Үнэртэй усанд дуртай ӨВӨӨ

Онлайн орчинд өөрийн гэсэн “гэр бүл”-ийг бий болгож, үнэртэнд дурлагсдын группт “өвөө” нэрээр алдаршсан олон улсын өмгөөлөгч мэргэжилтэй Н.Орчлонгийн талаар сийрүүэн хүргэе. “Үнэртэй усанд дурлагсдын клуб” нэртэй фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч тэрбээр анхилам тансаг үнэртэй сүрчгийг “гэр бүл”- ийнхэндээ бэлэглэж буй зургаа цахим орчинд түгээх нь эерэг энергийг түгээх мэт. 2013 онд анх байгуулж байсан тус групп өдгөө  263 мянган гишүүнтэй болтлоо өргөжин тэлжээ. “Дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг үнэртэй усны группүүдээс хамгийн олон гишүүнтэй нь манайх. Үнэртний соёлыг түгээдэг ижил хоббитой хүмүүсийн нэгдэл. Би ч өөрөө үнэртэй усанд их дуртай. Тиймээс үнэртэй усны групп байгуулж, хүмүүст мэдээлэл бичиж, сэтгэгдэлээ хуваалцдаг. Анх эхлүүлж байхдаа ийм олон гишүүнтэй болно гэж бодоогүй” гэв.

Үнэртэй усанд дурлагч тэрбээр өөрийн мэдлэгээ өрөөл бусдад сонирхолтой байдлаар хүргэхийн тулд “Өвөө нь...” гэж элгэмсэг хандлагаар мэдээлэл түгээж эхэлсэн нь өнөөдөр маш олон хүнээс эерэг үнэлгээ авч чаджээ. “Анх латинаар үнэртэй усны талаарх сонин, сонирхолтой зөвлөгөө зөвлөлмжийг бичиж эхэлсэн. Хүмүүст сонирхолтой санагдсан учир криллээр бичих нь зүйтэй гэж бодсон. Мэдээлэл бусдад таалагддаг учраас зургаан жил онлайн оффист оршин тогтнож чадлаа. Үргэлжлүүлэн дөрвөн жил идэвхтэй хөтлөөд болих бодолтой байна. Учир нь, монголчуудад үнэртэй усны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн чадах бүх зүйлээ хийж байгаа гэж боддог” гэлээ.

Алмаз эрдэнийн шигтгээтэй алтан нуухтай 30 грамм үнэртэй усыг 15 саяар худалдаж авчээ

Алс холын АНУ-ыг зорьсон залуугийн хамгийн анх өөртөө зориулж, худалдаж авсан ус бол “Versage” blue jeans. 2001 оны үед 30 орчим ам.доллароор худалдаж авсан нь тухайн үедээ өндөр үнэтэй санагдаж байсан гэнэ. Тэр үеэс үнэртэнд дурлаж, цуглуулгатай болох сэдэл төржээ. Түүний цуглуулгад төрөл бүрийн том, жижиг савалгаа бүхий 300 орчим үнэртэй ус бий. Хаа явсан газраа хачин тансаг үнэр үнэртүүлж явдаг түүнийг сүрчиггүйгээр төсөөлхийн аргагүй.

“300 орчим үнэртэй ус цуглуулж, бусдад бэлэглээд тоо нь багасч байгаа. Сүүлийн үед өндөр үнэтэй, ховор нандин уснуудыг худалдаж авдаг болсон. Гоё үнэртэнг хэрэглээд дуусна гэхээр харамсалтай. Тиймээс монголд үнэртэй усны музейг нээхийг мөрөөддөг. Ирээдүйд үнэртний музейд тавих үнэр нь тансаг, харахад нүд баясахаар гоё сайхан үнэртэнг цуглуулж байна. Миний цуглуулгын уснаас хамгийн үнэтэй нь алмаз эрдэнийн шигтгээтэй алтан нуухтай болор бортогтой 30 граммын ус бий. 15 сая төгрөгийн үнэтэй. Задлаагүй байгаа” гэсэн юм.

Нэг ирэхдээ 200-300 хүнийг баярлуулдаг 

Хүмүүсийг баярлуулж, түүнээсээ эрч хүч, эерэг энерги авдаг олноо “Өвөө” нэрээр алдаршсан тэрбээр гэр бүлийнхээ гишүүдэд үнэртэй ус бэлэглээд зургаан жил болж байна. Эх орондоо ирэхдээ бэлэглэх сүрчгээ богцлоод ирнэ. Бүр хүн бүхэнд адилхан хэмжээтэйг бэлэглэхээр аяллын бортог худалдаж аваад том усыг задлан савандаа юүлдэг байна. “Үнэртэй ус цуглуулж эхэлсэн үеэсээ л бэлэглэж эхэлсэн. Монголд хамтарч ажиллаж, арга хэмжээ зохион байгуулдаг хүмүүстээ талархал илэрхийлж, бүтэн үнэртэй ус бэлэглэдэг байлаа. 30, 10, 5 граммтай үнэртнүүд цуглуулганд маань бий. Үнэртний мастерууд ч надаас сэтгэгдэл сонсохын тулд бэлэглэдэг. Дөрвөн жилийн өмнө эх орондоо ирээд группийнхэндээ болонд бусдыг баярлуулъя гэсэн бодлоор бэлэглэж эхэлсэн.  Нэг ирэхдээ 200-300 орчим хүнийг баярлуулаад буцдаг даа” хэмээн ярилаа.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Гишүүдтэйгээ гар хоосон таарахгүй байхыг бодож явдаг тэрбээр өөртөө зориулж худалдаж аваад, хэрэглэж ч амжаагүй үнэртэй усыг бусдад бэлэглэчихдэг юм хэмээн хэлж буйгаас хүн баярлуулах туйлын хүсэлтэй гэдэг нь мэдрэгдэх аж. Бүх үнэртэнгээ бэлэглээд дуусчихсан үедээ группийнхэнтэйгээ таарвал фэйсбүүк хаягийг нь аваад, дараа ирэхдээ холбогдож өгдөг аж. 

“Өвөө” гээд инээмсэглэл тодруулж ирээд, сэтгэл шингэсэн тансаг сүрчгийг бэлгэнд аваад, сельфи хийж, хэдхэн минутын хооронд бүх процесс болоод өнгөрдөг. Би баян тансаг амьдралтай хүн биш. Мэргэжлээрээ ажиллаж, цалингаараа авсан усаа бусдад бэлэглэдэг. Ирээдүйд эх орондоо ирж, ажиллаж амьдрахыг боддог” гэв.