ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц
Түрүүч нь http://www.uzeg.info/m/15
26 жил хамт ажиллахдаа хоёр удаа л ам мурийсан нь
Ганаа эгч хоёрдугаар курсээсээ “Ням гариг” сонинд найман сар хагас цалинтай ажиллажээ, 1994 онд. Мэдээ бэлтгэж өгнө, сурвалжилга хийнэ, тэр бүгдийгээ редакцид нийлүүлнэ. Ингэж явсаар 1996 оны аравдугаар сард албан ёсоор “Ардын эрх”-ийн цэрэг болов. Эргээд харахад бас бус ярианд аазгай хөдөлнө. Учир нь, “Алмас” хэмээх Ц.Батбаяр, “Хонх”-ны С.Цогтсайхан нарыг мэдэмхийрч зарим нь ам халж, зална. Сэтгүүлч болсноос хойшхи 30 жилд болж өнгөрсөн аливаа үйл явдал, түүхийг нүдэн дээр нь гуйвуулах тохиолдол цөөнгүй. Тэр дундаа сэтгүүлчид өөрийн түүхээ зохиомжлоход дургүй хүрнэ. Мэргэжлийнхээ амбийц талдаа хурц зарчим нь түүнийг ийн өдөлдөг. Гэхдээ тэр бүгдийг ил гаргаж, бусадтайгаа мөчөөрхөлцөх шалтаг чанар Ганаа эгчид үгүй. Гарцаагүй тэргүүн шугаманд ганцаараа зогсч, ноён оргил нь явсан болохоор. “Өдрийн сонин”-оос явахад зарим нь оргилуун дарс тулгасан юм гэдэг. Оны шагнал байнга авна. Шаардлага нь маш энгийн. Ерөөсөө л бусдаасаа илүү байж ав гэсэн цензур, босготой. Хоёр сэтгүүлч ижилхэн ярилцлага аваад ирэхэд илүү нь орно. “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх” гэсэн хоёрхон том хэвлэлтэй байсан үе. Одоогийнх шиг сайт байсангүй. 1999 онд өглөө ажилдаа ирэхэд “Ардын эрх” хэмээх Төрийн том малгай хувийн хэвшил болчихсон байв. Төрийн төв хэвлэл байхаа больж, “Ардын эрх” нэрийг таван жил хэрэглэхгүй байхаар хуульчлав. “Ардын үндэсний эрх” гэж өөрчлөн гарсан анхны дугаарын тэргүүн нүүрэнд Ганаа эгчийг бичих үүрэг өгнө.
Тал нь Бал эрхлэгчийг дагаж “Өнөөдөр” рүү, үлдсэн нь Мийгаа эрхлэгчтэй Өдрийн сонинд. Хуучнаар “Ардын эрх” сонин яамны хэмжээнд байсан үе, Монголын сэтгүүлзүйн том авторуудыг төрүүлсэн школ, имижтэй редакц. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Эдийн засаг, Гадаа мэдээний хэлтэс нь тус тусдаа таваас зургаан хүнтэй. “Ням гариг” гэхэд 10-уулаа. Л.Өлзийтөгс, Д.Энхболдбаатар тэргүүтэй авторууд. Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очирыг эзгүй хойгуур нь Ганаа эгч ширээнд нь анх суужээ. Ширээн доторх бүх юмыг нь боож, тавиад ирэхэд нь өгч. Тэгсэн “Манай Ганаа ирсэн юм уу?, болжээ” гээд элгэмсэг хэлснээс бусдаар уурлаж, эгдүүцсэнгүй. Том зохиолч болно гэсэн бодол байсаар л... Ганаа эгчид нэг гомдол одоо ч явдаг гэнэ лээ. Тэр нь Б.Ганболд тэргүүтэй эрхлэгч нар гадагшаа мастерт явуулчихгүй дээ? гэх тунирхал. “Өдрийн сонин”-д байхад Б.Ганчимэг хоёр сар амарч болно гэсэн тушаал гарна. Ажил тасалсан тохиолдол үгүй, ерөнхий эрхлэгч нарын хайранд явсан түүнд энэ тушаал сая л нэг нуруу амрах шалтгаан.
Одоогийнх шиг интернэт байхгүй цагт уншигчийн шүүмж факсаар ирнэ. Нэг удаа малчдын тухай нийтлэл бичлээ. Малыг нь хувьчлаад өгчихсөн. Зуд болохоор л улсын нөөцөөс өвс аваад гарах юм гэх агуулгатай. Бодлогоор л бичиж таарна. Ерөнхий эрхлэгчийн бодлогыг гол автор авч явдаг нь сонины бичигдээгүй хууль. Хаана нь цохилох зүрх хамт байх, хаана бага зэрэг унтрах нь цэвэр сэтгүүлчээс бүрэн хамаарна. Харин Ганаа эгчийн нийтлэл болгон тэр бүгдэд хамт явжээ. Тийм болохоор “Өдрийн сонин”-ы үзэл санаа, хувь сэтгүүлчид олгосон төлөвшилд асар хүндэтгэлтэй хандана. Б.Ганболд эрхлэгч байна. Дотроо байгаа зөрчилтэй ертөнцийг гадагшаа аашаараа нууж явдаг хүн.
Социализмаар өсч хүмүүжсэн, хоёр нийгмийг үзчихсэн Ганаа эгчийн хувьд хүлээцтэй нэгэн. Сэтгэлийн хөдөлгөөн, халуун зан чанартай юм шиг мөртлөө л уг характер нь дийлнэ. Мийгаа эрхлэгчтэй үзэл бодол зөрчилдөж ам зөрж байсангүй. Б.Ганболд эрхлэгчтэй ч ялгаагүй. Ажлын тавцан дээр ганц удаа сөрсөн нь Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгуулиар дэмжээгүй гэх шалтгаан. 24 настайгаасаа Б.Ганболдын цэрэг болж ирсэн тэрбээр 26 жил ажиллахдаа хоёр удаа л ам мурийсан гэсэн үг. Хоёр дахь нь саяхан.
Пал хийтэл хэлсэн Б.Лигдэн гуайн үг
Факсаар урт захиа ирж байна. Утга нь “Мах идээгүй болоод гахай болчихсон юм уу?” зэргээр дуржигнуулж. Уг нь мах идсэндээ биш л дээ. Өвчнөөс үүдэлтэй гэнэтийн өөрчлөлт. Талархлын захиа ирнэ. Магадгүй дугтуйтай захиа хүлээж авдаг сүүлчийн сэтгүүлчдийн нэг нь тэр байх. Ялтан, биеэ үнэлэгчээс эхлээд Улсын Ерөнхийлөгчөөс хүртэл ирнэ. Уншихгүй өнгөрүүлэхийн аргагүй. Өөрөөсөө илүү хүнтэйгээ өгсөж ярилцаж байж сэтгүүлч хөгжинө. Нэг талаараа ярилцлагын төрөл сэтгүүлчийг хамгийн их хөгжүүлдэг. Тухайн үеийн Багшийн их сургууль анхны сэтгүүлч бэлтгэж байсан болохоор хамгийн сайн багш нарыг оруулж байсан цаг. А.Эрдэнэтуяа, Бадамханд байна. Утга зохиолын ерөнхий онолыг Сорогдог Энхбаяр орно. Монгол хэл бичиг нь бүгдээрээ мундагууд. Хожим бодох нь ээ статистик заавал орох ёстой байж, сэтгүүлзүйн төрөлд. Дээд төгсөлт нь дандаа зохиолч болоод явчихлаа. Тиймээс та нар сэтгүүлчээрээ л явах ёстой гэсэн тулгалт багш нарын зүгээс ирнэ. МУИС-тай өрсөлдөж байсан үе. Хар хайрцагны бодлого гэдэг шиг төгсөөд “Шартай үзээрэй” гэж Ж.Батбаатар багш захина.
Сонинд жинхэлсний дараа эхэн үедээ салбарт нь “Хөдөөний охин юу юм” л гэнэ. Сонины редакцид “Тосгоны охиныг од болгох гэлээ” хэмээн Б.Ганболд эрхлэгчийн өрөөнд нэгэн эмэгтэй сэтгүүлч уйлаад суухыг өөрийн нүдээр харж, сонсоод л явжээ. Мэргэжлийн том редакци гэдэг өөрөө классик орон зай. Их спортоор мэргэжлийн татами. Хувь заяаны тохиол уу өнөөх олон “Ган”-гууд эхнээсээ алга боллоо. Хоёр жил бичсэнийх нь дараа Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн гуай тааралдаад “Тийм тансаг гоё бичдэг байж яагаад ийм тарган юм бэ?” гээд пал хийтэл хэлжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар биеийн хэмжээ өөрчлөгдөж, түүнтэйгээ тэмцэж явсан үе. Бусад шигээ салонд хэвтэх, хайрлаж, дурлалцах цаг хугацаа түүнд байсангүй. Сонин бол өөрөө босоо удирдлагатай, нэршил нь сэтгүүлч болохоос тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ ерөнхий эрхлэгчийн цэргүүд.
Дээд үеийн мундаг автор Х.Бүрэнтогтох гэж байв. “Алмас” хэмээх Ц.Батбаяр тэнгэрт дэвшихээсээ өмнө өгсөн ярилцлагаа дурдсан хамгийн сүүлчийн үг нь “Би Америк явна”. Амьхандаа Х.Бүрэнтогтохыгоо санаж, бэтгэрсэн нь тэр болов уу. “Миний хол явах найз” гэж бичнэ. Олонд танигдаад ирэхэд “Алмас” ах хажууд нь зогсоод хэлнэ. “Хэн чамд баяр хүргэж байна? Хммм... Дотроосоо хүргэхгүй байгаа биз” гээд л шордоно. “Ж.Мягмарсүрэнг од болоход би шил юмтай ирж баяр хүргэж байлаа. Гэхдээ би түүнээс өмнө од болсон хүн. Галзуу бичдэг нөхөр л дөө. Харин танай үед тийм юм байхаа больж” зэргээр нэмнэ. Мийгаа эрхлэгч амьтны тухай бичнэ. Мэдээж яг амьтан биш. Түүний бичсэн “Долоо дахь хөхний гавар” Ганаа эгчийн ширээний ном. Салбартаа орон зайтай болсных нь дараа “Чив чимээгүй Туул” нийтлэлийг тасархай бичсэн нь одоо ч Ганаа эгчийн санаанаас гардаггүй. Эссе хэлбэрээр эко сэтгүүлзүйг хийе гэнэ, Мийгаа эрхлэгч. Сэтгүүлчид санаагаа хэлж, ойлгуулах олон арга бий. Загнана, аргадана, шүүмжилнэ. Тэр бүгдийг шингээж санаагаа зангидах нь тухайн нийтлэлчээс бүрэн хамаарна. Ганаа эгчийн дотор тал нь буйр суурьтай эмэгтэй ноёлно. Залуугаасаа зовлон, жаргал үзчихсэн. Түүний ярилцлага яагаад амжилтад хүрч эхэлсэн шалтгааны учиг эндээс улбаатай. Зэрэгцэж суугаад харахад итгэл төрүүлэх төв Халхын хэв шинж байдаг ч юм шиг...
Ярилцагч уулзсан даруйдаа “Чамд итгэж байна” гэснээр эхэлнэ. Дуу хураагуур байхгүй болохоор эхэндээ ярилцагчийнхаа үгтэй уралдаж цаасан дээр бичдэг байв. Хурдан ч бичнэ. Яваандаа бүтэхгүйг нь мэдэрч эхэлснээр том дуу хураагуур авчээ. Өөрөө ч авсан юм биш. Нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпилээр авахуулсан байгаа юм. Том хальсанд хураана. Нэр нөлөөтэй улстөрчдийн ил далд, гаргаж болохгүй сэдвээр ярьсан бүх зүйлс тэрхүү хальсанд хадгалаатай. Банканд хадгалуулсан нь ч бий. Тэдгээрт төр, нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш нас барах үетэй зэрэгцэн улс төрийн уур амьсгалд шуурга дэгдэж байх үеийн ярилцлага ч багтана.
“Хоёулаа улаан хүрэн өнгийн эксел авна аа”
1998 оны эхээр Мөрдөн байцаах газрын дарга Алтангэрэл хурандаагаас ярилцлага авч байв. Энэ үед нэгэн алба хаагч өрөөнийх нь хаалгаар шагайж байна. Хурандаа Алтангэрэл сэтгүүлчийг хүндэтгээд гарч уулзчихаад ороод ирлээ. Тэр даруйдаа “Алба хаагчдаараа үнэхээр бахархаж байна” гэж байна. Учрыг тодруултал Казиногийн хэргийн дуулиантай зэрэгцэн 1000 ам.долларын авлига өмгөөлөгч нь авчирч өгчээ. Мэдээж ХАДААС. Бичиж болох эсэхийг лавшруултал яаж цацах нь “Таны мэргэжлийн ёс зүйгээс шалтгаалах асуудал. Хэдийгээр парламентын гишүүд холбогдсон ч би бууж өгөхгүй” гэжээ. Парламентын гишүүдийг сугалж, ял ногдуулсан асуудалд “Өдрийн сонин”-ы бодлого мэдэгдэхүйц нөлөөлсөн гэдэг. “УИХ-ын гишүүний бүрэн эрх хаана байна?” гээд л бичнэ. Одоогийн хэргүүдийн хажууд мэдээж жижигхэн, инээдтэй асуудал. Өмгөөлөгч нь хэргээ хурдан шийдүүлэх зорилгоор дугтуйнд мөнгө хийж, орхиод гарсан тэрүүхэн хоромд даргаас нь яриа авч таарсан нь энэ.
Хадаас хийсэн бол өглөөний шуурхай дээр ерөнхий эрхлэгч тушаал гарч шагнуулна. Сайн материал, хадаас мэдээ хийвэл бусдаас илүү үнэлүүлнэ. Энэ бол өдөр тутмын сонины алтан дүрэм. Цаашлаад хамгийн зөв, шударга үнэлгээ. Сайн материал, хадаас мэдээний араас өрсөлдүүлэх бодит шаардлага. Сонины оны шилдэг бичлэгийн шагналыг хүртэх нь сэтгүүлч бүрийн мөрөөдөл.
Мөнгөө цуглуулж байгаад хөргөгчөө авлаа. Зурагт авч тавилгынхаа тоог нэмлээ. Амгаа ах Ганаа эгч хоёрын амьдрал ийнхүү эхнээсээ жигдэрлээ. Улаан автобусанд суучихаад явж байхдаа “Хоёулаа улаан хүрэн өнгийн эксел авна аа” гээд биендээ ярина. Удалгүй 3.7 саяар “Princе” машин авлаа. Ганаа эгчийн гардаж өсгөсөн Баасандорж дүү нь оюутан болоод ирчихсэн үе. Санаандгүй хөгжмийг нь дарж асаатал Амгаа ах цочоод “Битгий хамаагүй юм оролдоод бай” гэж эгдүүцээд хүрднээсээ тас зуураад явжээ. Өглөө 06.00 цагт босоод байрныхаа зогсоолд байрлуулсан машинаа харна. Анхны байр араас нь автомашин. Цаанаасаа л сэтгэл дүүрэн, гоё дүр зураг. Шинэ бүрээс хийлгэчихээд, цонхоо бүхэлд нь онгойлгочихсон явж байтал том хар жийп хажуугаар нь зөрөхдөө битүү ус цацчихаад өнгөрчээ. Жолооны хүрднээсээ барагтаа хоёр гараа салгадаггүй Амгаа ах тэрүүхэндээ тэсгэл алдсан гэдэг. Цагдаа цамц нь авах юмгүй болтлоо шалбааганд будуулав. Ганаа эгчийн нулимс асгараад л иржээ. “Ингэж дээрэлхүүлж амьдрах ч гэж дээ” гээд хор шар нь хөдөлснөөс үүдэлтэй.
Гарчиг тавьснаас бусдаар бичих юмаа бодоод нааш, цааш холхих нь Ганаа эгчийн дадал. Тэгж явсаар буулгахаа хүрвэл 30 минутын л асуудал. Заримдаа гарчиг өгөхдөө багагүй цаг зарцуулна. Ярилцлага авсан бол тухайн өдөртөө буулгаж оруулах нь хууль. Үүнийг хэн ч сөрөхгүй. Ав гэсэн бол авна. Авсан бол буулгаад оруул. Чадахгүй бол БАЯРТАЙ. Сонин хүнээр дутдаггүй гэж айхтар үг эндээс ч улбаатай байж мэднэ. Олон жил цаасан хэвлэлтай ойр явахаар хоолойнд өөрчлөлт гарна. Уг нь Ганаа эгч радиод ч тэнцэхээр нарийхан цээл хоолойтой нэгэн байж. Гэвч цаасан хэвлэл түүний унаган хоолойг баргил, бүдүүн болгож “өөрчилжээ”. Ярилцлагаа эргээд уншуулахгүй. Цэвэр сэтгүүлчийн мэдрэмж бүтээл болж бууна. Баасансүрэн багш ч энэ талаар харамгүй зөвлөж иржээ. Тэр олон авторуудаас чамд итгээд, төдий хэмжээний цаг сууж, бүтэн, хагас ч бай нээснийг тооцож байгаарай гэнэ.
Ярилцлагын төрөлд амьдшил оруулж ирсэн хүн бол маргаангүй тэр. Унших төдийд нөгөө хүнийх нь үйл хөдлөл нүдэнд тусахаар буулгана. Жишээ нь, Ц.Нямдорж гуай дэргэд байгаа юм шиг хэгжүүрхэж, хэрэлдэж буй мэт уншуулна. Өөрөө ч энэ төрлөөр олон жил ажиллажээ. Харин одоо Монгол хэл өөрөө эмзэг болохтой зэрэгцэн үндсэн дүрэмдээ хөтлөгдөх болсон байна.
Баабарын нөхөрсөг зөвлөгөө
Мийгаа эрхлэгч заримдаа хэлнэ. Ярилцлага чинь том болоод байна, хас гэнэ. Бичсэн юмнаасаа хасуулах хамгийн дургүй зүйл нь. Амбийцтай учраас сонинг ярилцлагаараа майхан шиг дарчихдаг гэх шүүмжлэл гарна. Олон хүн ажиллаж байна, юмаа оруулах хэрэгтэй л гэнэ. Дээхэн үед бол өөр. Даацтай, чанартай хийсэн бол хэмжээ хамаарахгүй оруулна. А, Б-гүй оруулж байж уншигчид сэтгэл ханамж өгнө. Мэдээж тухайн ярилцлагч зүгээр толгойгоо илүүлж байгаад ярихгүй. Үгийн тулаан, тактик шаардана. Дуртай сэдвийг нь яриулж байгаад дургүй рүү нь хөтлөхөд түргэн ууртай нь стакантай ус шидээд л босно. Адилхан шатна. Эргээд уншина гэж гуйна, үгүй гээд гүрийнэ. Үүнээсээ болж олон ч хүнтэй түнжин хагарчээ. Үндсэндээ тэр өнгөрсөн 30 жилд улстөрч, хуульч, олны танил эрхмүүдийн амьдралынх нь хамгийн онцгой үед ярилцлага хийж иржээ. Сэтгүүлзүй хэцүү. Хэн ч танихгүй явсан хүн нь тодорч, томроод ирэхээрээ ангилж харьцана. Биеэ тооно. Энэ бүгд нь Ганаа эгчид таалагдахгүй. “Од юм бол од шиг байна шүү” гээд бичнэ. Парламент руу яваад ороход гишүүд нь ч, сэтгүүлчид нь ч хүндэтгээд угтана. Ш.Цэрэнпил, Г.Дашрэнцэн нар хүндэтгэдэг л байв. Гарцаагүй юм байна аа л гэнэ. Одоогийнх шиг “Чи, тэд, ах, эгч нар юу юм” гэхгүй.
Хоёроос гурван мессеж багтаах нь чанартай нийтлэлийн уг үндэс, суурь. Бүгдийг нь багтаахаар нийтлэл биш болно, өөр хоорондоо зөрчилдөнө, онолын хувьд. Ярилцлага бол өөр. Маш олон мессеж багтана. Хөрөг, дүр, хөдөлгөөн бүхний нэгдэл. Ганаа эгчид ярилцлагаар дагнах бодол хараахан төрөөгүй явсан ч нийтлэлч Баабар “Чамд зах зээл байна. Ярилцлагын төрлөөр чи бол мастер болох юм байна. Өөрөө мэдэж дээ?” гэжээ. Түүн шиг ярилцлагын төрлөөр 20 жил дагнаж, суусан сэтгүүлч гараагүй байхад мэргэшиж эхэлсэн нь энэ юм. Ш.Цэрэнпил гуай ч явахаасаа өмнө “Хөргийн туг миний ширээнд байсан юм. Одоо чиний ширээнд очжээ” гэжээ. Ш.Цэрэнпилийн хөргийг давж бичнэ гэж байхгүй. Гэхдээ л амьд сэрүүн үед нь бичсэн цөөхөн хэд нь нэрт сэтгүүлчийн санааг амрааж, тугаа шилжүүлэх шалтгаан болсон хэрэг.
Амьдралыг муухай болгох хар өнгөнд сэтгүүлчийн хөдөлмөрийн 70 хувь нь очиж наалдана. Тэгэхгүйгээр тэнцүүлдэг төрөл нь хөрөг. Тэмдэглэл, сурвалжилга, хөргийг аваад явж байх л хэрэгтэй. Нэг өдөр эрүүл мэнд, нөгөө өдөр нь гэмт хэргийн мөрөөр орно. Бичдэг нэгэндээ найдна, шаардлагатай бол үүрэг өгнө. Харин Ганаа эгч тийм хандлагаас аль эрт өөрийгөө чөлөөлжээ. Мийгаа эрхлэгчийн хувьд ярилцлага, нийтлэлийг сөөлжүүлнэ. Харин Б.Ганболд эрхлэгч нийтлэлээрээ дагнахыг зөвлөнө. Уриа лоозон маягийн нийтлэлийг халмаар байна гэнэ. Нэг зүйлийг онцлоход нийтлэлийн төрөлд “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч асан Г.Отгонбаяр тэргүүтэй автор том алхам хийсэн байдаг. Г.Отгонбаяр эрхлэгч улс төрийн анализыг шинэ төвшинд аваачсан гэдэгтэй маргах хүн үгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ерэнтэй маш ухаантай бичнэ. Польшид Баабартай ана манатай байж байгаад ирсэн хүн. Баабарын нөхөрлөлийн нэг хөг нь Б.Ерэнтэй. М.Содномпил, Х.Бүрэнтогтох, Б.Ганчимэг. Тэргүүн нүүрэнд авторууд чихэлдэнэ.
Б.Ганболд эрхлэгчийн эрхлэн гаргаж байсан “Бодлын солбилцол” сонинд “Алмас” Ц.Батбаяр, Х.Бүрэнтогтох тэргүүтэй мундагууд ажиллана, цэвэр түүний цэргүүд. Харин Ганаа эгчтэй хамгийн ойр дотно нөхөрлөж явсан хүн нь Х.Бүрэнтогтох. Уран ёжтой бичнэ. Тасархай бичгийн англи, орос хэлтэй. Хүчтэй автор болж яваад хэсэг “зодог тайлах”-д нь Ганаа эгч хэдийнэ танигдсан байв. Бүр “Алмас” Ц.Батбаярын хуурай дүү нь ч болчихсон үе. Сүүлд мөрөөдлөө биелүүлж нэг редакцид ажиллаж үзье гэснээр долоо хоног тутмын “Open Door” сониныг үүсгэн байгуулсан юм. Мэдээж Б.Ганболд эрхлэгчээс зөвшөөрөл авч таарна. Бүрнээ ах ч өмнөх шигээ уран донжтой нийтлэлээ сэргээн бичиж эхэллээ. “Бодлын солбилцол”-ын хэмжээнд хүрээгүй ч долоо хоног тутмын шинэчлэл хийсэн нь “Open Door”.
Гэвч хувийн хэвшлээс төрийн алба руу шилжиж, сониноо орхиод явахад нь Бүрнээ ах хэсэгтээ уурласан юм гэдэг. Тэгж явсаар 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Ганаа эгч 50 нас хүрэх үед эртний анд нь сая иржээ. Уйлалдаж, тэврэлдээд эвлэрлээ. Мьянмар яваад ирэхдээ бишгүүр чирсэн нохойны дүрс бүхий сувинерийг дурсгана.
Хорвоог орхиод буцахаасаа өмнө эмнэлэгт байхдаа гурилтай шөл авчирч өгөхийг Ганаа эгчээс гуйжээ. Аваачиж өгч чадсангүй. Цар тахлын дэгдэлт газар авсан үе болохоор боломжгүй гэдгийг хэн хэн нь хүлээн зөвшөөрөв. Нас барахынхаа өмнөхөн маск бүхий хамгаалалт өгчихөөд амьсгаа хураасан гэдэг, Бүрнээ ах. Хожим зохиолч болбол Бүрнээ ахын амьдралаар роман бичих хэтийн зорилго Ганаа эгчийн цээжинд хадаатай явна. Ш.Цэрэнпилийг оршуулахад Ганаа эгч зогсож л байв. Ж.Гангааг үдэхэд тэр бусадтайгаа хамт байж л байлаа. Нэгэн цагт ана мана өрсөлдөж, ач тач үзэж явсан ах нар, найз нөхөд нь байхгүй болох шиг уутай юм үгүй. Залуугаараа ганцаараа үлдчихсэн мэт мэдрэмж цээжинд хурна. Үе үехэн редакциа санана. Гүйгээд оччихмоор бодол дүрсхийнэ. Гэхдээ одоо тэр Төрийн өмнө үүрэг хүлээсэн албан хаагч.
Тэнэг гэмээр залуу насны зориг
Ярилцсан хүн, уулзсан автор болгоныхоо тоогоор түүн шиг салбар бүрийн төлөөллийн том фигур бүхий олон найзтай хүн бараг байхгүй. Харин бодит амьдрал дээр хуруу дарам цөөн. Нэгдүгээр сарын 6-нд сая төгрөг шилжүүлдэг хоёр гурван найз бий. Тэгэхгүйгээр төрсөн болохгүй учраас тийм стандарт тогтоосон юм гэнэ лээ. 99 сарнай явуулдаг нэг найз бас байна. Дүү нарын хувьд эсрэгээрээ олон. Ялангуяа сэтгүүлзүйд. Б.Ганболд эрхлэгч Н.Энхбаярт сониноо булаалгачихаад өрх тусгаарлаж, Үндэсний шууданг байгуулахад хамт очсон бүрэлдэхүүн бүгдээрээ түүний дүү нар. Өдрийн сониноос Үндэсний шуудан руу буйр сэлгэж, шал өөр орчинд шилжив. Нервтдэг хүн байна гээд Б.Ерэнтэй ах өглөөний шуурхайд суулгахгүй. Сэтгүүлчээр ажилласан он жилүүдэд бичээгүй хоёрхон сэдэв байдаг эдийн засаг, шинжлэх ухаан. Эрэн сурвалжлахаар ажилласан цаг хугацаа нь Ганаа эгчийн хамгийн оргилж явсан үе. Тэнэг гэмээр залуу насны зоригтой байсныг ч хэлэх үү?
“Банкны Цолмон” нэртэй алдартай залилагчаас яриа авахаар хорих руу явлаа. Яг л “Алтан гарт Сонька” шиг. Нүүрэндээ ч пудр хүргэдэггүй явсан түүнд “Эмэгтэй хүн байж нүүрээ будаж бай. Тэгэхгүй бол эрэгтэй хүүхэд шиг харагдаад байна” гээд гомо Нараа анхны уруулын будгийг “Улаанбаатар” сонины гадаа сууж байхдаа өгчээ. Сүүлд пудр, уруулын будаг хэрэглэж, дадаад космитектэй болсон байв. Хориход очиход ярилцлагын гол дүр “Зураг авч байгаа юм бол нүүрээ будмаар байна. Эмэгтэй хүн байна даа” гэжээ. Ярилцлага нь хадаас болохоор шууд л зөвшөөрлөө. Авч дуусаад гартал косметик хоосон. Ярилцлага дундуур нэг нэгээр туусаар хоосолж амжсан байв. Эргээд заргалдалтай нь биш. Дипломын ажлын шугамаар Мааньтын хориход хоригдол тогоочийн цуйванг иджээ, тасархай. Тийм цуйвантай дахиж таарсангүй. Тахир соёотод очиход анх удаагаа цочролд оржээ. Долоо наймхан хоригдолтой. Ганцаараа гав дөнгөтэй, хүнтэй яриагүй зургаан жил болсон залуу. Хил зөрчигч буудчихсан, 20 жилийн ялтай. Ам нь зурчихсан. Хэлмэгдчихсэн болохоор ярихгүй. Гэмт хэргийн гаралт тийм л байсан үе. Зүв зүгээр байсан бас нэгэн залуу анхны хайрынхаа амийг егүүтгэжээ.
Залуу сэтгүүлч “Дөнгийг нь авчих” гэж хэлээд хорихын даргад загнуулав. “Чи солиотой юм уу? Ганц ухасхийгээд гинжээрээ хоолойг чинь ороогоод барьцаалчихвал бид нар яах юм! Чиний том сэтгүүлч хамаагүй шүү” зэргээр цамнажээ. Шорон яваад ирлээ гэж арц, хүжээр ариутгахгүй. Хадаас хийгээд ирлээ л гэнэ. Цээр, шашин шүтлэг саяхныг хүртэл байсангүй. Аваарт ордог жилээ “Намайг босгооч” гэж бурхнаас гуйсан гэдэг. Хориход бал байлгахгүй. Гэхдээ л тэр залуу ханан дээр зурна. Хайртай бүсгүйгээ. Ярилцлага хийхэд тэр бүр зурагчинтай очихгүй. Альбомноос нь нарийн нандин зургийг нь шилж, сонгоно. Зарим нь эргээд нэхэхгүй. Архивтай хадгална.
Эрэн сурважлахаар явахад зайлшгүй зориг шаардсан тохиолдолтой бишгүй таарна. “Өдрийн сонин”-д байхдаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай сурвалжилгад явлаа. Хойд эцэг нь долоон настай хүүгийнхээ амийг хороогоод булсан тухай. Гэвч хойд эцэг нь хийгээгүй байж таарах нь тэр. Налайхын цаашаа хөдөө гараад давхив. Л.Мөнхбаясгалан “Ланд”-тай, гарт нь ороогүй. Цагаадай, Сүбээдэй нэртэй хүмүүс, уулыг эзэлчихсэн. Хэн ч байхгүй уулын аманд. Бүслэлт давсаар хоёр гэрт иртэл хүн байсангүй. Илүү гэр рүү ухасхийн гүйж ороод эрэл хайгуул болтол цустай хэрэглэлүүд гараад ирлээ. Тэр даруйд нь зурагжуулж, баримтжуулаад аппаратаа машиндаа оруулж тавиад эргээд хүмүүстэй уулзав. Уулын аманд очсон хоёр сэтгүүлчид муу юм тохиолдвол бараг хэн ч мэдэхгүй тийм л нөхцөл байдал, дүр зураг. Хэд хэдэн ч үг алдуулж амжлаа. Одоо зугтахгүй бол уур амьсгал өөр тийшээ эргэж байна. Жолооч нь машинаа гартаа оруулж амжаагүй, айдастай. Зураггүй очиж болохгүй. Бүгдээрээ цаашаа харчихаад хөөж туугаад байдаг. Тэгэнгүүт Л.Мөнхбаясгалан “Ганаа эгчээ маш хүчтэй гэнэт сигналаа дарна. Ганц кадр дараарай. Таны л аз шүү” гэжээ. Хэлсэн ёсоороо сигнал дартал бүгд эргэж харлаа, шуудхан зургийг нь дараад орилолдсоор жолоо мушгилаа. Хожим Л.Мөнхбаясгалан “Ланд”-аа зараад жижигхэн машин авсан юм гэдэг.
Үргэлжлэл бий.
С.Гандөл