У.Хүрэлсүх: Австри бол манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
Мөрийтэй тоглоом зохион байгуулбал хорих ял шийтгэнэ
Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхтэй холбоотой “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоомыг зохион байгуулах гэмт хэргийн үйлдэлд өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулах замаар дэмжлэг үзүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”” хэмээх 20.18, 20.19 гэсэн зүйл нэмэх Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг нарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

