Хатуу, зөөлөн, хагацал, учралын дундуур туучсан 32 хавар

Түрүүч нь http://uzeg.info/i/2492

Хаврын урт өдрүүдэд дараалсан урт лекц сонсоход нозоорох үе оюутан хүнд цөөнгүй. Хаа нэг ангийнхаа цонхыг онгойлгох төдийд “Арван найман насыг хүрэхээрээ, Аавынхаа гэрт тогтохоо болилоо, би” хэмээх хөг аялгуу салхины хамт хацар илбэж, чихэнд эгшиглэнэ. Төд удалгүй багш нарын баяр боллоо. Ангийнхан нь багш нартаа зориулж шүлэг тэрлэв. Түүнд С.Энхбаяр багш ногджээ. “Хатуу самар” гэх агуулгаар бичээд ханын сонин болгож, 308 тоотын хаалганы ард наав. С.Энхбаяр багш ороод ирлээ, ангид чив чимээгүй. Хэсэг чимээгүй суусан С.Энхбаяр “Нэг нь гар. Гадаа наасан байгаа юмаа аваад ир!” гэх нь тэр. Чих зөөлөнтэй нь Олдох байж таарсан уу багшийн хэлснээр үүдэнд наасан ханын самбарыг авч ирээд ширээн дээр нь тавилаа. “Дахиж ийм юм битгий хийгээрээ. Хийвэл хохино шүү?” гэхэд “За” гэсээр өнгөрлөө. Түүнээс хойш Олдохыг С.Энхбаяр багш “Шүлэг бичдэг хүүхэд" гэж дууддаг болсон байна. Уг нь тэмээнээс том тэмдэгтэй Үл-Олдох нэртэй оюутан. Хожим хонхны баяр болдог жил сургуулийн хонгилоор гүйж явахад араас нь дуудахдаа анх удаа Үл-Олдохоо гэжээ.

Дипломын ажлаа “Монголын уран зохиол дахь чонын дүрүүд” сэдвээр Төрийн шагналт, гавьяат багш Д.Цэнд дээр 99 дүнтэй хамгаалжээ. Шүүмжлэгч багш нь С.Энхбаяр. Тэгэхэд Д.Цэнд багш уран зохиол шинжлэлийн хүн юм байна. Энэ чиглэлээрээ ажиллавал яасан юм гэхэд нутгаасаа оргож бусгах нь холгүй ирсэн түүнээс А үсэг ч гараагүй гэдэг. Бодвол айж, сүрдсэндээ юу хэлэхээ мэдэхгүй түгдрэн зогссон нь тэр болов уу. Гэхдээ сайн болсон байна, харин 100 тавихгүй. Хэтийдсэн, харьцангуй үнэлгээ учраас 99 тавилаа. Дотроо хэд дахин 99 авсан гэж бодоорой гэсэн Д.Цэндийн үг оюутан болсноос хойш мэдэрсэн хамгийн том баяр байлаа.

No description available.

“Лангууны ард суусан хүн тэр чигтээ дуусдаг юм”

2004 онд их сургуулиа төгсөөд 2005 оныг хүртэл мэргэжлээрээ ажилласангүй. “Коника”-д ахлах хэвээрээ үлдсэн Олдох лангууныхаа ард сууж байтал олон хүний дундаас “Хальс ямар үнэтэй вэ?” хэмээн танил хоолой асууж байна. Гүйгээд очтол До.Цэнджав. Дороо навтас хийгээд явчихлаа. “Чи энэ ажлаа хийгээд байна уу?” гэж байна, “Тиймээ” л гэлээ. Дундговь явах гэж буй До.Цэнджав хоёр хальс авчихаад “Сэтгүүлчээрээ ажиллавал зүгээр дээ. Лангууны ард суусан хүн тэр чигтээ дуусдаг юм” гэсээр оджээ. Үүнийг сонссон түүний нүдэнд нулимс бүрхээд явчихав. Уулзаагүй удсан багшийгаа заавал битүүхэн шүүмжлэл хаяглачихаад явна гэж санасангүй. Найз руугаа утсаар ярьж багшийнхаа тухай гомдоллолоо.

Ерөөс мэргэжлээрээ ажиллая гэж бодлоо. Ажлаасаа ч гарав. Гол нь хаана гэдэг нь тодорхойгүй...? Ингэж явахдаа До.Цэнджав “Өнөөдрийн Монгол” сонины ерөнхий эрхлэгч болсныг олж мэдэв. Ажлаасаа гараад удаагүй тэрбээр дахин багшийгаа зорилоо. Очсон даруйдаа мэргэжлээрээ ажиллахаар ирснээ дуулгахад “Үзээд алдахгүй юу? Миний зүгээс тус дэм байхгүй шүү” гэсээр сонины Орлогч эрхлэгчдээ хүлээлгэж өгчээ. Хажуугаар нь “Шавь гээд өвөрдөх хэрэггүй. Хийвэл хий, чадахгүй бол хөөгөөд явуулаарай” гэх үгсийг нэмж хэлсэн байна.

Сонинд сэтгүүлчээр ажиллахад хамгийн багадаа 14 хоног туршилтаар явна. Харин Олдох долоо хоноод нийгэм соёл, урлагийн албанд жинхэллээ. “Өнөөдрийн Монгол”-д найман сар хэртэй ажилласан Олдох гэнэтхэн багшдаа гомдоод ажлаасаа гарав. Уг нь ерөнхий эрхлэгчийн тушаал гарч түүнийг халаагүй. Тийм тушаал ч байхгүй. Юунаас болсныг нь хэлж мэдэхгүй, өөрөө өөртөө халагдсан тушаал “биччихээд” том толгойлоод гарсан нь энэ байв. Тийн гарсныхаа дараа гурван жил багшдаа золгоогүй юм гэдэг. Багш хүн шавьдаа яаж ч хатуурхаж болдгийг Олдох тэр үед хараахан ойлгоогүй явсан байж мэднэ.

Тэгж яваад 2006 оны есдүгээр сард “Нийгмийн толь” сонины босго давжээ. Ажилгүй хэсэг байх хугацаандаа Ү.Хүрэлбаатар нарын эрхлэн гаргадаг “Улаанбаатарын сонин”-ы хаалгыг хэдэнтээ татсан байна. Учиргүй юм хийгээгүй ч сонины уур амьсгал ямар байдгийг ойлгох дөртэй болсон байв. Харин сэтгүүлч мэргэжлийн гал дундуур туучиж, шатаж явсан үе нь “Нийгмийн толь”. Эрэн сурвалжлах чиглэлээр дагнасан анхны өдөр тутмын сонин нь “Нийгмийн толь” учраас өдөр болгон эрэл сураг болж явна. С.Энхтуул, М.Батбаатар нарын эрхлэгч Олдохоос хаана ажиллаж байсныг лавлахад “Өнөөдрийн Монгол”-д нийгэм, соёлын алба хариуцаж явснаа хэлэхэд “Арын нүүрний л хүн байна” гэжээ. Үүнийг сонссон түүнд бага зэрэг чамлалттай санагдсан ч удахгүй нэгдүгээр нүүрний энтэй сэтгүүлч болохоо хэдийнэ дотроо зураглачихсан байв.

Төрийн хаалттай уулзалтыг нээлттэй протоколдсон нь

“Нийгмийн толь”-ийн баг бүрэлдэхүүн ч Олдох, Ч.Гангэрэл, Мөнхжаргал, Нинж тэргүүтэй сэтгүүлчид нийгмийн хар цагааныг ямар нэгэн өнгө будаггүйгээр, үнэн бодит байдлаар  хүргэхийг зорино. Бие биеэ дэмжиж, дэмнэж байгаа нь ч өөр. Зам, зүг нэг юм болохоор  ажлаас нь 10 литр тараг өгөхдөө “Олдох эгч Ч.Гангэрэлтэй хувааж аваарай гэхэд “Яах юм Олдох ав” гэнэ. Уг нь Ч.Гангэрэлээс Олдох насаар эгч. Харин “Олдох эгч гэхээр сунжраад байх юм. Зүгээр Олдох гэж байя” гэснээс хойш ичиж, нэрэлхэлгүй үеийнх юм шиг харьцдаг болжээ.

“Нийгмийн толь”-д ороод удаагүй байхад нь улс төрийн алба руу орох лүндэн буулгахад нааштай хүлээж авсангүй. Доороо дугуйтай сандал дээр уг саналыг эсэргүүцэж суусан түүнийг Ч.Гангэрэл түрсээр дэргэдээ авчирснаар үг дуугүй албандаа “элсүүлжээ”. Парламентын сурвалжлагч болсон хүн анх удаагаа Төрийн ордон ороод төөрнө. Мөнхжаргал ажлаасаа дөхүүлээд утсаар ярина. Тосох ажлыг Ч.Гангэрэл хийнэ. Төрийн ордныг эхлээд танилцуулна. Тэгж явахдаа “Есөн хөлт Цагаан туг”-ийн өмнө аваачаад “Анх орж ирсэн сэтгүүлч дөрвөн талаас нь мөргөдөг жамтай” гэжээ. Амьхандаа цаашлуулж байгаа хэрэг. Хэлсэн ёсоор нь болголоо. Мөргөөд дуустал Ч.Гангэрэл цаана нь инээдээ барьж дийлэлгүй зогсож байлаа.

Парламентын шинэ сурвалжлагч болсон Олдохын паян үүгээр дууссангүй. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн урилгаар Канадын Парламентын Нийтийн танхимын спикер Монголд айлчлал хийв, 2006 онд. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд М.Энхболдтой ганцаарчилсан уулзалт өрнүүллээ. Үүнийг сурвалжилж явсан Олдох хаалттай уулзалт болгон руу нь дагаж ороод бүгдийг протоколд буулгажээ. Төрийн тусгай хамгаалалтынхан ч анзаарсангүй. Ордноос гараад ажил руугаа очиж протоколоо буулгана ухааны юм бодоод алхаж явтал хар машин давхиж ирээд шүүгээ шиг хоёр залуу гарч ирэн машиндаа суулгажээ. Тийнхүү хар машинаар “хамгаалуулж” Төрийн ордонд буцаж очсон Олдох байцалтад оров. Сандрахдаа хэлээ гаргадаг дадалтай тэрбээр хамгаалалтын албаны даргынх нь үүдэнд эс үйлдлээ хийгээд зогсож байгаа юм. Ордноос Орлогч эрхлэгч М.Батбаатар руу залгаж, үнэмлэхийг нь хураана, сэтгүүлчдээ арга хэмжээ ав гэлээ. Эцэстээ ойлгуулж, тайлбарласнаар хэн хэндээ хал палгүй аятайхан салжээ. Парламентын сурвалжлагчид Төрийн ордон анх удаа ороод төөрөхөөс эхлэдэг бол Олдох ганц орсон даруйдаа хамгаалалтын албаныханд ийн нүдлэгджээ.

Залуу хүн шартай. Ажлынхаа хаалгыг тас хийлгээд гарна. “Нийгмийн толь”-д байхдаа гарна гээд л явлаа. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн арын “Монкорд”-ын барилгын 11 давхрын шатаар хөл мэдэхгүй бууна. Араас нь аргадана. Нэг удаа ажлаасаа гарахаар зориг шулуудлаа. Бараг гарчихсан гээд бодчихсон байв. Лифт ажиллахгүй, 11 давхраас буусаар ажлынхаа үүдэнд иртэл М.Батбаатар эрхлэгч залгаж байна. Юу ч болоогүй юм шиг “Олдохоо маргааш өглөө үүрээр Өвөрхангай явна. Суугаад яваарай. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн сурвалжлага шүү” гээд тасаллаа. Сэтгүүлчээ аргадах удирдлагын арга барил нь тийм л өөр байсан үе. Ажлаасаа гарчихсан гэтэл араас нь залгаад тэгээд хэлж байгаа юм. Мэдээж маргааш нь товлосон цагтаа томилолтондоо явна.

“Намайг дагаад Нарангийн энгэр яв”

Тэгж төвөргөсөөр 2008 оны хоёрдугаар сараас буурь сэлгэж “Зууны мэдээ” сонинд ирлээ. Энэ удаад тоймчийн албанд хуваарилагдав. Залуу хүний хувьд юманд илүү нухацтай, судалгаатай хандах төлөвшил, түүнд чиглүүлэх, сургах дадлыг эндээс олжээ. Амьдралын жаргал, зовлон бүхэн “Зууны мэдээ” сонинтой ч салшгүй холбоотой. Ерөнхий эрхлэгч М.Отгонбаяртай нэг үеийнх. Удирдлагын төвшиндөө сэтгүүлчдээ ойлгоно. Сэтгүүлчээр ажилласан он жилүүдэд До.Цэнджавын шавь гэчихээд доошоо орчих вий гэдгээс айж байснаас бусдаар мэргэжилдээ дурлаж, шатаж явсан нь жин дарна. Саяхан хөдөө аяга таваг угаагаад зосгож байсан хүсэл мөрөөдөл нь өдгөө 360 хэм эргэж өөрийн гэсэн орон зайтай, мөртэй нэгэн болгожээ. “Мөрөөдөлтэй хүн мөхдөггүй” хэмээх зарчим нь хазайх үед нь түших багана болж, цөхрөл бүрийг даваад гарах шат болсон гэлтэй. Хүний мөрөөдөл том байх ёстой. Түүнийхээ төлөө явах л хэрэгтэй.

Олдоход нэг онцлог байдаг нь сэтгүүлч болсон үеэсээ 10 жил тасралтгүй морь сурвалжилжээ. Шалтгаан нь морины зүс мэдэхгүй гэсээр залуучууд нь хойшоо сууна. Олдох эгч Сүхбаатарынх, морьтой, хурдтай, газрынх гээд л явуулна. Наадам бүрээр ёс юм шиг морь уу явна. Уг сэжмээр Хүй долоон худаг руу 10 жил явсан байгаа юм. Жил бүр залуу сэтгүүлч сургахаар дагуулна. Дараа жил өнөөх нь байхгүй. Ингэсээр байгаад 10 жил болжээ. Морь гэдэг хийморьтой амьтан болохоор өөрөө ч бэлгэшээж ирсэн гэдэг. Хожим буюу хоёр, гурван жилийн өмнөөс халаагаа албан ёсоор бусдадаа шилжүүлжээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дадаж, мэргэшсэний “буян”-д Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс бүтэн жил хадаатай юм шиг явсан үе түүнд бий. Аав, ээжээс цөөхүүлээ. Хорвоо хатуу үедээ дэндүү хатуу гэгчээр ойр дотных нь хүмүүс цаг бусаар хорвоог орхисон үед батлан даах нэгэн хэрэгтэй болно. 8-10 настай хоёр үр нь батлан даахгүй. Ажлаас нь батлан даана. Хэрэг хүлээсэн юм байхгүй мөртлөө сайд, дарга нарыг шүүмжилж бичсэнийхээ төлөө цагдаагийн үүдийг сахиж байгаа нь тэр. Сэтгүүлзүй өөрөө баримтад тулгуурладаг учраас бичсэн юм нь хөдлөшгүй байх ёстой.

Нэг удаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаад очтол шүүхийн нарийн бичиг залуу заавал гэр бүлийн, цусан төрлийн хамаатан байх шаардлага тавьжээ. Хоёр хүүхэд нь нас бага гэж хэлээд тоож, авч хэлэлцсэнгүй. Шазууртай эр таарсан бололтой юм. Өмнөх жишгээрээ ажлаасаа сэтгүүлч дуудъя гэтэл халгаасангүй. Байдгаа барчихсан хүн байна гэтэл хүлээж авсангүй. Батлан даах хүн үнэхээр Олдоход байсангүй. Иргэний бүртгэл шүүнэ гэнэ. Хариуд нь тэр хүртэл нь хүлээе гэлээ. Шүүгээд ч гарч ирэхгүй юм чинь...

Сүүлдээ шар нь хөдлөөд шүүхийн нарийн бичиг залууд аппараттаа үүрчих хамт явахыг тулгалаа. “Яах гэж байгаа юм” гэхэд  нь “Чи судалж тогтооно гэсэн. Иргэний бүртгэл орно. Үнэнээрээ л байя. Худлаа хэлэх, хүнийг хуурах юм байхгүй ээ. Чи намайг дагаад Нарангийн энгэр яв. Бурхан болсон ах, эгч, аав, ээжийн хөшөө чулууных нь зургийг ав. Тэрийгээ баримтжуул. Хоёр талаасаа баримтаа тулгая” хэмээн шуудхан тулгажээ. Нарийн бичиг залуу нэлээд бодол болон сууж байснаа сэтгүүлчээ дууддаа л гэсэн байна.

Сайд, дарга нарын хуудуутай, алдаатай бодлогыг бичсэнийхээ төлөө цагдаад дуудагдана гэдэг сэтгүүлч хүнд нэг талын хэцүү. Эцэг, эхээс заяасан нэрээр нь дуудахгүй. Яллагдагч 498 зэргээр л дуудна. Сэтгэл санааны хувьд дарамтад оруулж байгаа хэлбэр нь тэр. Байцаагч руу дээрээс утсаар ярина. Тэгж, ингэж асуу зэргээр лүндэн буулгана. Харин сүүлийн хоёроос гурван жил ярвигтай юм бичээгүй болохоор нуруу амар явна гэдгийг Олдох эгч онцоллоо. Өөрөө ч залуу сэтгүүлчидтэй уралдаж гүйдэг нас өнгөрч байх шиг байна гэдгийг нэмж тодотгоно лээ.

Хатууг зөөллөсөн хоёр хүүгийнх нь нөмөр

Өдий дайны сэтгүүлч явахад Олдохыг түшсэн хамгийн гол итгэл найдвар нь амьдралын утга учир болсон хоёр хүү нь. Багаас нь гэртээ орхиод ажилдаа явна. Ямар нэгэн татлаа, түтлээ гаргахгүй. Ажлаа айдас, түгшүүр арагшаа гэсэн болгоомжлол дунд хийхгүй. Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон сэтгүүлчийн амьдрал гэдэг өөрөө ямар билээ. Цаг наргүй ажиллана. Өглөө гараад орой ирнэ. Өөрөө ээжийгээ 50 хүрэх гэж байхад нь гарсан хэнз хүүхэд. Найм төгсөхийг нь үзэхгүй нь гэтэл төгсчихсөн. 10 төгсөхийг нь үзэхгүй гэдэг болсон төгсчихлөө. Дээд сургууль төгсөхийг нь харахгүй юм байна гэсэнд харсан. Хүнтэй сууж, хүүхэд гаргахыг үзэхгүй нь гэхэд хоёр хүүтэй болчихсон.

Харамсалтай нь, хоёр хүүг нь сургуульд ортол хүний дайтай өсгөсөн ачтан түүний ээж ходоодны хорт хавдраар 2007 оны есдүгээр сард бурхан болжээ. Их тэвчээртэй хүн. Өтөл насандаа нэг ч удаа “Ёоё” гэсэнгүй. Эмнэлэгт хэвтсэн өдрүүдийн шөнө нь Олдох, эгчтэйгээ ээлжилж сахиж хоноод өглөө нь ажилдаа явна. Ширээгээ дэрлээд хоёр цаг дуг хийхэд жигтэйхэн амарсан юм шиг болно. Үүнийг харж хэвтсэн ээж нь “Ажилтай нь ажлаа хий, ажилгүй нь хар. Намайг бурхан болоход шарилын хайрцаг авах мөнгөгүй байж ингэж ажлаа алдаад яах вэ? гэж халаглана.

Нэг өдөр ажил дээрээ сууж байтал эгч нь залгаж, ээжийнхээ бие муудсаныг дуулгав. Тэрүүхэн хооронд ухаан балартаж, нэг мэдэхэд ширээн доогуураа мөлхөж явжээ. Ажлынх нь хоёр сэтгүүлч тэр даруйд нь сугадаж гаргаснаар гэртээ ирэхэд ээжийнх нь бие хэдийнэ хөрсөн байлаа. Өглөө нь эмээгийнхээ дэргэд үлдсэн хоёр хүү нь цурхиртал уйлаад сууж байхыг харах тэр агшин эх хүнд төсөөлөхийн аргагүй хэцүү. Гэрийнхээ гадаа яаран очиход дугаараа нууцалсан утаснаас “Чи энэнээс илүү их юм үзнэ дээ?” гэж дайрсан гэдэг. Сэтгүүлч хүн үнэний эрэл хайгуул хийж, бичсэнийхээ төлөө дайсантай болдог юм байна гэдгийг тэр үед мэдэрчээ.

May be an image of 3 people, including Чанцалын Үл-Олдох

Одоогийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг Хууль зүйн сайд байхад ногоон паспортын тухай бичээд удаагүй үе. Тэгэхэд сайд асны ээж, эгч нь удаа дараа залгаж дайрч, дарамталж байжээ. Ээж нь өнгөрснийг мэдээд залгаж байгаа нь өөрөө Төрийн өндөр албан тушаалтнаас гарахааргүй хатуу сэтгэл. Ажил явдал нь болоод дуустал утсаа тасалж болохгүй. Гэтэл “Эмээтэйгээ яръя” гээд жоохон хүүхэд утасны цаанаас уйлахтай хүртэл таарчээ. Гурван сарын дараа ах нь зүрхний өвчнөөр бурхан боллоо. Зүрх нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн хүн маргааш нь гарна хэмээн хэл дуулгачихаад тэр шөнөдөө хонгилд өнгөрчээ...

Дараалсан хагацал зовлон, хоёр нялх хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Дөрвөн ханатай гэрийнхээ мухарт цаг наргүй ажилтай тэрбээр ганцаараа хамаг ачааг үүрээд үлдлээ. “Эхийгээ амь тавиуллаа” гэсээр хашааны эзэн хөөж, тууна. Арга ядахдаа арванхоёрдугаар сард цас орохтой зэрэгцэн өөр айлын хөлдүү газарт гэрээ буулгаж барилаа. Түрээсээ хэдэн сараар нь өгчихөөд байж байтал хашааны эзэн нь эхнэрээ эмнэлэгт хэвтсэн хойгуур өрх толгойлсон түүнийг татаж, чангааж айлгана. Асуудал үүснэ, ааштай юм болохоор хэрүүл хийнэ. Бөөнд нь өгсөн түрээсээ эргүүлээд авъя гэхээр бэлэн мөнгө байхгүй дараа болъё гэж элэг барина. Утсаар ярьж, мөнгөө нэхнэ байхгүй гэх хариу. Хэд хэдэн удаа залгасаар өөрөө нэгжиндээ хамаг мөнгөө үрээд дуусна. Дараагийн айлын хашаанд ч өмнөх байдал давтагдана. Тэгж зовж явахад нь С.Ууганбаяр найзуудын хамт ирж тусалж байв. Ээжийгээ өнгөрсний дараа хэсэг хөлчүүрхэж яваад Батцэнгэл найздаа загнууллаа. “Хүний тавилан. Хоёр хүүгээ хар. Эднийгээ орхичихоод гудамжинд гарах уу?” гээд л загнахад ичих, гэмших нь зэрэгцжээ. Ийнхүү гэр бариад бүтэхгүйг ойлгосон Олдох эгчдээ гал голомтоо өгчихөөд нийтийн байр түрээсэлж үзлээ.

Нийтийн юм шиг амьдрал ямар байх вэ? мэдээж ойлгомжтой. Өдөржин цаг наргүй яваад орой нь ирэхэд хөргөгчинд орхисон мах байхгүй. Хоёр хүүгээсээ асууна, хүн гуйхаар нь өгчихсөн гэнэ. Хувцсаа угаая гэтэл саван алга. Асуулаа өнөөх л шалтгаан. Байхгүй гэж хэлэхгүй яасан юм гэж зэмлэхээр “Та өөрөө хүнд битгий худлаа ярь гэсэн биз дээ” гэсэн хариултаар амаа таглуулна. Нэг удаа ороод иртэл танихгүй залуу угаалгын машинд пүүзээ угаагаад зогсож байна. Хүүхдүүдээс зөвшөөрөл авсан бололтой. Айл эзгүйчиллээ гэхийн завдалгүй “Сүртэй юм” гэсээр гарч одно. Бүр зочид буудал болчихсон үе ч бий. Өдөржингөө явсан сурвалжилгаа дугаарт шилжүүлж өгчихөөд шөнө гэртээ очиход хоёр хүү нь “Бидний ундаа” тавьчихсан үүдэндээ сууж байна.

“Гэртээ орохгүй яасан юм” гэтэл дуугарах шинж алга. Яваад ортол хоёр залуу, хоёр эмэгтэй. Хоол хийж идээд, ширээ засчихсан, ор хөнжилд орчихсон байхтай таарав. Нийтийн байраар дүүрэн тачигнаж, босгоод арц хүж уугиуллаа. Байхгүй хойгуур нь хоёр хүүг нь ундаагаар хуураад өөрсдөө өрөөнд нь ийн найрлажээ.

2008 оны долдугаар сарын 1. Гэрэл зурагчин Ч.Лодойсамбуугийн хамт сурвалжилганд явлаа. Лодой халзан толгойтой, энд тэндгүй үсэрч буугаад зураг авна. Ажлаас нь буцаж ир гэсэн команд өгөхгүй бол очихгүй. Нэг мэдсэн “Ийгл”-д байсан Энхсайхан залгав. Олдохыг Үлээ гэж дуудна. “Чи Ийглийн нүүрэн дээр цагаан юбка намируулчихсан гарч байна. Хоёр хүүхэд чинь яасан бэ?” гэв. “Ажлаас ир гэхгүй бол очиж болохгүй” гэлээ. Тэгж явтал ажлаас нь залгаж, нөхцөл байдал хүндэрлээ, хурдан ир” гэжээ. Лодой тэрүүгээр зураг аваад тоосон шинжгүй. Арай гэж очоод хэлэхэд “Та түрүүлээд явж бай. Би зургаа авна” гээд үлджээ. Редакцдаа очиж, сурвалжилгаа бушуухан бичиж өгчихөөд гэр рүүгээ яаран гүйлээ. Өмссөн сандаал, юбка, цамц, цүнх нь бүгдээрээ цагаан. Үймээн самуунтай түнэр харанхуй дунд цав цагаан хувцастай “шөнийн хатан” шиг хүн гялан, гялан гэсээр Дэнжийн 1000 руу байдаг хурдаараа гүйсээр харилаа. Хоёр хүүхэдээ гэрээсээ гарч болохгүйг урьдчилаад хэлчихсэн болохоор гайгүй. Гадаа тоглож байгаад орж ирсэн бололтой хоёулаа нүүр халтайсан царайтай цомцоогоод сууж байна. Түүнийг хараад Олдох сая дотор уужирчээ. Сургуульд нь өөрийн биеэр нэг ч удаа хүргэж өгөөгүй. 500 төгрөг атгуулаад том хүн дагаад зам гарахыг захина. Буцаж ирэхдээ ч адилхан. Нэг удаа эцэг, эхийн хуралд суухад “Танхай эх” хочтой болсон байлаа. Гэвч бүх асуудалд түүний хувьд халаглаад хойш суух шалтаг биш тэмцэж, тэмүүлэх шалтгаан болсоор өнөөдрийг хүрчээ.

Дөрвөн улирал нь ээлжлэн өнгөрдөг хорвоогийн нэг оны хэмжүүрээс хамгийн хахир бөгөөд ааш нь олдоггүй, олон өнгөтэй нь ХАВАР. Өглөө нь цэлмэг нартай угтсан тэнгэр өдөр нь хуйсагнаж, үдэш нь цас, борооны аль нэгээр хувирдаг нь энэ улирлын онцлог. Хүний амьдралаар жишвэл хамгийн ээдрээтэй бас бартаатай нь. Олдох эгчийн амьдралын замнал яг л ХАВАР шиг өнгөрчээ. Эрээнтэй, бараантай, салхитай, шууртай тийм л өнгөөр. Ангийнхнаасаа арай дөнгүүр сурлагатай явсан 18-тай охин хүссэн мэргэжилдээ хүрч чадалгүй буйдхан сумандаа ганцаараа шахуу хоцорч үлдсэн нь тэртээх 32 жилийн өмнөх ХАВАР. Тэр цагаас хойш 10 хаврыг үдэхдээ зөвхөн аяга таваг угаагаад, аргал түүгээд явж байсан эмэгтэй шүү дээ... Харин түүнээс хойш дахин 22 хаврыг үдэхдээ амьдралын хатуу, хахир нугачаа, хагацал бүрийн өмнө сөгдөж, сөхөрч биш сөрж, босч яваа нь аргагүй л “Мөрөөдөлтэй хүн мөхдөггүй” хэмээх үгийнх нь гол утга агуулга болов уу?.

Наймдугаар ангиа төгсөж, аравдугаар ангиа дүүргэж, хүнтэй сууж, хоёр нуган үрийн эх болж, хожуу ч гэсэн дээд боловсролд хүрч, хүссэн мэргэжлээрээ хүний дайтай яваагаа нас дээр гарсан ээждээ харуулж чадсан энэ амьдралынх нь үнэ цэнэ, утга учир оршино.

 С.Гандөл