“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 4 байршилд нийт 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг. Гэвч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангуудын ихэнх нь хуучирсан, эргийн бэхэлгээнүүд нь эвдэрч гэмтсэн, сувгууд нь хагшаасаар дүүрсэн зэрэг шалтгаанаар их хэмжээний үерийн ачааллыг даах боломжгүй болсон.
Тиймээс хотын инженерчлэл, дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г боловсруулж, үерийн эрсдэлийг бууруулах, голын урсцыг тогтворжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөн гол дагуух тохижилт болон хотын экосистемийг тэнцвэржүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мастер төлөвлөгөөнд нийт 420 гаруй км үерийн байгууламжийг үе шаттайгаар шинээр барихаар тусгасан бөгөөд нэн шаардлагатай байгаа 120 орчим км далан, сувгийг “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх, сэргээн засварлах, шинээр байгуулахаар төлөвлөсний зэрэгцээ борооны ус зайлуулах шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлон шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ. Тус төслийн хүрээнд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, өргөтгөх бөгөөд нийт 50.65 км далан, 45.7 км сувгийг байгуулна. Эдгээр 9 байршлын ТЭЗҮ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг "Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, одоогийн байдлаар гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна.
Мөн Туул, Сэлбэ, Улиастай, Дунд гол зэрэг зургаан байршил дагуу нийт 18.229 км урттай даланг БНХАУ-ын Эксим банкны санхүүжилтээр сэргээн засварлах, тохижуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ТЭЗҮ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн үлдсэн 7 байршилд нийт 25 км даланг барихаар төлөвлөжээ.