тарсан нь хүүхдүүдээ авч, харина. Оройн хоолоо халуун ам бүлээрээ инээд шуугиан дунд идэж, даалгавар хийлгэх дараагийн ажилдаа орцгооно. Нэг биш нэлээд хэдэн хүүхдийн хичээлийг хариуцан хийлгэх учраас хоёулаа хоёр талд гэрийн “багш”-ийн үүргийг хүлээнэ. Даалгаврыг нь хийлгэж дуусаад хүүхдүүдтэйгээ хамт тоглоход цаг гаргана. Наймуулаа гэртээ бужигнаж байтал цагийн зүү унтах болсныг сануулсаар ор, дэрээ засах ажилд ротоороо оролцож, тэдний нэг өдөр ийнхүү өндөрлөнө.

No description available.Хань хайртай үрс минь хамгаас үнэ цэнэтэй

Олон хүүхэд төрүүлж, өсгөж яваа ч Н.Отгонцэцэг мэргэжлээрээ ажилласаар иржээ. Төрөөд хоёр сар болоод ажилдаа буцаж ордог байна. Түүний ар талыг хангалттай сайн хариуцаж, цаг үргэлж дэмжиж, дэмнэсээр ирсэн хүн бол хадам ээж, эгч, дүү нар нь. Олны хүч оломгүй далай гэдэг шиг тэд олуулаа нэгдэж, олон үрсийг хангалттай сайн харалцдаг байна. “Миний бат ар тал болдог сайхан сэтгэлтэй хадам ээж, эгч, дүү нартаа хязгааргүй их баярладаг. Би хүүхдүүдээ нэг нас хүрэхээр нь хувийн цэцэрлэгийн багш нараас гуйж байгаад оруулчихдаг юм. Манай хүүхдүүд эрт биеэ даадаг. Аль болох эрт өөрөөр нь хоолыг нь идүүлж, суултуурт бие засуулж сургасан. Олон хүүхэд төрүүлсэн ч хичээл ном болон өөрийгөө хойш тавьж байгаагүй. Миний хувьд ажил, амьдрал гээд завгүй байдаг ч цаг тутамд аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээр шаргуу хөдөлмөрлөнө. Олон хүүхдийн ээж болох сонголтыг хийж амьдраагүй бол надаас ийм их хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, зорилго, зорилтууд гарахгүй байсан байх. Хань, хайртай үрс минь сайн сайхан руу тэмүүлэх үндэс болдог.

Миний амьдрал надад маш их үнэ  цэнэтэй санагддаг. Сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Хүн байгаадаа сэтгэл хангуулан байх нь аз жаргалын үндэс. Төр засгаас бидний ирээдүй болсон бяцхан үрсийн амар тайван, айдас түгшүүргүй, тав тухтай орчинд амьдрах, хүүхэд бүр адил тэгш, сурч боловсрох боломжоор хангаж өгөхийг л хүсдэг дээ” гэлээ.

Хамгийн чухал нь хүүхдийн хүмүүжил, хөгжил, төлөвшил  

Хүүхэд төрүүлэхээс илүү сайн хүн болгож өсгөнө гэдэг асар том үүрэг хариуцлага гэж боддог залуу гэр бүлийн төлөөлөл болох хосууд хүүхдүүдийнхээ хүмүүжил, хөгжил, төлөвшилд ач холбогдол өгдөг. Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд аав ээжийн оролцоо адил тэгш байхыг мөрдлөг болгон амьдардгаа Н.Отгонцэцэг онцлов. Аав нь хүүдээ, ээж нь охиндоо үлгэрлэх нь хүмүүний амьдралын бичигдээгүй хууль. Тиймээс тэд гэр бүлдээ амар тайван байдлыг мэдрүүлж, зөв сайнаар үлгэрлэх дүрмийг тогтоожээ. Амралтын өдрөө агаар салхинд гарч, дугуй унаж, бүгд хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, зугаалах хоббитой гэр бүл гэдгээ хэлж байлаа. Ингэх нь хүүхдүүдээ түүхэн дурсгалт газруудтай танилцуулж багаас нь байгаль дэлхий, газар усаа танин мэдэж, хайрлан хамгаалах талаар ярьж өгдөг байна. Хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг бүсгүй үлгэр уншиж өгөхөөс гадна АХА тэмцээнийг явуулж, танин мэдэхүйн мэдлэгийн сорьдог гэнэ. 

“Зургаан хүүхэд хооллож, хувцаслахыг 3-4 хүүхэдтэй хүнтэй харьцуулшгүй. Асар их ялгаатай байдаг юм билээ. Хоёулаа ажилладаг болохоор яаж ийгээд бүхнийг болгодог. Энэ нь бидний үүрэг шүү дээ” хэмээх Н.Отгонцэцэг дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Гэртээ боорцогоо хайрч, талхаа барих нь өрхийн эдийн засагт хувь нэмэртэй байдаг гэсэн юм. Зургаан хүүхдээ өсгөхдөө живх огт хэрэглэж байгаагүй. Бүгдийг нь тосож, бие засуулж сургаад 7-8 сартайд нь суултуурт суулгаж сургажээ. “Живх ч бас хөөрхөн үнэтэй шүү дээ” хэмээн эелдэгхэн хэлж, инээмсэглэх нь олон хүүхэдтэй эх хүний эдийн засгаа хэмнэх гэсэн сэтгэлийн үг.

No description available.Н.Отгонцэцэг дөрвөн хүү дараалж төрүүлсний дараа охин үр ээждээ ирж, энгэрт нь тэврүүлжээ. Таньдаг хүмүүс нь “Охин төрүүлэх гээд л ойр ойрхон төрөөд байна уу” гэж асуудаг байжээ. Учир нь түүний аав, төрдөө тангараг өргөж, насаараа хилийн цэрэгт ажиллажээ. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэрэг эрсийн дунд өссөн болохоор Монгол Улсынхаа галыг манах хөвгүүд төрүүлсэн нь түүний бахархал.

Тэрбээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч яваа “ЗАВГҮЙ ЭЭЖ” ихэмсэг эмэгтэйчүүддээ хандаж “ Үргэлж харц өөдөө гэрэлтэж үрсүүд нь инээд хөөрөөр бялхаж явахыг хүсье” гэснээр бидний яриа өндөрлөлөө.

С.Ичинхорлоо

No description available.No description available.