ЭхCурвалж #3: Б.Даш-Ёндонгийн таван сануулга ба Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоогүй шалтгаан

1991 оны арванхоёрдугаар сарын 1. Ердөө жил гаруйн өмнө тайван замаар ардчилсан хувьсгал хийсэн Монгол Улс шинэ дүрмээ боловсруулж, батлахаар Улсын Бага болон Ардын Их Хурлаараа хэлэлцэж байсан үе. Хамгийн анхаарал татсан асуудал нь эл өдөр Монгол Улс парламентын засаглалтай байх уу? эсвэл Ерөнхийлөгчийнх үү? гэсэн түүхэн сонголтын өмнө тулж ирсэн байв. Өмнөх өдөр нь уг хоёр сонголтоос Ерөнхийлөгчийн засаглал нь жин дарж, Ардын Их Хурлын депутатуудын олонхи нь саналаа өгөөд байсан юм. Бүр санал хураалгахад 186 нь дэмжиж, 186 нь татгалзсан түүхтэй. Улмаар Ерөнхийлөгч П.Очирбат тэнцсэн саналын хайнааг хагалж, парламентын засаглалыг сонгох нь зөв гэдгийг учирлаж, депутатуудын уур амьсгалыг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Гэхдээ зөвхөн Ерөнхийлөгч П.Очирбатын оролцоо жин дарсан уу гэвэл үгүй. Тухайн үед МАХН-ын даргын албатай явсан 42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндонгийн сануулга голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Учир нь, 50 гишүүнтэй 1990-1992 оны Улсын Бага Хуралд Б.Даш-Ёндонгийн даргалсан МАХН-аас 31 суудалтай байсан юм. Ардын Их Хурлын олонхийг ч МАХН-ын төлөөлөл бүрдүүлж байсан хэрэг. Ийм нэгэн цаг үед Б.Даш-Ёндон Ардын Их Хурлын депутат төдийгүй МАХН-ын даргын хувиар Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон тохиолдолд Монгол Улсад ямар эрсдэл учирч болохыг сануулж, парламентын тогтолцоог сонгохыг уриалж асан нь архивт хадгалагдан үлдсэнийг сийрүүлэн хүргэж байна.


42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндон /МАХН-ын дарга/: Эрхэм депутатууд аа, Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал байж болно. Гэхдээ өнөөдөр цаг нь болоогүй байна. Нөхцөл нь бүрдээгүй. Монгол Улсад төрийн дээд эрх мэдлийг парламентад байлгах шаардлагатай. Ингэж үзэж байгаа МАХН-ын гишүүн, депутатууд Та нөхдийн дотор олон байгаа. Би тэр нөхдүүдийг дэмжиж үг хэлж байгаа юм.

Яагаад тэр нөхдүүдийг дэмжиж байгаа юм гэвэл, төрийн тогтолцооны асуудлаар МАХН-ын үндсэн баримт бичгүүдэд тодорхойлсон бодлогыг зөв барьж байгаа учраас. Өнөөдөр бид Үндсэн хуульдаа Монгол оронд парламентын ёс дэглэм тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэр үзлийн, намынхаа энэ бодлогын төлөө би тэмцэх ёстой. Тэгж тэмцэхийн тулд Та нөхдүүдтэй санал бодлоо солилцож байна.

Манай намын ХХ Их хурлаас баталсан мөрийн хөтөлбөрт парламентын ёсыг тогтооно гэж хэлээгүй боловч ардчилал, хууль ёсны зүйлийг баталгаажуулах бүх нөхцөлийг бий болгохын төлөө тэмцэнэ гэсэн. Саяхан боловсруулсан төслийг уншиж өгч болно. Нэг буюу хэсэг бүлэг хүний ноёрхох дэглэм үүсгэхгүй байх баталгааг бий болгохын нам тэмцэнэ. Энэ бодлогыг барьж, дэмжихгүй тохиолдолд өнөөдөр би энэ намыг удирдаж байх хэрэггүй.

Зарим газар, Ерөнхийлөгч нь гэв гэнэтхэн Засгийнхаа эрхийг шүүрэн авч байгаа нь ноцтой алдаа. Түүнд бид урамшиж, дууриаж болохгүй. Урд аль, аль талаа бодох ёстой. Төгсгөлд нь Ерөнхийлөгчийн засаглал гээч юм тогтвол ямар хүнд уршигтай юм гэдгийг маш товчхон тоочин хэлье. Одоогийн Ерөнхийлөгчийнхөө нэр хаягаар хэлж байгаа юм биш шүү. Түүнийг ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, улс төрийн тогтвортой байдал байнга алдагдах нөхцөл бий болно. Үргэлж хоорондоо элдэв маргаан, тэмцээн хийж байдаг юм руу орно. Та минь, энэ бол гарцаа байхгүй.

Хоёрдугаарт, нэг хүнд хэтэрхий эрх мэдэл заавал төвлөрнө. Үүний уршгийг Та бүхэн өөрсдөө ойлгож байгаа.

Гуравдугаарт, нийгмийн амьдралд улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг роль эрс суларна. Энэ бол ард түмэнд гаслан гамшиг авчрахын нэгдүгээр эх сурвалж гэдгийг бид заавал анхаарах ёстой.

Дөрөвдүгээрт, төр улсын дээд удирдлагад тойрсон хүрээлэл, гэр бүлсэг явдал гарцаагүй бий болно. Түүний хохирлыг бид их амсаж ирсэн шүү дээ.

Тавдугаарт, улс орны тусгаар тогтнолын баталгаа үлэмжхэн хэврэгшинэ. Эдийн засгийн хямралаас гаргахад зохицуулах хатуу зохицуулалт хэрэгтэй. Улс төрийн хувьд өргөн ардчилал хэрэгтэй. Энэ бүх үзэл санааны үүднээс одоо Бүгд Найрамдах Монгол Улсад парламентын ёс дэглэм ноёрхож байх ёстой. Ерөнхийлөгчид энэ төсөлд зааснаас ямар нэг хэмжээгээр жаахан илүү эрх мэдлийг олгох ёстой. Ингээд цаашаа явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм" гэж байжээ.

Үүнээс сар гаруйн дараа буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид зүйл бүрээр нь уншиж сонсгосны дараа "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн" гэдэг заалтыг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Ерөнхийлөгчийн биш парламентын засаглалтай болсон шалтгаан эндээс улбаатай. Б.Даш-Ёндон нь түүхийн багш мэргэжилтэй. МУИС-ийг төгссөний дараа сургуульдаа багшилж байгаад МАХН-ын төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллажээ. Улмаар 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан нэгэн. Тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг анх ажилд авч байсан гэдэг.

Г.Эрхэс