“Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нарын санаачилгаар “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” арга хэмжээг Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын хөвөөнөө 2022 оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахад Соёлын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Баян-Өлгий, Ховд аймгийн Соёл, урлагийн газар, Ховд аймгийн музей дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Урианхай, Тува түмний аман билиг, зан үйл, язгуур урлаг, гар урлал, уламжлалт идээ ундаа, тоглоом наадгайг таниулан сурталчлах, залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Увс, Орхон, Дархан-Уул, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт тархан суурьшсан Урианхай, Тува иргэд болон Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсаас нийт 5000 орчим хүн оролцов.

May be an image of 3 people, people sitting and people standing

Урианхай, Тувагийн 7 хошууны (Саруул засгийн хошуу, Итгэмжит  засгийн хошуу, Зүтгэлт засгийн хошуу (Ёст гүн), Дархан засгийн хошуу, Зоригт засгийн хошуу - Хар соёны хошуу, Эетэй засгийн хошуу - Цагаан соёны хошуу, Ёст засгийн хошуу - Хөх мончогийн хошуу) нэрээр нэрлэгдсэн гэрүүдэд соёлын өвийн гэр сургалтыг зохион байгуулав. Гэрт зочилсон хэн бүхэнд аман аялгуу, идээ, ундаа, язгуур урлаг, тоглоом наадгай, гар урлал, хувцас хэрэглэл, урц гэрийн урлал, уламжлалт анагаах ухаан, хуримын зан үйл, Шавы (тува уламжлалт хуримын тоглоом), уламжлалт цанын спорт (Хаак), уран дарханы уламжлалт мэдлэгийг тайлбарлаж, үзүүлэн сурталчлав. Сургалтын үеэр Урианхай дархан П.Эрдэнээ “Уран дархны хөөрөг тахих зан үйл”-ийг оролцогчдод тайлбарлаж, зан үйлийн хэсгээс үзүүлэв.

May be an image of 12 people, people standing and outdoors

Мөн арга хэмжээний үеэр соёлын биет бус өвийн тэмцээнийг өвлөн уламжлагчдын дунд Тууль, ерөөл, магтаал, хууч яриа, цуур, уртын дуу, богинын дуу, хөөмэй, бий биелгээ, уламжлалт хувцас урлал, сур харваа, хорол, үүшүүр, буган шатар, нар сэмбэ, унага даага нийлүүлэх, шагай цахлах, 100 цааст хөзрийн төрлөөр зохион байгуулж, шалгарсан өвлөн уламжлагчид болон багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. Арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Алтай, Буянт, Цэнгэл, Сагсай, Алтанцөгц, Бугат, Булган, Өлгий сум, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Буянт сумдын 11 баг оролцсоноос Ховд аймгийн Мөнххайрхан сум I байр, Ховд аймгийн Дуут сум II байр, Баян-Өлгий аймгийн Алтай сум III байр эзлэв.

May be an image of 8 people, people standing and outdoors

Урианхай, Тува түмний соёлын өвийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх тус арга хэмжээнд давхардсан тоогоор 1000 орчим өвлөн уламжлагчид оролцсоноос хамгийн ахмад нь 86 настай Урианхай бийч н.Бааяа байлаа. ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн “Монгол Тууль”, “Монгол Цуур” өвийн өлгий нутагт зохион байгуулагдсан тус арга хэмжээний үеэр дээрх 2 өвийг залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилгоор 35 товшуур, 15 цуур хөгжмийг урлуулж, арга хэмжээнд оролцсон хүүхэд, залуучуудад гардуулан өгсөн юм.

“Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” арга хэмжээ нь Урианхай, Тува түмний соёлын баялаг байдлыг таниулан сурталчлах, залуу хойч үед түгээн дэлгэрүүлэх, соёлын ижилслийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 5 people and outdoors

May be an image of 5 people