Ерөнхийлөгчийн мэдээлэл үндэслэсэн УИХ-ын даргын таван үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар таван чиглэлээр үүрэг өгчээ. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаар санаачилсан хууль,тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй шуурхай шийдвэрлэхийн тулд нэн яаралтай горимоор хэлэлцэн батлах шаардлагатай байна. Эх орондоо эрүүл хүнс тарья, ургуулья, гэсэн хөдөлгөөнийг улс орон даяар дэмжих хэрэгтэй байна.

2. Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны 5 шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг давхардлыг арилгах, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулан батлах болон УИХ-ын тогтоолын төслийг яаралтай эцэслэн боловсруулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийн тулд холбогдох УИХ-ын байнгын хороо, яам хамтран ажиллах хэрэгтэй.

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг кластраар хөгжүүлэх,түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах хэлэлцүүлэх арга хэмжээг шуурхай авч, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг санаачлан ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд даалгаж байна.

4. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг Ерөнхийлөгчийн санаачлагыг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод анхааралдаа авч, холбогдох яамдтай хамтран , хүчээ нэгтгэн ажиллах нь зүйтэй.

5. Хүнсний хангамж, аюулгүй байдал чиглэлээр эрүүл хүнс, эх оронч үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, шаардагатай бодлого шийдвэр гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай УИХ-ын Ажлын хэсэг эсхүл шаардлагатай гэж үзвэл Түр хороо байгуулах боломжтой гэж үзжээ.