Хан заяатай "Хатан эрдэнэ"

Долоо дахь удаагийн парламент отгон чуулганы хаалтаа хийх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар долоон гишүүнийг онцгойлон шилдгээр тодруулснаа зарлаж байв. Тэгэхдээ тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг "Төрийн хатан эрдэнэ"-ээр шагнаж буйгаа чуулганы нэгдсэн хуралдааны индрээс онцолж байлаа. Уг шалтгаанаа "Ковид 19"-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул эмэгтэй гишүүдийг, эрүүл мэндийн салбарыг төлөөлж түүнийг тодрууллаа хэмээн мэдэгдэж асан түүхтэй. Өмнөх зургаан парламентын үед хэн нэгнийг ингэж өргөмжилж, гишүүдийн, төдийгүй нийт ард түмний өмнө алдаршуулж явсан нь үгүй. Ямар ч байсан 2017-2020 оныг хүртэл Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэл Монголын сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпилтэй эн зэрэгцэх эрхэм хэргэмийг хүртсэн нь энэ байв.

Шинэ цагийн Монголын "Хатан эрдэнэ" болсон тэрбээр 2020 оны сонгуулиар улиран сонгогдоод зогсохгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сэнтий рүү буурь сэлгэсэн ч 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр танхимынх нь 50 хувь огцорсны нэг Д.Сарангэрэл. Гэвч тэр аргагүй л хан заяатай "Хатан эрдэнэ" гэдэг нь үнэн байж таарсан юм. Жил гаруйн хугацаанд сул гишүүн яваад саяхнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар дахин ирлээ. Парламентад долоон удаа буюу тасралтгүй 28 жил УИХ-ын гишүүнээр ажилласан, Монгол төрийн архив болтлоо үнэлэгддэг Цэндийн Нямдорж ч дөрөвхөн жилийн хугацаанд гурван сайдын сэнтийд буйр сэлгэж байсангүй. Гэтэл уг албан тушаалд хамгийн их хэл ам дагуулж очсон Д.Сарангэрэл сайд сар хүрэхгүй хугацаанд иргэдээ "Улны айлууд" гэж доромжлон тохуурхав.

Ингэхдээ "Манай яамныхан "Улны айлууд" гэж нэрлэдэг юм байна. Үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн жишим ч үгүй хэлээд сууж байх юм. Сайдын санаанд ч багтахааргүй ийм нэршил байдгийг саяхан мэдсэнээ зарласан даруйд нийгэм даяараа хэлэлцүүлэг өрнүүлж, түүн рүү чиглэсэн эгдүүцэл, бухимдлыг улам өрдөх нь тэр. Улмаар "Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн ашигладаг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “Улны” хэмээн ашигладаг гэж тайлбарласан. Энэ үгээр олон хүнийг гомдоож, үгийн сонголтын алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна" гэсээр яаран залруулга хийж, "Улны айлууд"-аас уучлал эрэв.

Магадгүй Д.Сарангэрэл сайдын энэхүү үг олон нийтийн сонорт хүрээгүй, ямар нэгэн байдлаар дамжуулалт хийгээгүй бол "Улны айлууд" гэх хачирхалтай нэршлээ өөр нэгэнд яриад л явах нь. Хамгийн гол нь, түүний эл үйлдэл Монголын Төрийн сайд хүний амнаас гарах үг мөн үү? гэвэл мэдээж биш. Хүлцэл өчсөнөөр бүгдэрчих асуудал ч бүр биш ээ. Харин ингэж хэлснээрээ Д.Сарангэрэл сайд хариуцлага хүлээх ёстой. Эрхбиш 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, 2017 оноос тасралтгүй сайдын сэнтийд заларч суугаа түүний хувьд ямар үгийг хэлж болно, болохгүй гэдгээ сайн мэддэг хүний нэг. Ядаж л анх удаагаа УИХ-ын гишүүн болсон 32 хүний хажууд хаана, хэнтэй, хэний өмнө юу ярихаа мэдэх л учритай. Гэвч ямар нэгэн судалгаа нотолгоонд үндэслээгүй нэршлийг өлгөн авч хээв нэг инээдэм болгоод ярьж суугаа нь Д.Сарангэрэлийг өнөөг хүртэл Төрийн хүн болж төлөвшөөгүйг бүрэн харууллаа. Иргэдээ ялгаварлаж, Үндсэн хууль зөрчсөн танхимын сайддаа ингэхэд ямар хариуцлага тооцох вэ? Ерөнхий сайд аа!

Г.Эрхэс