"Ачит Ихт"-д ачирхах шалтгаан үгүй

Он цагийн дараалал нь сонгуулийн жилтэй айлсаж буйгаас биш Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэр, “Ачит Ихт” компанид хооронд хамаарах шийдвэр гаргасан нь хаврын улс төрийг улам өрдөх шинжтэй болов. “Эрдэнэт” нь ч өөрөө их үйлтэй үйлдвэр юм. Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд улстөрчид нь шахаа хийнэ. Хамаарал бүхий хуулийн этгээдээрээ дамжуулж холгох гэж үзнэ. Хамгийн бодитой нь “Ачит Ихт”-ийн жишээ. “Эрдэнэт” холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс гарган авч, экспортод гаргадаг энэ компанийн үүсгэн байгуулагч нь П.Цагаан. АН Засгийн эрхэнд гарсан 1996 онд Сангийн сайд, Ц.Элбэгдоржийг хоёр дахиа Ерөнхий сайд болоход боловсрол хариуцсан Засгийн газрын гишүүнээр ажилласан түүнийг хожим Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх байснаар улс төрийн хүрээнийхэн гадарлана.

Энэ үедээ буюу 2014 онд “Эрдэнэт”-ийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглаж, катодын зэс гарган авах технологи бүхий үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулсан нь “Ачит Ихт”. Эл зорилгоо биелүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн оролцоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг хүртэл өөрчилсөн тухай яриа одоо ч явдаг. Үйл ажиллагаа явуулахаас өмнө байгуулсан гэрээгээр 34 хувийг нь “Эрдэнэт” эзэмшихээр тохирчээ. Гэвч үүнээс яг жилийн дараа буюу 2015 онд “Эрдэнэт” гаргасан Ажлын хэсгээс гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ямар ч ашиггүй учраас 34 хувийн эзэмшлээсээ татгалзах шийдвэр гарчээ. "Эрдэнэт"-ийн удирдлагууд өөрсдөө татгалзсан уу? эсвэл тэднийг татгалзуулсан уу? гэдэг нь мэдээж эргэлзээтэй. Учир нь, үйлдвэрийн зүгээс ашиггүй гэж үзсэн овоолго “Ачит Ихт”-ийн мэдэлд 100 хувь очсон найман жилийн хугацаанд борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.долларт хүрсэн байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн хугацаанд 500 гаруй сая ам.долларыг үйл ажиллагааны зардалдаа шингээх замаар бий болгосон үүсмэл ордоо ашиггүй гэж үзэн, бүр татгалзсан даруйд түүнийг нь ашигласан “Ачит Ихт”-ийнхэн катодын зэс гарган авч хагас тэрбум ам.доллароор хэмжигдэх ашиг олсон гэдэг нь баргийн хүний ой тоонд буухааргүй логик. Бараг л 500 сая ам.доллар зарлагадчихаад тэрийгээ өөр нэгэнд зүгээр өгснөөс өөрцгүй уншигдана. Уг нь анх байгуулсан гэрээ ёсоор олсон орлого бүрээс 34 хувиас доошгүй ашиг нь “Эрдэнэт”-д шингэж байх учиртай юм. Гэтэл олборлолтын зардал шингээгүй атлаа үнэгүй авсан үүсмэл ордоосоо ийм хэмжээний орлоготой явж ирсэн “Ачит Ихт”-ийн хажуугаар хуулийн байгууллага нь ч, Төр, засаг нь дүлий дүмбэ царайлж өнөөг хүрсэн нь хачирхалтай биш гэж үү?

Ямартай ч, УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлаад удаагүй байгаа энэ цаг үед “Ачит Ихт” компани найман жилийн хугацаанд ашигласан үүсмэл ордоос олох байсан орлого буюу алдагдсан боломж, 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэхийг Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн удирдлагуудад үүрэг болгов. Нэмээд “Ачит Ихт”-ийн эзэмшилд очсон үүсмэл орд буюу овоолго “Эрдэнэт”-ийн 100 хувийн мэдэлд байх эсэх асуудлыг судалж, шийдвэр гаргахыг чиглэл болгожээ. Шийдвэр нэгэнт гарсан биелүүлэх нь “Эрдэнэт” үйлдвэрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, “Ачит Ихт” компаниас хэдий хэмжээний мөнгө нэхэмжлэх эсэх нь “Эрдэнэт” үйлдвэр, тэндээс гарах Ажлын хэсгийн дүгнэлтээс тодорхой болно. Ганцхан жишээ дурдахад "Ачит Ихт" компани 2015-2022 онд 84 мянган тонн зэс үйлдвэрлэж, 400 сая долларын борлуулалт авсан байдаг. Гэтэл ашиглалтын төлбөрт хоёр хувийг нь л авчээ. Угтаа бол "Эрдэнэт" үйлдвэр 34 хувь эзэмшиж байсан бол 134 сая ам.долларын борлуулалтын орлого авах урьдчилсан тооцоо гарна гэсэн үг. 

Гагцхүү “Эрдэнэт”-ийн овоолго дээр найман жил “найрлаж” ирсэн “Ачит Ихт”-тэй холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн ард нэгэн томоохон мессеж явааг энд тодотгох хэрэгтэй. Тэр нь, Төрийн, ард түмний мэдэлд байх учиртай байгалийн баялгийг үнэгүйдүүлж авдаг, тэндээсээ их хэмжээний ашиг олдог боловсон хулгайтай Засгийн газраас ийн тэмцэж эхэлсэн бололтой. Яг үнэндээ “Эрдэнэт”-ийн овоолгыг яагаад “Ачит Ихт”-д “ногоон гэрэл”-ээр шилжүүлсний учиг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбогддог нь тийм ч дэгсдүүлсэн таамаг биш.

2014 онд 500 сая ам.долларын өртөгтэй овоолгыг нь ямар ч ашиггүй хэмээгээд хувьд шилжүүлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувь 2016 онд нь Худалдаа, хөгжлийн банкны мэдэлд очсон нь өөр хоорондоо нарийн холбоотой байсныг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Төрийн мэдэлд авах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр “1978 онд нээгдсэн “Эрдэнэт” 30 жил ажиллах тооцоо байсан ч 39 жил болж байна. Үйлдвэр өнөөдөр 600 сая ам.долларын өр зээлтэй. Хагас тэрбумын тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай. Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ болсон” хэмээн Ерөнхийлөгчийн хувиар чуулганы индрээс мэдэгдэж, бас мэлзэж явсан хүн нь ч Ц.Элбэгдорж. 

Хачирхалтай нь, “Эрдэнэт” үйлдвэр эмчилгээ тэжээлийн цэгт очих нь байтугай 3.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 1.2 их наядыг төвлөрүүлсэн нь саяхан. Үндсэндээ овоолгынх нь араас орд газрыг нь хүртэл хувийн хэвшилд шилжүүлэх замаар өөрсдөө хувь хишиг хүртээд суух хүсэлтэй нөлөө бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийн эгдүүцэл Төрийн тэргүүний амаар дамжсан нь тэр. Гэхдээ тэдний сонирхол биеллээ олоогүй. Төр байгаад хууль хэрэгжүүлдэг жамтай юм хойно “Эрдэнэт”-ийг тойрсон асуудал намжихтай зэрэгцүүлж, тэндээс холгож, хөрөнгөжиж ирсэн хэсгийг хазаарлаж эхэлсний нэг нь ийнхүү “Ачит Ихт” болов.

С.Сүлд