Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлнэ

Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээллээс тоймлон хүргэж байна.

Борлуулалт, хуваарилалтын чиглэлээр: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний экспортын Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр чингэлэгт тээврийн терминалыг байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Гашуунсухайт чингэлэг тээврийн терминал нь 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай томоохон бүтээн байгуулалт болсон.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын шинэ гарц бий болгох чиглэлээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Гашуунсухайт-Ганцмодны боомттой холбох цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр замын төслүүдийг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын тоо хэмжээ, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын Үндсэн хууль, салбарын хөгжлийн баримт бичигт заагдсан зорилт хангагдаж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “газрын хэвлийн баялаг нь төрийн нийтийн өмч бөгөөд уг баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг тунхагласан". Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үндэсний баялгийн санг байгуулахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, хүртээмжтэй хүргэж буй олон улсын сайн туршлагыг судалж тусгасан. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд хөрөнгийн хуримтлалын тогтолцоог бий болгож, нийгэм, эдийн засгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Хууль, эрх зүйн чиглэлээр: Дээрх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хүнд үйлдвэрийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэс баялгийн салбарт хэрэгжиж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Улсын Их Хурлаар батлагдсан бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, салбарын шинэчлэл, олон улсын сайн туршлагатай нийцүүлж, хариуцлагыг бий болгох гэсэн дөрвөн үндсэн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж байна.

Хуулийн төсөлд байгалийн баялгийг эрж хайх, үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, боловсруулах, улмаар байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчид, бусад оролцогч талуудын уялдаа холбоог хангах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийг иргэн бүрт тэгш шударга хүртээх зэрэг асуудлыг иж бүрнээр тусгах юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж, хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай, хариуцлагатай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдүүлэх, ил тод байх зэрэг олон улсын сайн туршлагад суурилсан зохицуулалтуудыг улам бүр баталгаажуулна.

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслөөр хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих арга хэлбэр болон хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Хүнд үйлдвэрийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар болох  хүнд үйлдвэрийг хөрөнгө оруулалт, татвар, хүний нөөцийн зэрэг төрийн нэгдсэн бодлогоор дэмжин хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий импортыг орлох, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслөөр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмаар арилжаа хийхтэй холбогдсон харилцааг тусгана. Уг хуулийн гол зарчим нь уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол зарчим нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд төвлөрүүлж, санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Үндэсний баялгийн санг холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу хуримтлалын болон хөгжлийн сангийн хэлбэрээр нэгтгэн байгуулж, хөгжлийн сангийн эрх зүйн үндсийг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ хууль хэрэгжсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг тогтворжуулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн засаглал, ашигт ажиллагааг сайжруулах замаар төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлэх, одоо ба ирээдүй үед салбарын өгөөжийг тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ.

Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр газрын доорх баялгийг иргэн бүрт тэгш хүртээх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн өсөх, үүнийг дагаад эдийн засгийн бусад салбар хөгжих зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой.