Б.Энхбаяр: Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, Монгол хоёрт үлдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүн дөрөвдүгээр сарын 8-нд өргөн мэдүүлсэн юм. 

Төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ордон дотор хэрэг уншиж, хэрэг шийдэж үзсэн хүмүүс байхгүй. Хуульд өөрчлөлт оруулах юм бол мэргэжлийн хүмүүсийн саналыг заавал авах ёстой. Манай улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчим бий. Энэ нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гээд бүгдэд нь байдаг үүрэг. Ялгаатай нь шүүх хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтооно. Хууль хэрэгжвэл хуулийн ерөнхий зарчим алдагдах магадлалтай. Бодит үнэнийг тогтоохгүйгээр шүүх нэг тийш нь шийдвэр гаргаж болзошгүй.

Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг, шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ? Эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг нь эдлүүлэхгүй бол хуульд хэчнээн ч өөрчлөлт оруулаад нэмэргүй. Хариуцлагыг ил тод тооцоод, бусдад нь харуулах хэрэгтэй" гэдгийг онцлов.

Хариуд нь санаачлагч Б.Энхбаяр "Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, манай улс хоёрт үлдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах эсвэл цагаатгах гэж бичсэн мөртлөө дотор нь мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурав дахь шийдвэрийг бичсэн. Гурав дахь шийдвэр нь хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлж, хүний амьдралыг амьдын там болгож байна. Хуулийн А ч байхгүй хэрнээ нэг л их Франц, Герман ярьсан хүмүүс байх юм" гэв.