ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц
Түрүүч нь: https://www.uzeg.info/i/2605 http://www.uzeg.info/i/2644
“Хүнд өвчний улмаас...”
Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Сайн, муу юу ч тохиолдож болно. Тийм учраас “Сэтгэлдээ зажлах дурсамжаар эмэгтэй хүн баян байх ёстой”... Энэ бол Ганаа эгчийн осолд орчихоод эмчлүүлж байхдаа толгойд нь төрсөн бодол. Үнэндээ түүнд дурсамж гэхээр юм байсангүй. Ажил мэргэжлийн талаасаа арвин ч амьдралынхаа мөн чанарын хувьд хэтэрхий чамлалттай мэт. Гомдох нь хурдан. Түүнийгээ өөрөө мэдэрнэ. Өнөөг хүртэл эмээ дүрдээ ороогүй л явна. Зарим нь Ганаа эгчийг салбар дундаа баян сэтгүүлч гэнэн. Гэвч тийм биш. Бичсэн нийтлэл, хийсэн ярилцлагаараа тэрэн шиг баян хүн үгүй. Гэвч 50 насны босго давчихаад зуслангийн байшин ч үгүй явна. Энэ бүгд нь хүүхэд өсөхийн хэрээр илүү мэдрэгдэнэ.
Өдрийн сонины Б.Ганчимэг “Хүнд өвчний улмаас...” гэх цуу тарлаа. Булган аймагт томилолтоор ажиллаж яваад осолд орж хүнд гэмтэл авсан тэр нэгэн өдөр. Монгол жижигхэн. Хуурай өвсөнд тавьсан гал шиг хамгийн хатуу хэрнээ худал цуурхал тийн таржээ. Бодит байдал дээр тийм биш. Залуугийн бурхан шашинд сүсэггүй омголон, дориун явсан Ганаа эгч “Бурхан минь... Хөл дээр минь л...” хэмээн анх удаагаа залбирсан гэдэг. Монголын нөлөө бүхий улстөрчид түүнийг эргэж очлоо. Хэн гэдэг албан тушаалтан ирсэндээ бус үхэл, амьдралын зааг дээрх хүнд үеийн дараах түүнийг гэсэн тэр мэдрэмж дахин “төрүүлжээ”. Хүний голтой явснаа энэ үед л ойлголоо. Уг нь нутгийн улстөрчтэй холбоотой асуудлаар явж байгаад аваарт орсон юм. Дэргэд нь байгаад машиныг нь түлхээд унагаачихсан биш. Хожим нэр бүхий улстөрч “Тэр ах чинь чамайг хэвтрийн хүн болголоо шүү” гэж ёжилсон юм гэдэг.
Хэдэн жилийн өмнөхөн нь Бээжинд үйл ажиллагаа явуулдаг Японд эмнэлэгт Ганаа эгч бас нэгэн хагалгаанд орлоо. Ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулаад оруулна. Гурван цаг болоод наркоз нь гарах ёстой байтал таван цаг өнгөрсөн ч байдаггүй. Байдал нэг л биш болсныг ойлгосон Амгаа ах айж, сандрах нь зэрэгцэв. “Ахтай нь л явуулдаг байж...” Ганаа эгч сэргэх үед дээрээс нь том алаг нүд харчихсан, нулимс нь урсаж байна. “Чи яагаад байгаа юм” гэтэл юм юм л бодогдсоноо учирлалаа, Амгаа ах. Аваарт орсныхоо дараа Өвөрмонголд сар хэртэй болоход эмнэлэгт байх 20 хоногоос эхлэн үсээ далий сүлжлээ гэж зэмлэнэ. Өөрөө ирээд сүлжиж өгнө. Эмнэлгээс гардаг өдөр тэр хоёрт яг 300 ам.доллар үлджээ. 100-г авч үлдээд, 200 ам.долларыг нуруу нь хугарсан цагдаагийн алба хаагчид өгчихөөд буцжээ. Тухайн цагдаагийн хувьд Архангайд мотоцикльтой хэрэгтний араас хөөж яваад осолджээ. Уг цагдаа өдгөө Америкт амьдардаг. Амьдралынх нь хамгийн хүнд үед тус болсныг нь хэзээ ч мартдаггүй. Үе үехэн захиа бичнэ.
Бусдадаа, салбартаа өс санадаг хүн сэтгүүлзүйд хол явахгүй. Орхихоо орхих л учиртай. Ганаа эгч бол ойрмогхон зүрхээ “угаадаг” имижтэй. Угаах гэдэг нь хар буруу бодлоо таягдан хаяна. Ямарваа нэгэн муу дурсамж, хаях ёстой гэж бодсон болгоныг орхиж, зүрхээ “угаана”, бас чагнана. Сайн кино, сайхан ном хоёрт л тэр амьдарсан гэхэд болно. Том охин нь хааяа нэг хэлнэ. Багаасаа ээжийгээ тухтай харж, дэргэд нь байсангүй. Эмээгээ л түшиж өслөө гэнэ.
Мөс хагалагч
Олны танил хүмүүс цаг бусаар хорвоог орхих бүрд редакци төлөөлж Зул бичих үүрэг Ганаа эгчид ногдоно. 32/1 хэмжээтэй. Сонины зай талбайгаар бол асар жижигхэн. Нэрт дуучин Пэлжээгийн Адарсүрэн гуай тэнгэрт дэвшихэд нь “Баянхошууны автобус дуучгүй болж, Баянмонгол харин Адарсүрэнгүй болжээ” гээд Зул өргөнө. Төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ баавайгийнх ч мөн адил. “Өвгөн шувуу тэнгэрийн орныг зорилоо” гэсэн утгатай. Уншигчдад өгөх санаагаа жижигхэн, маш богино өгүүлбэрт багтааж илэрхийлнэ гэдэг цэвэр сэтгүүлчийн ур чадвараас шалтгаална. Амьхандаа сэтгүүлчийнхээ авьяасыг шахаж гаргах редакци, ерөнхий эрхлэгчийн бодлого. Илүү дутуу нурших эрх байхгүй. Тухайн өдрийн дугаарыг уншсан хүний сэтгэлд шууд гуниг, харамсал төрүүлэхээр.
Эрдэнэтээс нэг хоригдол суллагдаад явахтай таарав. Өршөөлөөр гарсан нь үнэн гэх жижигхэн цаас л нийгэм нь хүлээж авах баталгаа. Гэнэтхэн галт тэрэгний продник нь хүрч ирээд “Чи бос. Чамд мест байхгүй” гэжээ. Өнөөх нь ч хамт явсан зорчигчдоос санаа зовсон шинжтэй гялс босоод үүд хэсэг рүү очсон байна. “Битгий энүүгээр зогсоод бай!” хэмээн дахиад нүд үзүүрлэнэ. Алдаж, оноод “Аав”-ынд суугаад гарсан нэгнээ өргөөд дэмнэх бус хорихын хуяг шиг тусгаарлаж, зааварчлах тийм л нийгмийн сэтгэхүй. Харин Ганаа эгч үзэг барьсан сэтгүүлчийнхээ хувиар энэ бүхэнтэй анхнаасаа эвлэрэхийг хүссэнгүй. Нийгмийн эмзэг асуудал бүрийг хөндөж, анхдагч “мөс хагалагч” байснаараа бусдад чичлүүлэх дургүй. Арсалдаад яваад байхгүй.
Өдөр тутмын сонин хэмээх сэтгүүлзүйн классик орчинд хамгийн ойр дотно, нөхөрлөж явсан хүний нэг нь нэрт нийтлэлч Ж.Гангаа. Гарчиг бас тэмдэглэл сурвалжлагын мастер. Сэтгүүлчдийн гол дүр болсон хүн рүү тэр очихгүй, угаа очдоггүй. Туслах дүрийг олно. Тэндээс гол арамаа босгоно. Тарианы талбайд очиход манаачтай нь уулзана. Дарга ажил ярина, манаач амьдрал учирлана. Гадаад, дотоодын томилолтод хамт явна, Гангаатай. Адилхан л сонинд тавилангаа өгсөн хүмүүс. Сонин тохиол, цаг хугацааны дэнслүүр гэх үү? хамгийн сүүлд Сингапурт Ганаа эгч усанд хөл алдахад амийг нь аварсныхаа дараа тэнгэр дэвшсэн гэдэг.
Ж.Гангаа хэмээх автор өөрөө сэтгүүлзүйн төрөл жанрт тэмдэглэлийн төрлийг дархалсан хүн. Тэр яруу найраг шиг зуслангийн байшин мөрөөднө. Голын тохойд, салбайсан сайхан дүнзэн байшин. Үдэш нь тал түлээд л, чад, пад хийсэн түүдгийн дэргэдэх дүр зураг. Тийнхүү явсаар мөрөөдлөө биелүүлэхээр нийслэлийн захиргааг зорилоо. Гэтэл хэдийнэ хоцорчихсон байв. “Гангаа байна” гэсээр нэг эмэгтэй сэтгүүлч ирээд явжээ. Хүсэлтийнх нь дагуу хотын захиргаанаас зуслангийн газар олгосон байх юм. Телевиз, зурагтаар гардаггүй юм болохоор нь эрэгтэй, эмэгтэйг нь ялгаж, салгахгүй, бүр нягталж үзэхгүйгээр газар олгочихсон нь тэр.
Тээр нэгэн жил Б.Ганболд эрхлэгчийн охиных нь сургуульд болсон үйл явдлын талаар сурвалжилга хийхээр боллоо. Хөгжим бүжгийн коллеж дээр. Сурвалжилгаа бичиж, тавиулчихаад дугаарт шилжүүлэх гэж байж байтал Б.Ганболд эрхлэгч орж ирж байна. Шууд л “Наад зургаа авч хая. Тэр өнчин охины зургийг тавь” гэжээ. Уг нь өөрийнх нь охины зургийг тавьсан байж. Гэвч өөрийн охиноос илүүтэй бусдыг бодох сэтгэл нь тэгж асгарчээ. Хүндлэхгүй, хайрлахгүй байхын аргагүй тийм нэгэн мэдрэмж.
Сэтгүүлч хүн том уулын энгэрт очиж үүр засах хэрэггүй
Ганаа эгч анхнаасаа сэтгүүлзүйн оройд нь гарна. Том эталон болно гэж зорьсон, тэрэндээ хүрсэн. Өөрийнх нь хэлснээр жинхэнэ ухаалаг бичих үедээ тэр одоо л иржээ. Л.Энэбиш даргатай ойр ажилласан жилүүдэд “Ийгл” телевизийн сэтгүүлч, найруулагч Цэвэлсүрэн ярилцлагадаа урьжээ, шууд эфир. “Ийм том, алдартай сэтгүүлч нэг хүнээс хамааралтай болчихлоо” гэж асууж байна. Тэрүүхэндээ түгдэрч, доош харан хэсэгтээ бодлогоширч суужээ. Маргааш нь Л.Энэбиш дарга “Нэг л их доошоо тонгойгоод бодох юм” гэсээр хошигножээ. “Эмэгтэй Ц.Элбэгдорж” гэж шордоно, шоолно. Зуурдаар нас барсных нь дараа “алуурчин” хайж хэсэг явлаа.
Сэтгүүлч хүн том уулын энгэрт очиж үүр засах хэрэггүй. Халхын том малгай байхгүй боллоо, та юу бичихээр байна гэнэ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тараагүй байхад протоколоор нь олоод авна. Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж ингэж хэллээ гэсээр дурайна. Хүний ярьсан юмыг хадгалах үедээ хадгална. Уулзаж, ярилцаагүй хүн гэж үгүй. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрөл жанр тэр үед ч байсан төрөл. “Хөрөнгөжсөн хурандаа нар”-ын тухай шуугиан тарьсан цуврал нийтлэл ч Ганаа эгчийнх.
Явж болох хэмжээндээ явж байгаа юм. Мийгаа эрхлэгч “Хамгийн гоё охиндоо Туулын нэрийг өгдөг байлаа, сал урсгадаг байлаа” гэж сумлаад Туулын сурвалжилганд гаргана, огшино. Морингийн даваанаас Цэвэрлэх байгууламж хүртэл Туулын хөвөөгөөр явна, мэдэрнэ, дүрсэлж, зураглана. “Ганга нуур”-ын тухай бичсэн нийтлэл байна. Өөрөө хамт амьсгалж, мэдрэхгүйгээр хийчихгүй. “Дуу зохиогоогүй яруу найрагчийг ямар яруу найрагч гэдэг юм” хэмээн Загдын Түмэнжаргал аархдаг шиг байгаль орчны сэдвээр “дуулаагүй” сэтгүүлч байдаггүй юм. Одоо л хөгжөөд байгаа юм биш. Түрүүлсэн бөх болгонтой ярилцлага хийнэ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын маргааны дараа эмнэлгийн машинд ярилцлага авлаа. Дугаар хүлээгээд байдаг. Дархан аварга А.Сүхбат болохоор “Ямар их юм асуудаг юм. Өвдөөд байна” гэж уурлана.
Тэр ярилцлагч болгоноо том дарга болсных нь дараа очдоггүй юм гэсэн. Эсрэгээрээ шүүмжилнэ, бурууд нүд хурц ажиллана. 20 жил ярилцлагаар дагнаж, мэргэшсэн сэтгүүлчийн хувьд тухайлсан хүн бүрд архив үүсгэнэ. Тэрийгээ эргээд харна. Өмнө нь хэлж байсан үгийг нь сануулж, ач, тач үзэх нь сонин биш. Гарцаагүй сануулах юм байна. Бусдаар өнгөрснийг нь сөхөх шаардлагагүй. Ярицлагчийнхаа нүд рүү харна. Тэгэхийн тулд өөрийн гэсэн ёс суртахуунтай байх ёстой.
Хүний итгэл алдах шиг муухай юм байхгүй. Дэлгэцийн өмнө бус зөвхөн дуу хураагуурын дэргэд ярих нэг өөр. Тэнд ямар ч өнгө будаг байхгүй. Сонины ярилцлага телевизийнхээс илүү болдог нь ийм учиртай. “Чалчдаг нь биш бичдэг нь сайн сэтгүүлч” гэж Ганаа эгчийн хэлдэг ийм шалтгаантай.
Амбалаа гуайн босго
Тэр нэгэн жил Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа гуайгийн хамт ургац хураалтын нутгаар томилолтод явжээ. Амбалаа 80-тай, Ганаа эгч 40 гарчихсан. 40 насны зөрүүтэй хоёр гавьяат ургац хураалтаар ирлээ гэж чухам бэлгэшээн хүндэтгэж байна. Сайд нь орж ирлээ. Хундага тойруулж, аяны дугараа өргөх болов.
Шөнийн орсон шиврээ бороо
Сэржигнэн шивнэн цэцгийн чихнээ
Сэрүүн тунгалаг дусаалы нь шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв... гэсээр Амбалаа хөг нэмж байна. Тэгснээ сайдыг дуул гэж байна. “Уучлаарай, Амбасэлмаа гуай би дуундаа муу” гэхийн завдалгүй “Дууны гурван дугараагүй Төрийн сайд гэж юу байдаг юм. Гуниг амьтан байна шд” хэмээн эгдүүцжээ. Орой нь унтах боллоо. Корсет тайлах шиг сонсогдов. Өөр нэг юм дуугарч байна. Харин Ганаа эгч үүргэвчиндээ хийсэн эртүүз, пудволкоо сольж өмсч амжжээ. Гэнэт “Бос” хэмээн тушаах дуу сонсогдов. Орос хүүхнийх шиг газар шүргэсэн торон унтлаганы хувцастай Амбаа загнаж байна. “Унтлаганы хувцас чинь хаана байна” гэсээр байцааж байна. Байхгүй юмыг яалтай. “Яасан замбараагүй хүүхэн бэ? Чи” гэсээр өрөөн дотор цамнаж гарлаа. Тариа, будаа сурвалжлахаар явж байж юуных нь дэгжин унтлаганы хувцас авах манатай. Гэвч залуу хүн байж цадиггүй, замбараагүйгээрээ дуудууллаа. Хаврын цагт сурвалжлагч хүн бээлийгүй, гар хуруу чинь харлаж, сайртана гээд нэмнэ.
“Болор цом”-оор нэг яруу найрагч түрүүллээ. Халамцуу юм. Эхний ярилцлага авахгүй бол БАЯРТАЙ. Зориод очлоо, суу л гэж байна. Шүлэг бичдэг үү? гэсээр үргэлжлүүллээ. Миний шүлгийг уншсан уу гэсээр сууж байтал дахиад шахаж байна. Уудаггүй залуу сэтгүүлчийн дургүй гэнэт хүрч “Чиний шүлэг тэнэг юм байсан” гэж хэлээд гарч оджээ. Уран зохиолын ноён оргил Бавуугийн Лхагвасүрэн гуйанх ойрсон байсныг ч хэлэх үү? яваад орлоо. Учир байдлаа хэллээ. “Яах вэ? Маргааш цаадах чинь гүйгээд очно” гэж байна. Хэлсэн ёсоор нь ирж байна. Бас нэг улстөрчтэй ярилцлаа. 100 айлд, зочид буудалд байна, ирээд ав гэжээ. Очоод уулзтал залуухан эмэгтэй сэтгүүлчийг элэглэх гэж үзсэн байна. Түмээ ах нь гуйсан болохоор нь очтол тийм дүр төрхтэй угтсан байна. Сонгуулийн үе болохоор Түмээ ах бачуурч залгахаар бөөн юм болов. Өнөөх нь уучлал гуйгаад ирлээ. Одоо ч ичдэг гэнэ лээ. Саяхан их том шагнал авсан л юм гэж сонсогдож. Гэхдээ Ганаа эгч энэ мэтчилэн гэнэтийн халдлагад өртөх нь бага.
“Ганчимэг сэтгүүлч миний хүүгийн цээжний бэтгийг хагалжээ”
Сүүлдээ бөх бичүүлээд яах вэ гээд болиулж. Сонины сэтгүүлч өөрөө хөрвөх чадвартай байх ёстой. Адаглаад бүх төрлөөр бичих шаардлагатай. Нэг өдөр лавлахаас сонины редакц руу хандаж байна. Нэг залуу байдаг бололтой. Лавлахад ажилладаг операторыг бүгдийг нь дуу хоолойгоор танина. Шөнөжингөө залгана. Тэрийг шийдэж өгөхийг хүсч залгасан хэрэг. Товчхондоо сэтгүүлчээс тусламж гуйжээ. Цагдаагийн хамт дөрөвдүгээр дэлгүүрийн тэнд илрүүлээд очлоо. Нэг залуу байна. Яриад л байна. Номын цагаан солиотой юм уу мэдэхгүй. Сурвалжилгаа ч хийж, бичиж, нийтэллээ. Гэтэл тэрийг нь олоод уншчихаж. Лавлах руу бус редакци руу залгадаг боллоо. Ажил хийлгэхгүй. Сүүлдээ салахын арга сүвэгчилсээр эцэстээ эвтэйхэн шийдэв. Хоригдлуудаас захиа их ирнэ. Цөөхөн хэвлэлтэй учраас автор нүдлэгдэх нь амархан.
Спортын сэтгүүлч Н.Саранчимэгтэй найз. Боксын Олон улсын хэмжээний мастер Бандийн Алтангэрэлийн эхнэр. Тэрийг нь мэдэхгүй. Нэг мэдээ бичлээ, боксоор. Уншуулах гэтэл саяхан ийшээ явсан нэг хүн байгаа түүнд уншуул гэв. Их ширүүн гэж байна. Аятайхан асуухгүй бол хөөгдөнө шүү! Яваад очлоо. Загнасангүй, Т.Үйтүмэн гээд овгийг нь засаад эхэллээ. “Ням гараг”-т байхдаа спортоор мэдээ бичив. Д.Долгорсүрэн заан хүүхдийнхээ насыг нуугаад барилдуулсан гэх утгатай. Маргааш нь “Б.Ганчимэг гэдэг хүүхэд хаана байна. Яахаараа миний сайхан хүүхдийг ингэж гүтгэдэг хүн бэ?” гэсээр заан өөрөө ороод ирлээ. Том улаан дээлтэй заанаас эмээсэндээ ширээн доогуураа ороод нуугдчихав. Гүтгэсэн гэх хүн нь Д.Дагвадорж. Хожим АСА аваргатай алдарт ярилцлагаа хийхээр цирк рүү очиход хүний эцэг болсон хойно До заан цас цэвэрлэчихсэн зогсож байснаа Ганаа эгчийг их нухацтай харсан гэдэг. Аваргын ээж Х.Пүрэвбадам “Ганчимэг сэтгүүлч миний хүүгийн цээжний бэтгийг хагалжээ” гээд Зууны мэдээ сонинд ярилцлага өгчээ. Баярлах шалтгаан.
Спортод дөртэй, нүдтэй болсныхоо дараа Г.Өсөхбаяр аваргыг бэсрэгхэн чимхээд бичжээ. Б.Чимэг гэсэн автортой. Гэтэл Н.Саранчимэгийг бичсэн гээд ойлгочихож. Уг нь Өсөхөө аваргатай найз ухаантай. Бичсэн хүн нь Ганаа эгч. Харин ярилцлага авахаар очсон хүн Ганаа эгч өөрөө. Аварга гоморхож байна, “Манай найз намайг ингэж бичсэн байна” гээд л... Ганаа эгч дуугүй ярилцлагаа авчихаад гарч оджээ. Дархан аварга Г.Өсөхбаярын гар бичмэл одоо ч түүнд бий. Ярьсан юмыг нь гуйвуулчих вий? гэсэндээ цаасан дээр гараараа бичиж өгсөн юм гэдэг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын охиндоо зориулж бичсэн гар бичмэл ч байна.
Сэтгүүлчээр ажилласан 30 жилийн тавыг нь тэр төрийн байгууллагад өнгөрүүлжээ. 2016 оноос хойш гэж тооцвол. Хувийн хэвшил тэр дундаа Өдрийн сонин, Үндэсний шуудан хэмээх сүр хүч, малгайнд явсан үеэс тэс өөр. Ихэвчлэн гуйлгын ажил хийнэ. Дарга нар ч гуйлгаж байж шийдвэр гаргадаг хандлагатай. Уг нь тэр сэтгүүлзүйн эд эс болсноосоо хойш гуйж явсангүй. Гэвч байшингийн засвар, байгууллагын урсгал засвар зэргээс эхлээд гуйна. Бүхэл бүтэн нэгэн зууны түүхтэй “Монцамэ” хэмээх их айл Монголын хоёр дахь Гадаад харилцааны яамны энтэй, бас эрэмбэтэй. Ийм төлөвшлийг анхнаасаа омголон явсан сонины хүн ямар байдлаар хандах нь олон хүнд сонирхол төрүүлж байв. Гэхдээ Ганаа эгч өөрийгөө харуулсан, ямар классик орон зайнаас шилжиж ирснээ мэдрүүлсэн болов уу?
Тэр заримдаа нялх охин шиг гуньдаг. Хэнээс ч нуухгүйгээр ил гаргана. Эсрэгээрээ жирийн ээж, эмээ болчихоно. Эсвэл улстөрчийн дүрээр жавтий хүртээж, зэмлэнэ. Бүр уран яруу атлаа турьхан, ялдамхан нэгний дүрд хувилна. Хааяа нэг урлаг судлаач, уран зургийн шимтэн сонирхогч. Мэдээж энэ бүгд нь мэргэжлийн онцлог, сэтгүүлч талаасаа харагдаж, хувирдаг дүр нь. Өөрийн гэсэн өгөдлөл, мэдрэмж, ёс суртахуун тэр бүгдээс ханхийнэ. Салбар болгон руу хөврөх нь хувь сэтгүүлчид байх ёстой шаардлага ч түүн шиг торгон мэдрэмж, бусдаас өөрөөр хардаг өнцөг нь баргийн хүнд байхгүй чадвар, авьяас. Энэ бол миний Ганаа эгчид өгөх тодотгол.
С.Гандөл