Тэр ардчиллаа бүтнээр нь “тэвэр”-ээд иржээ

Манай тусгай сурвалжлагч С.Гандөл Узбекистаны Самарканд хотоос мэдээлж байна


Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотноо албан ёсоор хөшгөө нээлээ. Хоёр жилийн турш бүхэлд нь “хорио”-нд оруулсан цар тахлын нөлөө дэлхий нийтэд арай гэж аажуу амьсгаа авч, амсхийх зав өгөхтэй зэрэгцэн ОХУ, Украины дайн хэмээх шинэ үзэгдэл “Ковид”-ын халааг “залгамжилсанаар” өөр нэгэн сорилттой нүүр тулахаас аргагүйд хүргэсэн нь саяхан, энэ оны хоёрдугаар сар. Бүх нийтээрээ цар тахлыг сөрсөн дэлхийн “цаг агаар” бүтэн жил хүрэхгүй хугацаанд хуанлийн хуудсын бичиглэлийг өөрчилж, бүрэн зураглалаараа ОХУ-ыг гол дүрээр “нэрлэх” болов. Их гүрний явуулдаг бодлого өөрөө том цар хүрээг хамрах нь тодорхой. Тэр хэрээрээ ОХУ, БНХАУ-ын дундах “жийрэг улс” гэгддэг жижигхэн Монголын хувь заяа хаашаа эргэх нь жирийн ард иргэдийнх нь жингийн туухайны том, жижгийг дэнслэхээс эхлээд бөмбөрцгийн бүгдийн анхаарал хандуулах сэдэв болж хувирав.

Анхнаасаа, ардчилсан нийгэмд шилжсэн цаг үеэсээ БНХАУ, ОХУ гэсэн мөнхийн хоёроосоо давж гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, оролцоог нээлттэй, ил тод зарлаж ирсэн Монгол Улс газар зүйн байрлал, геополитикийн солбилцлоороо хэзээнээс хэн бүхэнд сонирхолтой өгөгдөл байсаар ирсэн. ОХУ, Украины дайны галд БНХАУ, Тайванийн зөрчил тос нэмэх энэ хугацаанд ч “Ардчиллын баянбүрд” болсон Монгол Улсын тодотгол “Дэлхийн энх тайвны бэлгэдэл” хэмээх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын агуулгаар баяжиж, бас нэгэн түүхийн хуудсыг шинэчлээд удаагүй байна.

Угаас их гүрний бодлогын дам нөлөө хүссэн ч, эс хүссэн ч хөрш зэргэлдээ орондоо илт мэдрэгдэх нь цаг хугацааны асуудал ч Монгол Улс гэсэн тусгаар улсын малгай “Ардчиллын баянбүрд” гэсэн тодотгол “Энх тайвны бэлгэдэл”-ээр дахин тодорсон нь 193 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын хувьд онцлох, амаргүй, асуудалтай цаг үед байж өгч болох хамгийн эерэг үзүүлэлт байв.

Ийм нэгэн онцлогтой цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Самарканд хотноо ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар гурван талт уулзалтыг хийлээ. 2014 онд Душанбе хотноо зохион байгуулсан гурван улсын Ерөнхийлөгч нарын 100 жилийн дараах уулзалтаас хойш гэж тооцвол Зургаадугаарх нь. Ц.Элбэгдоржоор эхэлж, Х.Баттулгаар үргэлжилж, У.Хүрэлсүхэд өвлөгдсөн нь энэ. Гэхдээ хоёр жил завсардсаны дараа. Үндсэн агуулга нь өөрчлөгдөөгүй ч өөр дүр зураг, өөр цаг үе, өөр байр суурь, өөр тохиролцоо. 

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт дайсан түүний эл саналыг олон улсын агентлагууд ч түрүүчээсээ онцолж эхэллээ. Мөн Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөлд хоёр хөрштэйгөө идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлж, шинжээчдийн түвшинд ажиллахаар ярилцав.

Эрдэнэбүрэнгийн төслийн санхүүжилт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр шийдэгдсэн бол Эгийн голын усан цахилгаан станцаа өөрсдөө шийдвэрлэж, хөдөлгөх асуудлыг ОХУ-ын тэргүүн дипломат С.Лавров хэлчихээд буцсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттареш ч энэ төсөлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснийг У.Хүрэлсүх Төрийн тэргүүний хувиар дахин сануулж, мөн баталгаажуулсан нь энэ.

Өөрөөр хэлбэл, хойд хөрш нь дайнтай, урд тал нь хөл хориотой цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр суурь, бас тохиролцоо нь газар зүй, геополитикийн онцлогоо ашиглах саналыг ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарт дайв. “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, гурван улсыг холбосон хурдны автозам тэргүүтэй стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой буйгаа нэмж хэллээ. Үргэлжлүүлэн  БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. 

Япон, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Нэгдүгээр хүнээр үргэлжилсэн дараалсан айлчлалын араас Монгол Улс ардчилсан тогтолцоогоо бүтнээр нь “тэвэр”-ээд зорьсныг ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа хадгалахаа илэрхийлснээр уншигдаж, гишүүн орнууд гэлтгүй дэлхийд өгсөн мессежээс харж болно.

Хятад, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Пакистан, ОХУ, Тажикстан, Узбекистан тэргүүтэй найман улсыг эгнээндээ нэгтгэсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, хамрах хүрээ нь том, Евроазидаа төдийгүй дэлхийд жин дарна. Энэ жил гишүүнээр элсэх болзлоо хангасан Ираныг нэмж тооцвол ирэх оноос ес болж нэмэгдэх эл байгууллагын үйл ажиллагаа АНУ тэргүүтэй барууны орнуудын анхаарал татах төв цэг нь. 

Өмнөх хоёр Ерөнхийлөгчийн үеэс тунхаг мэт дагасан, эргэлзээ, шүүмжлэлийг давхар дагуулсан ШХАБ дахь статуст ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй гэсэн байр суурь Төрийн тэргүүний амаар илэрхийлэгдсэн нь дипломат өрөг дээрх Монгол Улсын уран нүүдэл байв. Ерөөсөө л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчиллаа бүтнээр “тэвэр”-ээд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ирсэн байж таарах нь.