У.Хүрэлсүх: Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг юм

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болсон. Энэ үеэр Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс Онцлох эшлэлийг хүргэж байна.

-Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажин, цар тахлыг хүн төрөлхтөн даван туулсаар ирсэн.

-Олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолд хамгийн том аюул учруулж байна.

-Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах амаргүй хүнд сорилттой тэмцэж байгаа хэдий ч байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтоо хойш тавилгүйгээр улам эрчимжүүлж, арга барилаа эрс шинэчилж, бодит үр дүн гаргахад дэлхий нийтээр онцгой анхаарч байна.

-Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даргалж, “Глазгоугийн удирдагчдын тунхаглал”-ыг танилцуулсан. Тунхаглалд дэлхийн ойн сангийн 85 орчим хувийг бүрдүүлдэг 105 улс орон нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд ойн хомсдол, газрын доройтлыг зогсоож, ойг нөхөн сэргээхийн тулд дэлхийн улс гүрнүүд хамтран ажиллах амлалт өгсөн.

-Тунхаглалд манай улс нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй дэлхий нийтийн их үйлсэд санал, санаачилгатай оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаа амлаж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгаагаа илэрхийллээ.

-Дэлхийн ихэнх орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дараах хоёр үндсэн чиглэлээр тэмцэж байна. Нэгдүгээрт, хүлэмжийн хийн ялгаруулагчийг хязгаарлах. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн салбар, хүний амьдралын хэв маягт хэмнэлттэй ногоон техник, технологи, инноваци нэвтрүүлэх. Хоёрдугаарт, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх буюу мод тарих, ойжуулах, ойн сан, ой модны нөөцийг хамгаалах ажлыг эрчимжүүлж байна.

-Манай улсаас үүсэлтэй шар шороон шуурга нь БНХАУ, цаашилбал Ази, Америк тив хүртэл нүүдэллэж жилдээ олон тэрбум ам.долларын эдийн засаг, экологи, эрүүл мэндийн хохирол учруулж байна.

-Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Тэрчлэн манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

-Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг юм. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалан Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.

-Цаашид бид уур, амьсгалын өөрчлөлт, ялангуяа цөлжилт, шар шороон шуурганы эсрэг тэмцэж буй бодлого, зорилт, арга барил, хандлагаа эрс өөрчлөн, бодитой үр дүнд хүрэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хурдтай ажиллах шаардлагатай байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай ханган хэрэгжүүлэх үүднээс тусгайлан зарлиг гарган Засгийн газарт хүргүүлээд байна. Уг зарлигт уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үндэсний цогц стратеги, хөтөлбөр шинэчлэн боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтийн хэмжээг ДНБ-ний нэг хувьд хүргэх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг эрс сайжруулахыг  чиглэл болгосон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах” үндэсний хороо байгуулагдлаа.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд ойн салбарын төрийн захиргааны байгууллага байгуулах, ойн ангиудыг агентлагийн харъяанд нэгтгэн босоо бүтэцтэй болгох, шат шатны ойн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийн хуулийн стандартыг шинэчлэх, ойн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгалийн бүс, бүслүүр болгонд тохирсон ой мод тарьж ургуулах, арчлах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, мод тарих арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны нэгдмэл ойлголт, нэгдсэн стандарт зэргийг ойн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачидтай хамтран шинжлэх ухаанчаар боловсруулж, зохих шийдвэр гарган, хурдтай ажиллах шаардлагатай байна.

-Монгол Улсын хөгжлийн суурь нь тогтвортой хөгжлийн үзэл санаа юм. Тогтвортой хөгжлийн үндэс суурь бол байгаль эхээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм. “Тэрбум мод” тарьж ургуулах нь зөвхөн дан ганц байгаль орчны салбарын ажил биш ээ. Энэ бол монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм.

-Мэдээж нийгэм, эдийн засгийн аль ч салбарыг экосистемд ээлтэй, ногоон хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ой, ойн аж ахуй голлох үүрэгтэй оролцох ёстой. Энэ чиглэлд дэлхийн улс орнууд олон санал, санаачилга гаргаж, ялангуяа их хэмжээний мод тарих хөдөлгөөнийг дор бүрнээ өрнүүлж эхлээд байна.

-Манай өмнөд хөршийн “Их ногоон хэрэм”, Африк тивийн “Ногоон хэрэм” зэрэг томоохон төсөл, Казакстаны 2 тэрбум, Пакистаны 10 тэрбум мод тарих хөдөлгөөнөөс энэ бүхнийг харж болох юм. Мод тарих амархан, ургуулах хэцүү гэж ойн салбарынхан хэлдэг. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна.

-Манай улс 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуйг анх байгуулж энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьснаар зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг ойн салбараас бүрдүүлж байсан түүхтэй. Өнөөдөр  улсын хэмжээнд ойн салбарын 1200 гаруй, усны салбарын 4200 орчим боловсон хүчин байна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь манай ард түмний экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд хүргэн хөгжүүлнэ гэдэгт би итгэж байна. Мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болон төлөвших нь ойлгомжтой.

-Ард иргэдийн сэтгэл санааг зовоож, уулнаас мод хулгайлах, хууль бусаар мод огтлох, хөрс, шороо, ус, усны эх бохирдуулах зэрэг байгаль орчны эсрэг гэмт үйлдлийг экологийн цагдаа, байгаль хамгаалах албадууд нэн яаралтай шалгаж, зохих арга хэмжээг нэн даруй авч, иргэдэд бодит мэдээлэл өгч байх шаардлагатай байна. Байгаль дэлхийн эсрэг аливаа гэмт үйлдэл бол хүн төрөлхтөн, ирээдүй хойч үедээ заналхийлж буй өршөөж болохгүй гэмт хэрэг юм.

-Хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлж, олон сая малынхаа тэжээлийг бэлдэж, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана.

-Ой, ургамлын генийн сан байгуулах, ховор болон эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн, нарсны давирхай, шилмүүсний ханд, хушны самар, самрын тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх боломжтой.