Хатуу, зөөлөн, хагацал, учралын дундуур туучсан 32 хавар
"Үнэн" сонины тусгай сурвалжагчтай танилцсан нь
1989 оны хавар. 10 жилээ дөнгөж төгссөн охин аймгийнхаа төвд элсэлтийн шалгалт өгөхөөр зогсоно. Эрдэнэцагаанд наймдугаар ангиа төгссөн түүний хувьд аймагтаа бүрэн дунд боловсролоо дүүргэж, бусдын адил ажил мэргэжлээ сонгож, амьдралд хөл тавих анхны алхмаа хийхээр яваа нь энэ. Сурагч байхаасаа зохион бичлэгт дөртэй, шугам зурагт сонирхолтой. Ангийнхан нь тэрүүхэндээ гуйж юм бичүүлнэ. Зохион бичлэгийн аварга. Үеийнхэн дундаа зохиолч. Отгон багшийнхаа үед монгол хэл, уран зохиолын хичээлд дурласан охин аймагтаа шилжиж ирээд Сүрэнцэцэг хэмээх мундаг чамбай нэгний гараар дамжсан байв. Сүрэнцэцэг хичээлээ ховсдож байгаа юм шиг заана. Нөхөр нь аймгийн боловсролын хэлтсийн дарга Батболд.
Нэг удаа Сүрэнцэцэг багшийн бие чилээрхэж, эмнэлгийн акттай, эмчилгээнд явсан хойгуур нас дээгүүр гарсан, жижигхэн биетэй ч хөнгөн шингэн хүн орлосон нь Н.Доржцэрэн. “Хорхойтой салхи”, “Галуун цуваа” зэрэг хүүхдийн зохиолоор нь уншигчид эчнээ танина. Есдүгээр ангийн хүүхдүүдэд хичээл орж байгаа хэрнээ их сургуулийн төвшинд заана. Хүүхдүүд болсон хойно лекцийг нь гүйцэхгүй. Сургуульдаа “Ширүүн хар” хочтой. Таван минутад хэл бичгийн хичээл орчихоод ногоон балаар “ТЭГ” гээд л дугуйлна. “Сум руу очиж саалчин хий. Би сургуулийн намын хорооны дарга учраас энэ зэргийн юмыг чадна гэнэ. 10-аа төгсөх жил учраас ийм хэмнэлээр явах ёстой гэнэ.
Шалтгаан нь сурагчдынхаа суурь төлөвшлийн төлөө захиргаадалтын арга хэрэглэсэн нь тэр байж. Нэг өдөр Олдох “Ширүүн хар” руу бичсэн шүлгээ бариад оржээ. Уншсан даруйдаа нүд нь гялс гээд явсныг тэрбээр анзаарч, өөрийг нь тоосныг сая ойлгов. Улмаар “Шувуухайн жиргээ” нэртэй дугуйландаа урьжээ. Ингэж дугуйланд хамрагдсан Олдох тэндээ очно, шинэ бичсэн шүлгээ уншина. Тухайн үед “Үнэн” сонины тусгай сурвалжлагч аймаг болгонд ажилладаг байв. 10 дугаар ангиа төгсөн жил нь ч Монгол даяар ардчиллын салхи сэвэлзэж байсан цаг. Тэгэхэд Сүхбаатар аймагт Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Цэнджав иржээ. Аймгийн зохиолчдын нэгдлийн эрхлэгчийн албыг давхар хашна. Аймгийн захиргааны хоёр давхарт суудаг түүнтэй Н.Доржцэрэн багш нь хэдэн сурагчийнхаа хамт дагуулж очин танилцуулжээ. Анхнаасаа халуун дулаан уур амьсгалтайгаар хүлээж авсан До.Цэнджав Олдох нарын сурагчдыг өрөөгөөр нь орж, гарч байхыг хэлээд бүх сонин ирдэг учраас уншиж сонирхохыг зөвлөв.
Сүхбаатар аймгийн одоогийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Оюунчимэг, Занданлхам нарын тав зургаан хүүхэд тийнхүү утга зохиолтой улам ойртжээ. Харин Олдохын хувьд 1988 оноос До.Цэнджавтай албан ёсоор багш шавийн барилдлагатай болсон нь энэ байв. Өрөөндөө байх төмөр сэйфээ уудлаад “Янгир” ирис атгаж өгнө. Томилолтоор яваад ирэхээрээ үзэм өгнө. Захиргаадалтын үе болохоор “Өрөөндөө хүүхдүүд цуглууллаа. Тэдгээр нь гутлынхаа тоосыг арчсан юм уу?” гэх зэргээр байсхийгээд хэл ам гарна. “Хэдэн хүүхэд улаан хивсэн дээгүүр харайгаад яваад байна” гээд багшийнхаа чихийг үе үехэн халууцуулна.
Тэр үед нэрт зохиолч Очирбатын Дашбалбараас До.Цэнджавт захиа ирнэ. Хоорондоо дотно найзууд явсан тэдний харилцаа захиа бичсэн дөрвөлжин цаасаар хэмжигдэнэ. Одоогийнх шиг утас холбоо ч байх биш. Түүнийгээ До.Цэнджав шавь нартаа уншуулна. Гэхдээ цензуртай. Хүүхэд уншиж болох хэсэг нь нээлттэй, болохгүй нь хаалттай. Хүүхдүүд мэдээж хаалттайг нь сонирхоно. Багшийгаа орж, гарах хооронд заримыг нь хулгайгаар уншсан нь цөөнгүй.
Ийнхүү уншиж, бичих эрдэмд овоо дөртэй болж эхэлсэн Олдохыг 10 дугаар ангиа төгсдөг хавар шалгалт өгөх болоход монгол хэл, уран зохиолын багшийн ангийн хуваарь аймагт ирсэнгүй. Юмыг яаж мэдэх вэ? гээд хуульчийн ангид шалгалт өгтөл нэг оноо дутаж, улаан шугамны араар таслуулжээ. Дараа жил нь ажилчдын конкурст орлоо, болсонгүй. Гуравдахь удаагаа шалгалт өглөө байдаггүй. Нэг биш мянганы хэдэн хувиар оноо дутав. “Өө хөөрхий, чүд оноогоор дутжээ” л гэх хариу сонсоно. Хөдөөний хүүхэд болохоор бүрэг талдаа. Хүргэн ах нь цэргийн хүн. Эгч нь ханиа дагаж Эрдэнэцагааны хилийн цэргийн отряд дамжиж явсан үе.
Тавдугаар ангиа төгсөөд ах, эгч хоёрыгоо дагаад хилийн отрядаар дамжсан ч мэргэжил сонгох чухал үед хажууд нь байгаад дэмнэж, зөвлөх нэгэн байсангүй. Хилийн цэргээс тийм амар чөлөө олгохгүй. Ганцаараа бүхнийг зохицуулахаас өөр аргагүй. Бусад хүүхдийн аав, ээж, гэрийнхэн нь бууз, хуушуур барьчихсан модны сүүдэрт хүүгээ, охиноо хүлээнэ. Харин Олдох ганцаараа. Гэхдээ халаасандаа хэдэн төгрөгтэй. Сургуулиа төгсдөг жил До.Цэнджав багшийнх нь гаргасан “Дарьганга аялгуу” номонд түүний хэдэн шүлэг гарч, бичлэгийн шагнал болгож авсан 40 төгрөг хадгалснаа авч явж таарчээ. Тухайн үедээ л их мөнгө. Даанч гэрээс нь хэн ч үгүй. Сургуулийн хажуугийн цайны газар руу орж, хоол авч идчихээд явж байтал сумынхан нь “Шүлэг бичдэг охин ганцаараа явж байна. Гэрээс нь хүн ирээгүй бололтой. Наашаа хамт сууж хоол ид” гэжээ.
Ганцаараа бүхнийг болгох гэж явсан Олдох эдгээр үгийг сонсож, ичсэндээ зэргэлдээ саглагар модны араар бушуухан гүйж ороод асгартал уйлсан гэдэг. Жил дарааллан гурван удаагийн конкурст унасан хүн гутарч, өөрийгөө голно. Сум гэдэг жижигхэн. Хүмүүсийн явган яриа тэр даруйдаа чихэнд ирж наалдана, дарамт үүсгэнэ. Нэгэнт хуваарьгүй хоцорсон тэрбээр хүүхэд хардаг ажилтай болов. Ах, эгч хоёр нь долоон хүүхэдтэй. Үүнээс эхний дөрвөн хүүхэд нь Олдохын гараар дамжжээ.
Аминд орсон шүлгийн гурван дэвтэр
10 дугаар төгсөөд 10 жил болов. Хүнтэй ч суулаа, хоёр хүүхэдтэй ч боллоо. Хэдийнэ дасал болсон амьдралынхаа хэмнэл, урсгалаар явж байтал нэг өдөр сумын захиргааны цэвэрлэгч тэтгэвэртээ гарсныг сонсоод ажилтай болох нь гээд гүйгээд очжээ. Ах, эгч хоёрынх нь гэр бүлийн найз Мэндээ даргатай уулзаж ажилд авахыг хүсэв. Түүнийг ярихыг сонсож суусан Мэндээ дарга “Ах, эгч хоёр чинь отрядад ажил олоод өгч чадахгүй байна уу? Шүлэг бичдэг хүүхдийн гарт шүүр бариулчихгүй юмсан. Би яриад үзье” гээд Отрядын дарга хошууч генерал С.Гүржав руу утас цохилоо. Тэгэхдээ “Шүлэг найраг сонирхдог хүүхэд байна. Ажил төрөлд оруулчих юмсан. Ах, эгч нь залуу хүмүүс үүнийг анзаарахгүй юм шиг байна” гэх маягаар учирлажээ. Генерал С.Гүржав ч уриалгахан хүлээн авч ирж уулзахыг үүрэгдсэн байна.
Нааштай хариу сонссон Олдох навсайж, муудсан гурван ширхэг шүлгийн дэвтрээ бариад очсоноор ажилд орох босгоо давжээ. С.Гүржав генерал өөрөө шүлэг, найраг оролддог нэгэн байж таарснаар Олдохын нэрийн хуудас нь өнөөх гурван дэвтэр нь болсон хэрэг. Эмчийн үзлэгээр орж тэнцээд, аяга таваг угаагчийн местэд хуваарилагдав. Тухайн үеийн цэргийн алба гурван жилийн хугацаатай байсан үе. Хороо цэрэг нь 500-600. Өглөөний цай, өдрийн хоёр хоол гэхээр 1000 гаруй аяга, таваг угаах шаардлагатай. Нэг удаа биш содатай усаар, гурван хувин дамжуулан гараар угаана.
Ингэж явсаар шат ахиж, бэлтгэгч тогооч болж дэвшлээ. Анхандаа амархан санагдана. Гэвч аяга угаахын хажууд амаргүй, хүнд гэдэг нь илт. Шинэ албандаа очсон өдрөө 30 гаруй хонины толгой өвчиж, цэвэрлэлээ. Нарийн цэвэрлэхгүй бол ариун цэвэр талаасаа асуудал үүснэ. Үргэлжлүүлээд гулууз мах эвдэж, шулав. Өдрийн ачаалал нь хэтийдсэн үү? тухайн шөнөдөө халуурч, хар дарах нь тэр. Шулж, өлгөсөн өнөөх толгойнууд өөдөөс нь ангалзаж, шулж, өлгөсөн гулуузнууд нь бүжиглэх шиг болов. Тийнхүү хуарангийн арын албанд бага багаар дассаар гартаа оруулжээ. 50-ийн саваар дүүрэн гурил зуурна, элдэнэ, өөрөөсөө том 500-гийн тогооны ёроол руу өнгийж, хайрна.
Хүүхэд байхын отряд хавиар зусаж, өвлийн амралтаараа даханд боолгуулаад 66-гийн тэвшэнд тавиулна. Застав дамжсаар хамгийн захад нь хүрч, гэртээ харина. Нүүрсний машинд бол хөвөнтэй туурганд ороолгуулаад явна, халтайсан хүүхдүүд бууна. Хүүхэд насных нь хамаг гэгээн дурсамж Эрдэнэцагааны “Чоно гол”-ын отряд буюу 0146 дугаар ангид ойр дотно санагдана, ажилд нухлагдсан ч даваад л гарна.
Найздаа тээсэн гомдол, шинэ замын эхлэл
Нэг мэдэхэд хилийн цэрэгт ажиллаад 10 болжээ. Өөрт ногдсон ажлаа хийчихээд гэртээ сууж байтал сумын галч гүйгээд ороод ирлээ. Аймгаас том дарга нар иржээ. Ангийн чинь хүүхэд яваа болохоор өөртэй нь уулзахаар хэл дуулгажээ. Дотуур байранд хамт амьдарч байгаад 10 жил төгссөн ангийнх нь охин сумандаа санхүүгийн тооцоо хийж яваад найзаасаа шүлэг сонсоод гаръя гэсэн байж. Хэлснийх нь дагуу яваад ортол “Уг нь сурлагатай хүүхэд байсан юм. Улаан шугамд 25-д багтсан. Би бол 53-т багтсан. Хүний хувь заяа ондоо юм. Өнөөдөр би ийм явж байна” гээд зиндаархаж.
Үргэлжлүүлэн “Өө чи сая ээжтэйгээ аргал түүгээд явж байсан уу?” гэхэд нь “Тийм ээ” л гэжээ. Тэрүүхэндээ додьгор хариулсан ч цээжинд нь юм бугшиж, гомдоод болдоггүй. Аймгаас ирсэн олон хүний өмнө аргал түүж яваад шүлэг унших гэж ирлээ гэлтэй нь биш. Хундага тойруулахад тэрийг нь авч тавив уу? үгүй юу? нулимс нь асгараад шууд гараад гүйжээ. Найзтайгаа уулзах гэж цайны ганц ногоон дээлээ өмсөөд хэрэндээ гоёж очсон ч гомдол, шар нь зэрэг хөдлөөд ухаан мэдэлгүй явчихсан нь тэр байлаа.
Сумын төвийн зочид буудал нэг давхар цагаан байшингаас гэр нь хол зайтай. Зун байхад яах гэж ногоон дээл өмссөн ч юм. Орос даавуугаар ээжийнх нь хийж өгсөн ганц гоёл нь юм чинь өөр яах вэ?... Аагим халуунд хөлс, нулимс нь зэрэгцэж урссаар гэртээ орж ирэхэд ээж нь “Юу болов” гээд угтлаа. Жигтэйхэн ууртай дээлээ тайлж, шүлгийн дэвтрээ чулуудчихаад “Сургуульд явна аа” л гэж. Үүнийг сонссон ээж нь “Чи 10 дугаар ангиа төгсөөд 10 жил өнгөрчээ. Хоёрын хоёр хүүхэдтэй хөгшин авгай дөнгөж төгсөж байгаа хүүхдүүдтэй хамт шалгалт өгөх үү? Чиний толгой дийлэх үү? Чи юм уншдаггүй шүү дээ?” гэхэд “Сонин, ном, зохиол уншаад л байгаа биз дээ” хэмээн гөжүүдлэв. Энэ үед “Зардлын гарз дөө” гэхээс өөрийг ээж нь нэмж хэлээгүй гэдэг.
Энэ удаад Олдохын толгойд нэг л юм бодогдож байв. Тэр нь “Аймаг орж өгөхгүй. Унана, унагаадаг юм билээ. Тиймээс Улаанбаатар орно. Өгдөг газар нь шударгаар өрсөлднө” гэх бодол. Намар нөхөр нь хадлангаас ирэхэд сургуульд явах тухайгаа дуулгахад зөвшөөрсөнгүй. Бүр царай нь хувьс гээд л явчихлаа. “Явбал тэр чигтээ яваарай” гэж байна. Шинэ цэргийн хээрийн бэлтгэл эхэлсэн үе болохоор хоол хийдэг хүнийг явуулахгүй. Цэргийн ангийн отрядын дарга нь Даваадорж хурандаа. Ямар ч дарга ангийн захирагчийг давж чөлөө өгдөггүй, хатуу дүрэмтэй. Асуудал хариуцсан дарга болгон руу орлоо, ангийн захирагчаас ав гэхээс өөрөөр халгаасангүй. Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэгчээр өргөдлөө бичээд захирагч руугаа орлоо. Учир байдлаа ч танилцууллаа.
“Энэ олон жил ангийн захирагч хийхдээ сурч, боловсрох хүсэлтэй хүн орж ирж байсангүй. Чамд нэг болзол тавъя. Хоосон ирж болохгүй” гэснээр ангийн захирагч зөөлөрч, чөлөө өглөө. Хот явахад унаа хэрэгтэй. Хайгаад олдсонгүй. Энэ үед шинэ цэргүүдийг авахын тулд эмч, хүнсний албаны шалгалтынхан хотоос ирнэ. Түүнийг тосохын тулд ангийн захирагчийн машин явах тухай бодол толгойд буулаа. Тэр даруйд ангийн захирагч руугаа дахин орж, сууж явж болох эсэхийг лавлахад хоцорсон байж мэдэхийг дуулгажээ.
Ухаан жолоогүй гүйж гараад машиныг нь сураглатал жолооч нь гэрийнхээ гадаа хамрыг нь сөхчихсөн юм хийж буйтай таарав. Сууж аваад явлаа. Жолооч нь “Жижиг” Гансүх. Замын дунд “Хоосон ирвэл яана аа” гэх бодол толгойд нь эргэлдэж, болгоомжлол, шаналал нь зэрэгцсэн Олдохыг гадарласан жолооч “Бид хоёрын гаргаж өгсөн хүүхэд заавал хуваариа авдаг юм” хэмээн тайвшруулжээ. “Жижиг” Гансүх морины хорхоотой учраас замдаа даага тарлаж байсантай таарчээ. Тэгэхэд цоохор даага Олдохын нүдэнд туссан байна. Мухар сүсэг нь дийлсэн үү тэр даага түрүүлбэл сургуульдаа тэнцэнэ гэтэл хүүхэд нь ойчжээ. Үүнийг харсан түүний аньсага нулимсаар дүүрээд ирлээ. “Жижиг” Гансүх машинаа зогсоож, хамт явсан хүний хамт алдуурсан даагыг барьж, хүүхдийг нь суулгаад тавьжээ. Араас нь барианд очтол өнөөх даага нь түрүүлсэн байв. Олдох ч тэр даруйдаа баярлаж, замдаа идэхээр хадгалсан чихрээ өврөөсөө атгаж, гаргаад хүүхдэд өгөөд цааш явсаар аймгийн төв дээр ирлээ.
Оюутан болохын тулд гэрээсээ оргов
Аймгийн төвөөс Улаанбаатарт ирсэн тэрбээр кино урлагийн Харцага сургуульд шалгалт өглөө. Шалгалтын комисст Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нарын жүжигчид. Ингээд эхний даваагаа давж, кино зохиолчийн ангид тэнцэв. Долоон буудалд ахындаа байрлаж байсан Олдох буцах замдаа Багшийн дээд орчимд буугаад алхаж явтал хэсэг хүн шалгалт өгөхөөр өөр хоорондоо ярьж, зогсохтой таарчээ. Тэрүүхэн хоромд утга зохиолын тухай хүүрнэх бусдын яриа зохиолч болох хүсэлтэй ирсэн түүний мөрөөдлийг тэр даруйд нь сэрээж орхилоо. Олны дунд орж, явсаар шалгалт өгөхөөр боллоо, өдрийн 14.00 цагаас. Шалгалтаа ч өгөөд гараад ирлээ. Сургуулийн зүгээс гурав хоногийн дараа ирээрэй, улаан шугамны дээр орсон нь тэнцсэн, ороогүй нь тэнцээгүй гэсэн зар дуулгаснаар гэрийн зүг явжээ. Тогтсон өдрөө товлосон цагтаа ирээд хартал тэнцжээ. Ийнхүү Багшийн дээдийн Утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангид давхар тэнцсэн гэдэг.
Бас болоогүй гандан орлоо. Хоёр хуваарийнхаа алийг нэгийг нь сонгох гэхээсээ лам хараар үзүүлж, харуулж сонгуулах гэж яваа санаа нь. Ганданг тойроод олон зурхайч, үзмэрчид сууж байна. Чулуу, хөзөр, эрхээр мэргэлнэ. Хамгийн мундаг үздэг нь юм байх гээд олон хүнтэйг нь сонготол явдаггүй. Халуун өдөр ч байв. Өдрийн талыг барахыг гадарласан учраас залуухан лам дээр очиж, учир байдлаа хэллээ. Ламхүү эрхээ эргүүлснээ шуудхан л Багшийн дээдийг нь сонгож байна. Хэлсэн ёсоор нь буцаж яваад кино урлагаас бичиг баримт, хувийн хэргээ аваад ламын сонгосон сургуульдаа өглөө. Утас байхгүй, ховор. Гэрийнхэндээ хэл дуулгаж чадалгүй аймагтаа ирлээ, сумандаа очлоо. Ээждээ хэлэхэд хачин их баярлаж байна. “Хоёр хүүхдийг нь хараад өгье. Сайн сурдаг юм шүү. Гэхдээ нөхөр нь явуулдаг юм болов уу даа? Яана даа?” гэсэн байдлаар халаглалаа. Хүнд байтугай нөхөрт ч битгий хэлээрэй гээд орхиж. Сум болсон хойш ангийнх зарим хүнд хэдийнэ хэл хүрчээ. Сонсоод баярласан тэд хонь, ямаа өгч байна. Түүнийгээ зарлаа, хүмүүс хаа, гуяар нь хуваагаад авчихана. Намар оюутан болох бэлтгэлээ базааж байгаа нь тэр. Хотод очоод хэрэглэх халаасны хэдэн төгрөгтэй болж, хувцас хунараа бэлдэж, боохтой зэрэгцэн нөхөр нь хадлангаас ирлээ, зөвшөөрсөнгүй. Явах өдөр тулчихаад байдаг. Эвийг нь олох эсвэл арга сүвэгчлэх хэрэгтэй. Нөхрөө гарж, орох зуур бэлдсэн хувцсаа нэг нэгээр нь зөөж гаргалаа. Аз болж хөрш айлынх нь эгч аргалыг гэр шиг том шавсан байж таарчээ. Түүнийх нь цаагуур боож бэлдсэн юмаа бага багаар зөөж нуув. Машин ирэхийн бараанаар зам дагуу овоолсон аргалын араар нуугдаж байгаад сууж Улаанбаатарт иржээ. Оргохын зэрэгцээ нөхрөө сургуулиар сольчихсон хэрэг. Дэмжиж, зөвшөөрөөгүйн дээр “Тэр чигтээ яваарай” хэмээн уурласан болохоор түүнд ийм сонголт хийхээс өөр арга байсангүй.
5000 төгрөгөөр бизнес эрхэлж баян оюутан болсон түүх
Оюутан болсон эхний жил нь Олдохын хувьд харвасан сум шиг өнгөрлөө. Хэдийгээр тэр бусдын адил оюутан ч өндөр настай ээж, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн өрх толгойлсон ээж. Ажил хийж амьдралаа залгуулах үүрэг бас шаардлагатай. Энэ бүх шалтгаан нь хоёрдугаар курс төгсөх хавар ээлжийн ажил хийхэд хүргэв. “Коника”-гийн салбарт ажилтан авах зар гарсны дагуу шалгалт өгч тэнцлээ. Тэр даруйдаа “Филм оператор”-ын дамжаанд суралцаж, ээлжийн ахлагчаар ажилд оров. Нэг өдөр хичээлдээ явна, нөгөө өдөр нь ажлаа хийх амьдралын зайлшгүй хэмнэлтэй нүүр тулна. Үүнийгээ багш нартаа хэлж, ойлгуулна. Сургуулиасаа аргалахад хамгийн хэцүү нь. Сурч, боловсрол тэмүүлэл нь байгаа ч ардаа буй амьдралыг авч явах зовлон бийг учирлана. Нааштай хандвал ажилдаа явна. Үгүй бол хичээлдээ сууна. Хамгийн анх иймэрхүү утга агуулга бүхий өргөдөл бичээд багшийн ширээн дээр орхижээ.
Анги руу орох төдийд араас нь очиж, хаалганы завсараар уур амьсгалыг ажиглалаа. Тухайн үеийн Багшийн дээд одоогийн МУБИС-ийн УЗАС-ийн 308 дугаар өрөө юм. Тэгэхэд багш ширээн дээр байх Олдохын өргөдлийг уншичихаад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэнгүй, хажуудаа тавьжээ. Үүнийг харсан түүний толгойд зөвшөөрсөн гэх бодол төрж шуудхан ажилдаа явлаа. Хэрвээ уурлаад ямар нэгэн юм хэлсэн бол буцаж хичээлдээ суухаас өөр арга түүнд байсангүй. Ажил руугаа мессеж бичиж аргалахыг бусдаас хүснэ.
Хотод оюутан болж ирснийхээ дараа тэрбээр До.Цэнджав багшийгаа удаан хайсны эцэст олж байгаад уулзжээ. Сурагч байхад нь уран зохиолын яруу сайхныг мэдрүүлсэн бол их сургуулийн оюутан болсных нь дараа ч сэтгүүлч мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулсан хүн нь мөн л До.Цэнджав. Эрэл сураг болсны эцэст “Монголын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж байсныг олж мэдэн “Эрэл” компанийн байранд байхад нь зорьж очив. Ажлынх нь хүнээс өрөөг нь заалгаад ортол танихгүй шахуу гайхширч “Олдох мөн үү?” гэхэд “Мөн” гээд л нулимс нь цийлэгнэжээ. Хотод оюутан болох гээд хичээж яваа шавийгаа “Яаж явна. Хөдөө байгаа л гэх юм” гэсэн багшийнх нь үг түүнд хэтэрхий дотно санагдсан болохоор нулимсаа нууж чадаагүй байж мэднэ.
Сургуульд орсноо дуулгахад “10 жилийн дараа юу” гэж хэсэг гайхширснаа учир байдлыг ойлгожээ. Ийнхүү 10 жилийн дараа багштайгаа уулзсан Олдох үе үехэн ярина. Ном авч уншина. Бичсэн шүлгээ үзүүлнэ. Мэдэхгүй чадахгүй зүйлээ асууна. Олдохгүй номыг олуулна. Тэр бүрд “Их унш. Сэтгүүлч хүний тархи задарсан байх ёстой” гэсэн үгийг захина. Тэгж явсаар дадлагад гарах болтол сурсан зангаараа багшийгаа зориод очлоо. Ангийнх нь бусад хүүхэд дадлагатаа гарчихсан байдаг. Харин хөдөөнөөс ирээд удаагүй Олдоход очих газар байсангүй. Бүргээс гадна хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй болохоор л...
Учрыг ойлгосон До.Цэнджав “Өнөөдөр” сонин руу ярьснаар, ардын уран зохиолч Д.Цоодол дор хэдэн сар дадлага хийх боломж олдлоо. Тухайн үед Д.Цоодол “Өнөөдөр” сонинд уран зохион нүүр хариуцдаг байжээ. Доороо дадлагын оюутантай болсон өвгөн найрагч “Дэлдэн П.Бадарч руу яваад ир” гэж лүндэн буулгаснаар Олдох “Монгол Улс минь мандана даа гайгүй” гарчигтай анхны ярилцлагаа “Өнөөдөр” сонинд нийтлүүлжээ. Энд До.Цэнджав багшийн нэр нүүр ч чухал үүрэгтэй байсан гэдэг. Хажуугаар нь хэдэн мэдээ хийж, бичлэгийн шагналаа авчихана. Гэвч өвлийн идэш ирэхгүй. “Хөгшин” оюутан өлсөнө. Нөхрөө сургуулиар сольчихсон. Хоёр хүүхдээ ээж, эгч дээрээ аваачаад орхичихсон. Өлсөхийн эрхэнд нэг өдөр багш руугаа явлаа. До.Цэнджав Хүмүүнлэгийн сургуульд багшилж байсан үе нь. Явж очоод “Багштайгаа уулзая” гэтэл цайндаа гарсан байж таарчээ. Хаана ордгийг нь лавлахад талбайн баруун талын “Титэм” цайны газрын нэрийг хэлсэн байна. Тухайн үед хүмүүсийн хамгийн их ордог байсан газар нь.
Тийш зүглээд явж байтал багш нь хэдийнэ цайндаа орчихсон амаа арчаад гарч ирж байна. Өлссөн хүн санаа нь зовоод хажуугаар нь хараагүй мэт өнгөртөл тав алхаад хэн хэн нь эргэн харж, харц тулгарав. “Олдох хүү минь юу хийж яваа юм”? гэхэд “Таныг хоолонд оруулах гээд...” хэмээн залжээ. Яагаад тэгж хэлснийг нь мэдэхгүй. “Айн” гээд нүд нь томорсон До.Цэнджав хоосон нойтон оюутнаар хоол авахуулдаг хүн биш хэмээн гэдийснээ “Өлсчихсөн байна шдээ чи” гэсээр буцаад дагуулж ороод будаатай хуурга авч өгсөн гэдэг. Тэгэхэд Олдох өлсөж, ядарч яваагаа хэлээгүй ихэр татан уйлжээ. Цайны газрын хананд байх толинд өөрийгөө олж харсан тэрбээр нүдний будаг нь урссаныг сая олж хараад тайтгарч, тайван хоолоо идсэн байна.
Энэ үед шавиа өлсөж явааг нь гадарласан багш оюутан хүн ном авч уншаараа гээд 5000 төгрөг өгчээ. Будаа будаа кг нь 300 төгрөг байсан гэхээр их мөнгө байж таарна. Тэр чигтээ Баянзүрхийн зах орж, гөөхий, цагаан самар авлаа. 50 төгрөгөөр авсан самраа дотуур байранд 100-гаар зарна. 10 ширхэг шил олж угааж, цэвэрлээд цех орж 50 төгрөгөөр ундаа шахуулав. 100-гаар зарна. Тасагтаа дөрвүүлээ, Эрдэнэтийнхэн. Нарийхан цаасан дээр зарах юмныхаа үнийг бичээд наачихлаа. Оюутнууд хаалга тогшоод юм авна. Ширхэглэж болох бүхнийг зарна. Өвөл зайрмаг зарна, хамгийн орлоготой нь. Ийнхүү төгсөх жил хүртлээ оюутны өрөөгөө ТҮЦ маягаар ажиллуулжээ. Ном авч уншаараа хэмээн өгсөн До.Цэнджав багшийн 5000 төгрөгөөр эхлэлээ тавьсан бичил бизнес томорч, өвөл, намар, хавар дамжин эргэлдсэн нь тэр. Өгье гэж өгсөн юм үржинэ. Нэг төгрөг ч үгүй өлсөж явсан хүн 150 мянган төгрөгөөр гар утас худалдаж автлаа баяжжээ. 992371.. гэсэн анхны дугаараа авлаа. Өлсөж, ядарч, уйлсангүй. Хажуугаар нь ээлжийнхээ ажлыг хийнэ.
Деканаас дэмжлэг аваагүй санал
2004 онд сургуулиа төгссөн нь ч 2005 онд өнөөх л ажлаа хийж байв. Үндсэн мэргэжлээрээ ажилллах хүсэл байвч танилаараа орно, эсвэл чадахгүй гэсэн бодол толгойд нь эргэлдэж, эмээснээс үүдэлтэй нь энэ. Оюутан ахуйдаа сэтгүүлч болохоосоо ухрах гэж мөн үзжээ. Хоёрдугаар курст эгч нь ирээд сэтгүүлч мэргэжил байхгүй. Хөдөө очоод амьдрах юм чинь багш бол. Ангиа солиход амархан гэжээ. Энэ дагуу факультетын декан Д.Оюунбадрах руу өргөдөл бичээд орлоо. Сумандаа очоод багш болъё гэдгээ учирлав. Гэтэл уур амьсгал өөрөөр эргэх нь тэр.
Декан Д.Оюунбадрах “Хохь чинь чи” гээд хүнгэнэсэн дуугаар босоод ирлээ. “Одоо чамайг тэр анги руу чинь оруулаад өгье. Манай сургуулийн ганц гайгүй ангид сурч байж. Чамайг ингэхээр бусад нь яах юм болж байна” гэхэд бичсэн өргөдлөө өөрөө урж, ухраад гарчээ. Дахиж орсонгүй, сэтгүүлчээрээ төгслөө. Тэр үед С.Энхбаяр багш Олдохын нэрийг мэдэхгүй. “Шүлэг бичдэг хүүхэд самбарт гар” л гэнэ. Унш гэсэн зарим номыг нь уншаагүй бол “Харсан уу” гэж асууна. Ядаж ямар хавтастай байсан юм гээд шордоно. Эсвэл “Барьж үзсэн үү” хэмээн ёжилно. Тэр бүгдэд өгөх хариулт өөрийн гэсэн “үнэлгээтэй”. Харин декан Д.Оюунбадрахын хувьд өөр. Уран зохиолын хичээл орно, Гэсэр, Жангараа ярина. Өөрөө гол дүр нь юм шиг төсөөлөгдөж, бууна. Барааг нь хараад сүрдэнэ. Дуу нь хүнгэнэхэд анги дотор анир чимээгүй ноёлно. Түүнийг хичээл ороход цонх онгойлгож болохгүй. Багшийн дээдийн урдуур сайн дурын уран сайханчид олон болохоор.
Үргэлжлэл бий.
С.Гандөл