Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлсэн
Ж.Энхбаяр: Үүлдэр омгийн хонины 18.5 хувь нь эрсдэлийн түвшинд байна
“Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” болон “2025 оны хаврын мал төллөлтийн дүн, мэдээ”-ний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэлдээ, Монгол Улсын мал сүрэг 2024 оны жилийн эцсийн нийт дүн 57.6 сая толгой тоологдсоны 4.7 сая нь адуу, 5.1 сая нь үхэр, 480.6 мянга нь тэмээ, 24.5 сая нь хонь, 22.9 сая нь ямаан сүрэг байна. Нийт мал сүргийн дотор хонь 42.5, ямаа 39.8, үхэр 8.8, адуу 8.1, тэмээ 0.8 хувийг тус тус эзэлж байна. Манай орны байгаль, цаг уур, уур амьсгалын онцлогт дасан зохицсон хонины 15 үүлдэр, ямааны есөн үүлдэр, үхрийн 5 үүлдэр, тэмээний 5 үүлдэр, адууны 3 үүлдэр батлагдаж, сайжруулагч үндсэн цөм сүргээр тус тус ашиглагдаж байна. Монгол Улсад өсгөн, үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-99.7 хувийг манай улсын уугуул үүлдэр, омгийн мал, 0.3-3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортолсон цэвэр үүлдрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлийз мал тус тус эзэлж байгааг дурдлаа.
Мөн НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцод Монгол Улс 1993 онд нэгдэн орж, 2017 онд Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг малын төрөл тус бүрээр гурван жил тутам шинэчлэн хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулан улмаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн хороонд хүргүүлдэг болсон. Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалын дагуу анх 2000 онд хийсэн бөгөөд сүүлд 2019-2020 онд шинэчлэн сайжруулж НҮБ-д тайлагнасан гэв.
Малын генетик нөөцийн үнэлгээнээс үзэхэд, монголын уугуул үүлдрийн үхэр, тэмээ, хонь, ямааны генетик тогтоц, ашиг шимийн хувьд эрсдэлгүй, адууны 30.8 хувийн ашиг шимийн чиглэлийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж шинжээчид дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, манай орны уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон үхэр, тэмээ, хонь, ямаан сүргийн хувьд генийн өвөрмөц тогтоцыг хадгалахад тооны хувьд хангалттай байгаа бөгөөд ашиг шим нь харьцангуй тогтвортой хадгалагдаж байна.
Харин нийт адуун сүргийн 31 орчим хувь нь ашиг шимийн чиглэл болон генетик шинж тэмдгийн нарийвчилсан судалгаа явуулж дүгнэлт гаргах шаардлагатай байна. Учир нь сүүлийн 20 жилд Монгол Улсад нийтдээ 5200 орчим англи, араб, ахалтехин, будёный, орлов, кабирдин, оросын хатирч зэрэг үүлдрийн адууг гадаад улсаас импортоор авч, монголын адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх чиглэлтэй үржүүлгийн ажил явуулсантай шууд холбоотой гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Бусад төрлийн малын тухайд гадаад улсаас авч цэврээр үржүүлж байгаа болон үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаа, шинээр зохион бүтээсэн үүлдэр омгийн малын тоо толгой цөөрсөн, ашиг шим нь буурсан генетик тогтоцын зарим шинж тэмдэг өөрчлөгдсөн байх магадлалтай, эрсдэлтэй гэж дүгнэсэн. Ялангуяа Монгол Улсад үржүүлж буй үүлдэр омгийн хонины 18.5 хувь нь эрсдэлийн түвшинд байна. Эрсдэлийн түвшинд байгаа үүлдэрт нарийн нарийвтар ноост Тал нутгийн цагаан, бүдүүн бүдүүвтэр ноост Байдраг үүлдэр, Алтанбулаг, Жаргалант, үржлийн хэсэг, Торгууд үүлдрийн хэсэг, буржгар хурганы арьсны Сүмбэр үүлдрийн хонийг эрсдэлийн түвшинд багтаасан байна. Эдгээрээс 2025 оны 05 дугаар сарын байдлаар Байдраг, Жаргалант үүлдрийн хонины хэв шинжийг хадгалсан бодгаль бүртгэгдээгүй байна. Ямаан сүргийн уугуул үүлдрээс 15 үүлдэр омгийн 86.7 хувь нь эрсдэлгүй, 13.3 хувь нь эрсдэлийн түвшинд гэж дүгнэгдсэн. Эрсдэлийн түвшинд байгаа үүлдэр, омогт мохер, ноосны чиглэлийн Өнжүүл, үржлийн хэсэг, ноолуурын чиглэлийн Гал шар омог тус тус багтсан байна. Цаашид ямааны тоог аажим бууруулж 20 сая орчимд барих, ямаан сүргийн гэрээт нөөцийгийг оновчтой ашиглах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, экспортод чиглэсэн ноол, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлахыг зөвлөсөн гэж байлаа.
Мал сүргийн чанарыг сайжруулах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх, генетик нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр Монгол Улсын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг нарийвчлан зохион байгуулж, генийн дарааллыг тогтоож, дэлхийн мал, амьтны генетик нөөцийн санд бүртгүүлэх, малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор мал аж ахуйг бүсчлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангах зорилгоор гадаад улсаас махны, сүүний болон мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн үхэр түүний үр хөврөлийг импортолж, төрөлжүүлэн өсгөх, сайжруулагчаар ашиглах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.
Салбарын сайд дараа нь 2025 оны хаврын мал төлөлтийн дүн мэдээг тоймлон танилцуулсан.
Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24.2 сая эх малын 73.4 хувь буюу 17.7 сая эх мал төллөөд байна. Улсын хэмжээнд 17.7 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 98.7 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 14.9 хувиар их, 5.0 сая төл бойжиж байна. Бүсчилбэл баруун бүс 77.8, зүүн бүс 67.3, төвийн бүс 72.6, хангайн бүс 74.1 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж мэдээлэлд дурдсан байлаа.
Мөн 2025 онд нийт 23.0 сая орчим толгой төл хүлээн авах төлөвтэй байна. Ингэснээр 2025 оны зун, намрын улиралд нийт 80.6 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Монгол орны бэлчээрийн даац гангүй, хэвийн жилд дунджаар 85 сая хонин толгой малыг тэжээлээр хангах боломжтой бол 2025 оны зун, намрын улиралд байх малын тоог хонин толгойд шилжүүлснээр 100 сая толгойд хүрч, бэлчээрийн даацаас 15-20 сая толгойгоор хэтрэх төлөвтэй байгаа аж. Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах хүрээнд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг хамгаалах, дэмжих, бэлчээрийн даацад малын тоог тохируулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд салбарын яам мал, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн дотоодын болон гадаад худалдааг дэмжих, хөнгөн, хүнсний үйлдвэрийн боловсруулах үйлдвэр хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдсан.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд 2017 онд батлагдсан Малын генетик нөөцийн тухай хууль чухал хуулийн нэг хэдий ч хэрэгжилт тун хангалтгүй байгааг салбарын яамныханд онцгойлон анхааруулж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Малын генетик нөөцийн тухай хууль нь цөм сүргийг хамгаалахад чиглэсэн чухал асуудлыг хөндсөн бөгөөд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав. Мөн энэ асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Гаалийн мэдээгээр 2015-2024 он буюу сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилдээ дунджаар 500 адуу орж ирсэн байна. Нэг азаргад хамгийн багадаа 20 гүү тавина гэж тооцвол жилдээ 10 мянга орчим адуу эрлийзжиж байх жишээтэй. Нөгөөтээгүүр, нэг адуу 50-200 сая төгрөгөөр тооцоход жилдээ 62.5 тэрбум төгрөг, үүнийг дагасан хивэг, тэжээлийн зардалд жилдээ 2025 оны эхний улирлын байдлаар 3.5 сая ам.доллар гадагшаа урссан байна. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед импортоор адуу оруулж ирэх асуудлыг тодорхой хугацаанд хязгаарлах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Улсын хэмжээнд 121.0 мянга мал зүй бусаар хорогдсоны шалтгааныг тодруулахын зэрэгцээ хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан, бог малын хээлтүүлэгч дутагдалтай байгаа болон Дорнод, Сүхбаатар аймгуудад 2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн мал хээлтүүлгийн технологийн хугацаа оройтсон зэрэг асуудалд салбарын яамнаас бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар лавлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Малчны тухай хуульд малчны хүүхдийг сургах зохицуулалтад зоотехникчдийг бэлтгэх асуудлыг тусгах талаар хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал малын удмын сангийн үрийн банкны асуудлын нөхцөл байдлыг тодруулахын зэрэгцээ хээлтэгчийн эзлэх хувийн жинг эрс нэмэгдүүлж, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж, сүргийн бүтэц зөв болж, малчдын амьжиргаа дээшилнэ гэж байлаа.




