Т.Дэлгэрмандал: Сэтгэлтэй хүн цэцгийн бизнесийг хийдэг

“Бизнес эхлүүлсэн түүх” цувралын зочноор "Flowers art studio in Zaisan" дэлгүүрийг үүсгэн байгуулагч Т.Дэлгэрмандалыг урьсан юм. Тэрбээр аз жаргал бэлэглэгч, алаг эрээн цэцэгтэй амьдралаа холбоод таван жил болжээ. Тансаг үнэр, дахин давтагдашгүй мэдрэмжийг цэцэгнээс авдаг. Хайртай дотнын хүндэлж явдаг хэн нэгнийгээ баярлуулахдаа цэцгийн баглаа бэлэглэх хамгийн эрхэм сонголт. Харахад сайхан ч хийхэд хэцүү бизнесийн нэг гэгддэг цэцгийг яагаад амьдралынхаа нэг хэсэг болгож, "дурлаж" хийдэг нь уншигч Танд сонирхолтой санагдах биз. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-"Бизнес эхлүүлсэн түүх" цувралын урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө тодорхой танилцуулна уу?
-Хийж бүтээж байгаа бизнесийн минь дэмжиж, урьсанд баярлалаа. Монголд бизнес эрхэлж байгаа эгэл жирийн залуучуудын нэгэн эд эс болж, хөдөлмөрийн "амтанд" орж хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж явна. Би Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. 2006 онд арван жилээ төгсч, Улаанбаатар хотод ээжтэйгээ, эгчийнхээ охинтой хамт нүүж ирж байлаа.
-Таны амьдралын салшгүй нэг хэсэг бол цэцэг. Цэцэгтэй холбогдсон түүхээ хуваалцвал?
-Хүн ажлыг голдоггүй гэдэг. Олон ч ажил хийж үзлээ. Ачаалал маш ихтэй газар ажиллаж байлаа. Тэгэхдээ өөр ажил хийх шийдвэр гаргаж, хайж эхэлсэн. Зарын сонин аваад өөрт тохирох, хийж чадах ажлаа хайсны эцэст санаандгүй байдлаар цэцэгтэй холбогдсон. Талбайн урд байрлах “Ленин” клубт уулзалтын цаг тохироод, "Сайн электроникс"-ын захирал Ган-Очир ахтай уулзлаа. Бармен ажилд авна гэсэн зар хараад очиж уулзсан чинь цэцгийн дэлгүүрийн ажилтан авах байсантай андуурсан байгаа юм. Ингэж л миний амьдрал цэцэгтэй холбогдсон байдаг.

-Цэцэгтэй "танилцаад" хэдэн  жил болж байна. Анх ажилд ороход ямар орчин угтав?
-Багадаа цаас хайчилж цэцэг хийнэ. Гарын дүйтэй аливаа ажлын арга эвийн олоод хийчихдэг зан минь нөлөөлсөн байх. Чадна гэсэн бодлоор маргааш нь ажилд орсон. Валентин болохоос хоёр хоногийн өмнө ажилд орсон. Цэцгийн эрэлт нэмэгдэж, ачаалал ихтэй. Ажлынхаа гарааг дагалдангаар эхлүүлсэн. Зайсанд байрлах "Good price"-д дагалдаж, цэцгийн иш цэвэрлэж, хэрхэн яаж ажиллах талаар суралцсан. Цэцгийн үнэр үнэхээр сайхан. Анх удаа ажиллаж үзэх гэж байгаа болохоор айдастай байсан.
-Хэр хугацаанд дагалдсан хийсэн бэ?
-Цэцгийн дэлгүүрүүдэд тулгардаг асуудал нь ажиллах хүчний хомсдол. Хоёр хоног дагалдан хийгээд XIX хорооллын "Номин"-д байрлах цэцгийн тасаг хариуцан ажиллаж эхэлсэн. Чадахгүй юм байсан ч цаг тутамд өөрийгөө хөгжүүлж, суралцахыг хүсдэг учраас их хичээсэн. Цэцэг бооход мэдрэмж шаардана. Цэвэрлэгээ, арчилгаа болон усалгааны ажил маш чухал. Ээж болоогүй байхдаа ажиллах, болсныхоо дараа ажил хийх хоёр асар ялгаатай санагддаг. Аливаад хандах хандлага хүртэл өөрчлөгддөг. Хэцүү байсан ч даваад гарна. Илүү тэвчээртэй болж, ажилдаа сэтгэл, зүтгэл гаргадаг болсон. Сэтгэл шингэсэн бүхэн хамгийн сайхан. Хоёр жил ажиллаад гарсан. Эхний жилдээ шилдэг ажилтан болж, худалдан авалт сайтай салбар болгож чадсандаа баяртай байдаг.

No description available.
-Өөрийнхөө дэлгүүрийг нээх болсон сэдэл санаа нь юу байв?
-Сэтгэлтэй хүн цэцгийн бизнесийг хийдэг. Яагаад гэхээр цаг тутамд арчилгаа шаарддаг. Заримдаа хоногийн 24 цаг бага юм шиг санагдах үе бий. Нэг цэцэг ч үхүүлэх хайран. Өдөр бүр усын сольж, тайрна. Гадуур явж байхад цэцэг нь үхчихсэн дэлгүүрийг харахаар сэтгэл өвдөнө. Ажилдаа их дуртай, гарах бодол байгаагүй. Манай байнгын үйлчлүүлэгч охин шинэ цэцгийн дэлгүүр нээхээр болсон "Та ажиллах уу" гэдэг санал тавьсан. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болчихсон бас гэртээ ойрхон болохоор ажлаасаа гарах бодол байгаагүй. Захирлын доод талын албан тушаалтай хүн гэнэт "Өөр салбар руу яв" гэхээр нь чадахгүйгээ хэлээд гарах шийдвэр гаргасан. Өмнө нь яв гэсэн салбар бүрт нь очиж ажиллана. Тавьсан саналыг хүлээж авч хэсэг хугацаанд ажиллаад өөрийнхөө дэлгүүрийг нээх ёстойг ойлгосон.
-Цар тахлын хүнд үед дэлгүүрээ нээж, өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаагийн шалтгаан нь таны ажилдаа сэтгэлтэй ханддаг зан нөлөөлсөн байх?
-"Flowers art studio in Zaisan" дэлгүүрийнхээ пэйж, инстаграммыг 2020 оны тавдугаар сарын 24-нд нээж, интернэтээр захиалга авч, хүргэлтийн үйлчилгээгээр ажиллуулж эхэлсэн.  Олон хайлт хийсний хүчинд "Golden Budda"-д түрээсийн талбай олсон. Үйл ажиллагаа нь эхэлж байсан болохоор хөл хөдөлгөөн багатайгаас гадна засвар үйлчилгээ хийж, дэлгүүрээ тохижуулах асуудал тулгарсан. Орохоо хэлээд гэрээгээ хийсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд "Ковид-19" цар тахал гарахын өмнөхөн орсон.  Дөрвөн хоногийн дараа хөл хорио тогтоосон. 2021 оноос эхэлж түрээсээ авна гэсний дагуу би төлөлтөө хийж л байсан. Хэн хэнийхээ ажлыг хүндэтгэж, цаг тухай бүрт нь түрээсээ өгч байлаа.

No description available.
-Бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгарна. Нууц биш бол анх хэдэн төгрөгөөр ажлынхаа эхлэлийг тавив?
-Эргээд бодоход их сайхан дурсамжтай санагддаг. Цэцгийн бөөний төвөөс зээлээр цэцэг авна. Зараад буцаагаад өгнө. Ажлынхаа гарааг ингэж л тавьж байлаа. Цэцэгнээс гадна дэлгүүрийн тохижилт хийлгэх хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэд орчин чухал. Дагалдах материал гээд олон зүйл шаардлагатай. Сэлхэд зуслангийн жижигхэн хашаа байшин байдаг байсан. Өмнө нь зарах гээд зар тавихаар авах хүн олдохгүй.
Тавилгын цех ажиллуулдаг залуутай ярилцаад бартераар лангуу хийлгэх санал тавихад зөвшөөрсөн. Дэлгүүрийнхээ тавилгыг хийлгэх гэхээр бэлэн мөнгө байгаагүй. Хашаа байшингаа өгөөд оронд нь тавилга хийлгэж авсан. Ажлаа азтай эхлүүлсэн гэхэд болно. Хамаатны охин маань тухайн үед цэцгийн дэлгүүр нээх гээд хөргөгч, бараа материал авчихсан байсан ч ажиллуулж чадаагүй. Бүгдийг нь зээлээр зарсан. Мөнгийг нь цувуулж өгөхөөр тохиролцоод авч байлаа. Олон хүний дэм, өөрийн зүтгэлээр цаанаасаа бүх зүйл сайхан бүтсэн.
-Бизнес эхлүүлэхэд цэцгийн дэлгүүрт ажиллаж байсан нь түлхэц болсон байх. Зах зээлээ хэр судалсан бэ. Цэцгийг ашгаасаа илүү алдагдалтай бизнес гэж ярих нь бий?
-Цалин хүлээж амьдарна гэдэг хэцүү. Тиймээс залуу хүний эрс шийдэмгий зангаар алдсан ч, оносон ч хийгээд үзэх ёстой гэсэн сэтгэлээр хандсан. Чадна гэж эхлүүлсэн. Чадсан гэж бодсон. Цэцгийн дэлгүүрт ажиллаж туршлага хуримтлуулсан нь түлхэц болсон. Ээжийн минь дэмжлэг их байсан.

No description available.
-Байшингаар ярьвал та шавийн тавьж, цемент шохойгоо хүртэл өөрөө хийсэн. Өнгөрсөн цаг хугацааг эргээд харахад сайхан санагддаг байх?
-Хэн нэгний дэмжлэг, эсвэл бэлэн хөрөнгө дээр бизнесээ эхлүүлсэн бол өнөөдөр нүүр бардам яриад сууж чадахгүй. Өөрийнхөө гараар бүгдийг бүтээсэн болохоор сайхан байдаг.
-Цэцэг хүнд сайхан мэдрэмж өгч, дурсамж болон үлддэг. Одоогоор хэчнээн төрлийн цэцэг худалдаалж байна?
- Нэг үеэ бодвол олон төрлийн сонголттой болсон. Цахим орчин хөгжихийн хэрээр хүмүүсийн мэдээлэл, мэдлэг сайжирч байна. Цэцгийн нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ чанар сайжирсан. Өмнө нь өнөөдөр аваад удахгүй үхчихдэг байсан бол одоо арчилж чадвал маргааш, нөгөөдөр ч байх боломжтой болсон.
-Цэцгийг цаг тутамд арчлах ёстой. Хорогдол хэр гардаг вэ?
-Их гарна. Манайд цэцэг тарьдаг хүлэмж, хүн ховор. Улирлын чанартай ажил учраас зун лили, хонгорзул, наранцэцэг тариалдаг хүмүүс бий. Цэцгийн дэлгүүрүүдэд нийлүүлнэ. Нэр төрөл цөөхөн. Миний бодлоор хүлэмж бариад, гоё цэцгүүд тарьж ургуулаад дэлгүүрт нийлүүлбэл, эрэлт хэрэгцээ их байна. Урд хөршөөс шууд хамааралтай. Ирэх хугацааны хувьд ч харилцан адилгүй. Зориулалтын тээврээр оруулж ирнэ. Хил гааль хаалттайгаас шалтгаалж, онгоцоор оруулж ирж байна. Олон салбар дэлгүүртэй өөрсдөө оруулж ирдэг хүмүүс бол өөр. Манайх их хэмжээгээр авч чадахгүй. Өдөр бүр усалж, тайрч арчилдаг. Анх хурууныхаа өндгийг өргөст цоортол хатгуулдаг байлаа. Хийх тусам арга барилаа олно. Баргийн хүний хийх ажил биш, тэвчээртэй хүн л үлдэнэ.

May be an image of rose, prairie gentian and text that says 'Thankyo , you Thank Kangaa xaйpTaй xaHbAaa for you'
-Цэцэг үхдэг ч цэцэг авсан мэдрэмж хэзээч арилдаггүй гэдэг. Анхны үйлчлүүлэгчид танай дэлгүүрийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад их нөлөөлсөн байх?
-Хүнээс авснаас өгсөн мэдрэмж илүү сайхан. Аз жаргалтай болгодог. Баяр жаргалын агшинг цэцгээр дамжуулж хуваалцахаас гадна уучлал эрэхдээ ч өгнө.
-Цар тахлаас шалтгаалж маш олон газар хаалгаа барьсан. Танайх эсрэгээрээ хэцүү үед дэлгүүрээ нээж, амжилттай ажиллаж чадсан нь таны тууштай зангийн илрэл байх. Тэр үеэ дурсаад хоёулаа ярилцлагаа өндөрлөе?
-Зоригтой эхлүүлсэн болохоор зогсолтгүй хөдөлмөрлөх ёстойг яс махандаа тултал ойлгосон. Тиймдээ ч хүнд үеийг өлхөн давсан болов уу. Хэрэглэгчид итгэж захиалга өгсөн нь өнөөдрийг хүртэл ажиллах суурь болсон. Хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд дэлгүүрээ нээгээд 11-нд хөл хорио тогтоосон болохоор тухайн үед найз нөхөд болон танил хүмүүст цэцэг бэлэглэсэн. Хүн баярлуулах дуртай. Сэтгэл гарган баяртайгаар хийдэг  ажлыг минь хүндэтгэн жижигхэн бизнесийг минь дэмжээрэй гэж уншигч та бүхнээс хүсье.

С.Ичинхорлоо

Та захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/search/top?q=flowers%20art%20studio%20in%20zaisan пэйж хуудсаар болон 99977290 утсаар захиалаарай. Хаяг: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан, Goldem buddha shopping center 1 давхар. Хүргэлттэй.

 

No description available.

May be an image of 1 person, prairie gentian and roseMay be an image of 2 people, rose, prairie gentian and indoorMay be an image of rose and text that says 'love with a'May be an image of flower, indoor and text that says 'wis 05T ceon seen the bash He es sea ৫ sharks ٥ awn ክ Lov go the FLOWERS ART ARTSTUD STUDIO IN ZAISAN'May be an image of rose and indoorMay be an image of rose, prairie gentian, indoor and text that says 'FLOWERS ART TUO'May be an image of flowerMay be an image of rose and indoorMay be an image of prairie gentian and rose