Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
ОХУ-ын нисэх хүчний тоглолт Монголд болно
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо. Ойн хүрээнд А.А.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын бүрэлдэхүүнийг Монгол Улсад урьж тоглуулах гэж буй талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Мөн ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтын багийг Монгол Улсад урьж үзүүлбэр үзүүлэх гэж буй талаар мэдээлэв.
Халхын голын байлдааны ялалтын түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тохиролцсон. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 45 хувьтай. Ойн үеэр жишиг сумын нээлтийг хийх юм байна.
Халхын голын байлдааны ялалт бол Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг. Энэхүү ялалтын ач холбогдлыг залуу, хойч үеийнхэнд сурталчлан таниулах нь чухал гэж Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Тус хороо нь зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн дэд ажлын хэсгүүдтэй бөгөөд ирэх зургадугаар сарын эхээр болох ээлжит хурлаараа эдгээр ажлын хэсгээс хийж буй ажлын талаар мэдээлэл сонсохоор боллоо.