Модон шатрын хөлөгт буусан Монгол ахуй

Хүсэл мөрөөдлийн жигүүрээ дэлгэж, хийж бүтээх хүслээр хөглөгдсөн амьдралын босгыг алхаж яваа  Б.Бямбажаргал  охин авьяасаа хөгжүүлжээ. Зураг зурах сонирхолтой учир зураач болохыг мөрөөддөг байсан тэрбээр өдгөө өөрийн бүтээлээ урлаж байна. Монгол ахуйг модон шатраар дүрсэлж хийсэн нь өвөрмөц шийдэлтэй үндэсний хэв шинжийг агуулсан гэдгээрээ онцлог. Амьдралын анхны бүхэн үнэ цэнэтэй. Ажлынхаа эхлэлийг тавьж байсан мөч одоо ч түүний сэтгэлд тодхон. "Анхны шатраа хийж байхдаа догдлол дүүрэн байсан. Маш их хичээж зурсан ч одоо харахад засч залруулах олон бий. Дадлага хийж байсан байгууллагынхаа захиралд анхны бүтээлээ амалсан ёсоороо дурсгаж байсан" гэв.

Гурван эгч нь ээжтэйгээ ойрхон байхад Б.Бямбажаргал эсрэгээрээ аав хаана тэнд явдаг хүүхэд байжээ. Аав нь машин, техник засч байхад түлхүүр дөхүүлнэ. Аав нь гарын уртай монгол гэрийн тавилга хийнэ. Охиныхоо хийж бүтээх хүслийн дэмжиж аав, багш хоёр нь нийлж токерийн машин хийж өгсөн нь шатар хийх боломжийг бүрдүүлэв. Тэрбээр 15 настайдаа токерийн машин дээр зорж сурсан байна. Шатар хийх арга барилыг багшаараа заалгажээ.

No description available.
Модоор бүтээл хийнэ гэдэг эмэгтэй хүүхдэд ахадсан ажил ч хичээл зүтгэл гаргаж хийж сурсныг харахад бахархмаар. Шатар хийх ажил модоо хүүхэлдэй хэлбэрт оруулахаас эхэлнэ. Дараа нь засч зүлгэж, зургийн үйл явц өрнөж, будах ажлаар өндөрлөнө. Хүүхэлдэй зурах агшин түүнд сонирхолтой. Яг л хүн шиг нүүр, ам, нүд нь дахин давтагдашгүй. Царайлаг, царай муутай, эгдүүтэй, ууртай, тарган, туранхай гээд хүнд байх шинж тэмдэг агуулна. Монгол үндэсний хээ угалз, хувцас хэрэглэлийг чимэглэл болгосон нь дотно дүр төрхийг илтгэнэ.
"Аав маань маш бүтээлч хүн. Хуучин машины мотор ашиглаад надад токерийн машин хийж өгсөн. Эгч маань намайг үргэлж урамшуулж, дэмждэг" хэмээн хэлж, инээмсэглэх охины ирээдүй эх орныхоо тэр тусмаа үндэсний үүх түүхийг шингээж, шигтгэсэн олон бүтээх урлах нь дамжиггүй. Тэрбээр багаж, мод, зургийн хэрэгсэл зэрэг ашиглах материал авахдаа 300 орчим мянган төгрөгийг зарцуулсан байна. Шатар, даам хийгээд илүү гарсан материалаараа түлхүүрийн оосор хийдэг байна. Хаягдал хог гаргахгүй байгальд ээлтэй байх бодолцож үздэг.

No description available.
Хийж байгаа ажилдаа цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулж, бүтээснийхээ дараа харах хамгийн сайхан санагдана. Арван хэдхэн настайдаа анхны бизнесээ эхлүүлж байгаа учраас алдаа дутагдал гарна. Сэтгэлээ шингээж хийсэн шатраа зарах гэж явахдаа хэцүү байдалд оржээ. Мөнгө, санхүүтэй холбоотой ажил хийж үзээгүй. Үнэ ханшаа анхнаасаа сайн тохиролцоогүй тул тухайн хүн нь хог адил хийсэн бүтээлийн шидсэн нь сургамж болжээ. Ажлынхаа эхлэлийг тавиад удаагүй ч алсынхаа зорилгыг тодорхойлжээ. Өөрийгөө сурж, хөгжүүлэхэд анхаарал хандуулах зэрэгцээ өөрийн гэсэн урлантай болж, бүтээлийнхээ өнгө үзэмж, хийц загварт анхаарал хандуулах гэнэ. 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл 80202558 утсаар холбогдоорой.
No description available.

No description available.No description available.