Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр санал хүргүүлнэ

Монгол Улсын дээд шүүхээс санаачлан “Сэжигтнийг баривчлах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комисстой  хамтран 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Амарбаясгалан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, гишүүн М.Энхболд болон нийслэлийн дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэдэг шүүгчид оролцсон юм.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг хэлэлцүүлгийн эхэнд “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Улсын дээд шүүх 2023 оныг процессын нэгдмэл байдлыг хангах жил болгон ажиллаж байна. Энэ зорилгын үүднээс процессын хуулиудын зарим, зүйл заалтыг албан ёсоор тайлбарласан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийг шат дараалалтайгаар бүхэлд нь тайлбарлаж, нотлох ажиллагааг журамлана.” гэлээ. Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр, практик судалгаанд тулгуурлаж, хууль санаачлагчид санал хүргүүлэх, холбогдох хуулийн зүйл, заалтуудыг албан ёсоор тайлбарлах, практик хэрэглээгээ журамлах боломжтойг тэмдэглэв. 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн “Сэжигтнийг баривчлах ажиллагааны өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал” илтгэлдээ сэжигтнийг баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас ангид байгааг Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл, НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн тайланд үндэслэн мэдээлж, манай улсад мөрдөж байгаа хууль, эрх зүйн актуудыг бусад улсынхтай харьцуулан анхаарах асуудлыг тодорхойлсон юм.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэл: Халдашгүй чөлөөтэй байх эрх” илтгэлдээ мөрдөгчийн тогтоолыг шүүхэд хүргүүлэхгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан сэжигтний тоо 2022 онд 355 буюу баривчлагдсан иргэдийн 33.1 хувийг эзэлсэн баримт танилцуулсан. Мөн 864 хүний хувийн хэрэгтэй танилцахад 26.7 хувийг шүүгчийн захирамжаар, 61.2 хувийг прокурорын тогтоолоор, 11.8 хувийг ангийн даргын тогтоолоор сулласан байна. Мөн баасан гаригт баривчилсан сэжигтнийг шүүхийн хяналтгүйгээр 48 цаг саатуулсан тохиолдол 65.3, 48 цагаас илүү хугацаагаар саатуулсан тохиолдол 9 хувь байгаа бөгөөд тэдний 91 хувийг прокурор, баривчлах байрны дарга сулласныг тэмдэглэв.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Судалгаа, тайланд үндэслэн сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорихтой эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн боловсронгуй болгох, нарийвчлан зохицуулах саналыг УИХ-д хүргүүлсэн” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон шүүгчид хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 24, 48 цаг саатуулаад шүүхэд мэдэгдэлгүйгээр суллах тохиолдол нийтлэг байгаа учраас хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох санал хэллээ. Мөн баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох шүүхийн харьяалал, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэг явуулах, шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх журмыг нарийвчлан хуульчлах шаардлагатайг хэлсэн юм. Хүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах, шүүхийн шатанд цагдан хорих хугацаа нь хорьж мөрдөх нийт хугацаанд орох эсэхийг тодорхойлох, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийсэн хүнд хууль зүйн хариуцлага хүлээлгэх, зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээний хяналтыг сайжруулах зэргийг мөн хөндөн ярилаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нэгтгэж, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн баривчлах, цагдан хорихтой холбоотой асуудлаар хууль санаачлагчид санал хүргүүлэхээр тогтов.