М.Клечески: Улаанбаатарын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлнэ

“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Монголын Мянганы сорилтын сан болон салбарын бусад төр, хувийн хэвшил, ТББ-ууд хамтран “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн XVI бага хурлыг 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клечески бага хуралд оролцогчдод талархал илэрхийлээд, “… Монгол улсад хэрэгжүүлж буй Усны төсөл нь энэ бүс нутагт оруулсан хамгийн том нэгж хөрөнгө оруулалт бөгөөд Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх юм. Монгол Улсын усны тогтвортой ирээдүйн төлөө тууштай ажиллаж буй салбарын мэргэжилтэн, судлаач, мөн шинээр төрөн гарч буй залуу эрдэмтэн та бүхний хүчин чармайлтыг хараад оруулсан хөрөнгө оруулалтандаа итгэх итгэл маань улам батжиж байна…” гэлээ.

НҮБ-аас 2022 оны “Дэлхийн усны өдөр”-ийг “ГАЗРЫН ДООРХ УС: ҮЛ ХАРАГДАХ УСЫГ ТАНИУЛЪЯ” уриан дор тэмдэглэхээр зарласны дагуу энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд холбогдох сэдвээр ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, ҮТИС, МҮИС зэрэг зургаан их сургуулиас нийт 20 гаруй судалгааны өгүүлэл ирүүлсэн юм.

Улмаар “Үл үзэгдэх газрын доорх усыг үзэгдэхүйц болгоё”, “Газрын доорх усны мониторингийн судалгаа”, “Ногоон байгууламжийн усалгаанд саарал ус ашиглах боломж”, “Газрын доорх усны нитратын бохирдлоос эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ” зэрэг 10 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлэв.

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Компактын хүрээнд аж үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах, дахин боловсруулсан усыг дулааны цахилгаан станцын хэрэглээнд нэвтрүүлж, цэвэр усаа хэмнэх, усны зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар газрын доорх усны нөөцөө хамгаалж, байгаль орчинд ээлтэйгээр ашиглахад мөн чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.