Микрофонтой ЭЭЖ

Аавын буулт бас хайр

“Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчид ээ!...” хэмээн өөртэйгөө ярих бяхцан охин. Гарт нь эмчийн чагнуураас өөр зүйл үгүй. Аман дээрээ барьчихаад л хөтлөлт хийнэ. Хоолойг нь хураах хуурцаг хаана харагдана, тэр даруйд нь ашиглана. Лав Батдоржийнд байсан олон хөгжмийн хуурцаг түүний гараар орж, элээгдсэн байж мэднэ. Өдөр тутамд телевизийн хойморт залрах хуруу дарам цөөн нэвтрүүлэгчийн дүр төрх дөрөвдүгээр ангийн охины ой тоонд хоногшиж, оюун санаандаа ирээдүйн зорилгынхоо шанг татахад нөлөөлжээ. “Би чадах учраас ийм ажил хийдэг болно” гэсэн гэнэхэн, гэгээхэн хүсэл. Хүүхдийн сонирхол өөрөө соньхон. Багаасаа л тодордог жамтай. Үеийнхэн нь эмчийн дүрд тоглож байхад тэр ганцаараа чагнуураа микрофон болгон “хувиргаж” дэлгэцийн ямар нэгэн дүрийг өөртөө хуваарилна. 

Чингэж явсаар нэг л мэдэхэд аравдугаар ангиа төгсөв. Багийн дэвэргэн мөрөөдөл нь унтраагүй харин ч оргилж байсан тэрбээр Дарханы ФМ-д хөтлөгчөөр хэсэг ажиллаад их сургууль руу шилжих цаг ирлээ. Гэвч сэтгүүлчийн хуваарь Дарханд тийм ч сонголттой ирсэнгүй. Улаанбаатарыг зорихоос өөр арга үлдсэнгүй. 

Гол нь хот руу явуулах болов уу? гэсэн болгоомжлол, бас эргэлзээ эхэндээ байж. Учир нь, хоёр ахыг нь хот руу явуулах нь битгий хэл Дарханд нь сургаж, төгсгөсөн аав нь ганц охиноо их хөлийн газарт оюутан болгох нь юу л бол?... Гэхдээ л тэр ялжээ. Түүний хүсэл мөрөөдөл нь яллаа. Охиныхоо сэтгүүлч болох чин зорилго бүхий багийн хүсэл сонирхлын өмнө аав нь буулт хийлээ. Гартаа Кино урлагийн дээд сургуулийн танилцуулга барьсан, түүндээ л орохоор шулуудсан охиноо дагуулаад Улаанбаатарт ирж, ёсоор болгожээ. Асуудал нь ямар байхаас үл хамаарч агуулга талаасаа охиныхоо, үрийнхээ талд бат зогсох нь аав хүний л буулт, бас эцсийн мөчид харамгүй өгдөг хайр нь.

Химийн сонгонд сурдаг атлаа ганцаараа тэс хөндлөн сэтгүүлч мэргэжлийг сонгосон учраас анги даасан багш нь хүртэл “Манайхаас төрсөн ганц сэтгүүлч” гэнэ. Оюутан болсноос хойш араас нь ч утас цохиж, хичээл сургууль, сургалын талаар байцаасангүй. Хүүхдүүдээ багаас нь биеэ даах дадалд сургаж, тэр хэрээрээ амьдралд нь, сонголтод нь хөндлөнгөөс оролцоод байдаггүй тийм нэгэн төлөвшил нь Батдоржийн гэр бүлдээ бий болгосон дэг жаяг.

Зөөгчөөс хөтлөгч, Хөтлөгчөөс сэтгүүлч

Түүнд хот газар тийм ч шинэ орчин биш байлаа. "Халтар царайт" кино ид хүчээ авч байсан цаг үед Батдоржийнх "Таван шар"-д хоёр жил орчим суурьшаад Дархан руугаа буцаж суурьшсан түүхтэй. Их сургуулийн ангийнхан нь ихэвчлэн хөдөө, орон нутгаас ирсэн хүүхдүүд. Чингис зочид буудалд "Скай" их дэлгүүр нээгдсэний дараа зөвхөн урсдаг шатыг нь харах гэж ангиараа очдог байсан үе. Тэгж явсаар гуравдугаар курсээсээ ажил хийх шаардлагатай тулгарав. Оюутан хүн халаасны мөнгөө өөрөө олох хэрэгтэй. Хажуугаар нь аав, ээжийнхээ цуглуулж, хуримтлуулаад зарцуулсан хэдэн төгрөгийг үргүй болгож болохгүй. Биеэ дааж сурах, бусдадаа төвөг удахгүй байх аавын гэрийн дэг жаяг гэж нэг юм байна. Заримдаа хичээлээсээ хоцорно. Мэргэжлийн багш нар нь үүнийг андахгүй.

Нэг удаа аргагүйн эрхэнд хоцорчээ. Урд шөнө нь 03.00 цаг хүртэл ажилласнаас үүдэлтэй. Эхний цаг нь До.Чулуунбаатар гуайн хичээл байж таарав. Хичээл эхлээд явж байхад анги руугаа ороход нь "Чи үе үехэн хоцордог болжээ. Шөнийн цагаар, цэнгээний газарт зөөгчөөр ажиллаад байна уу?. Мэргэжлээрээ ажиллах газар олдохгүй байна уу" л гээд бэсрэгхэн зэмлэл хүртээх нь тэр. Эдгээр үг шууд л толгой руу нь оржээ. Үнэхээр л энэ тухай өмнө нь яагаад бодож үзсэнгүй вэ? Тийн бодолд дарагдаж явсаар гуравдугаар курст ордог жилийнхээ зун нь "Хаус дизайн" нэвтрүүлэгт хөтлөгч хийжээ. Тэндээсээ UBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэг рүү буурь сэлгэсэн байна. Очсон шалтгаан нь сонирхолтой. Хажуугаар нь лавлахад хэсэг ажиллаж байх зуур хөгжмийн нэвтрүүлэгт хөтлөгч авна гэсэн зар ороод иржээ. 

Ажлын байрныхаа давуу талыг ашиглаад зарын дагуу утас цохилоо, "Ирээд уулз" гэснээр телевиз хэмээх "их айл" руу хөл тавив. Түүнийг ажиллаж эхлэхэд өмнөх хүн нь жирэмсний амралтаа авч таарснаар ямар ч туршлагагүй хэрнээ хөгжмийн нэвтрүүлэгт тийнхүү "хадагдлаа". Шууд л ажлаа хүлээж аваад орлоо. Санаснаас дажгүй шүү, тэр эрчээрээ тэнд суурьшив.

"UBS music" продакшны захирал Ц.Чимгээгээс их ч юм сурлаа. Сайн ч чиглүүлнэ. Тухайн үедээ 70 мянган төгрөгийн цалинтай ажил нь их сургуулиа төгсөөд ирэхэд 150 мянга болж нэмэгдлээ. Ангиасаа түрүүлээд мэргэжлээрээ ажиллаад эхэлчихсэн, тэрүүхэндээ л под хийсэн орлоготой шинэ төгсөгч тэгж л UBS телевизэд жинхлэгдэв. Мэргэжлээ дурлаж сонгоно гэдэг ийм. Хамт төгссөн ангийнхнаас нь өдгөө яг мэргэжлээрээ ажиллаж байгаа нь гэвэл хуруу дарам цөөн.

Эргэлзэхгүйгээр өгсөн хариулт: Мэдээчин болно оо!

Ямар ч ажлыг хийхэд мэдрэмж чухал. Энэ бол төдийгөөс өдий хүртэл баримталж ирсэн түүний зарчим. Монголд дуу хөгжмийн ертөнц ид хүчээ байх үед UBS-т ажилд орсон. Гэвч тэрхүү цикл жилээс жилд унаж буйг мэдэрч эхэлснээр хөгжмийн нэвтрүүлгээс "татгалзах" шалтгаан болов. Аль ч салбар руу хөврөж чаддаг мэдээний сэтгүүлч рүү мэдрэмж нь чиглүүлж эхэллээ. Цаг хугацааны давхцал нь тэгж таарсан уу? хэлж мэдэхгүй. Яг тэр үед NТV телевизийг байгуулах үе тохиов. Телевизийн удирдлагын зүгээс ч ирж ажиллах санал тавилаа. Телевизийн салбарт анх хөтөлж оруулсан нь "UBS music",  мөн Ц.Чимгээ эгч. Тэрийг нь бодохоор ажлаа шууд хаяад явж чадсангүй. Тэгж явтал шинэ ажлынх нь захирал А.Ганбаатар "Манай телевизийн ажилтан өөр газраар гараад байх юм" гэж утас цохьсоноор эргэлт буцалтгүй NTV-дээ “идээшлээ”. 

Ирэхэд нь шууд асууж байна. “Мэдээ уншдаг диктор болох уу? эсвэл мэдээчин болох уу?” гэж. Эргэлзүйгээр "Мэдээчин болно оо" л гэлээ. Өөрийгөө илүү дайчлах, тэр хэрээрээ хөгжих сонирхолтой хүнээс гарах л үг. Ийнхүү Мэдээний албанд хуваарилагдаж, сэтгүүлч С.Батзаяагийн "цэрэг" боллоо. Алба нь гурван сэтгүүлчтэй. Гадаад мэдээний редактор, нэмээд дарга нь. Дундаа хоёр компьютертэй. Ээлжлээд л сууна. Одоогийн үеэс харьцангуй цомхон хэрнээ хариуцлагатай. Энэ үеэс хойш бүхэл бүтэн 16 жил өнгөрчээ.

“Мэдээчин” болох сонголтоо хийсэн тэрбээр хамгийн анхны мэдээгээ АНУ-ын Элчин сайдын яамнаас бэлтгэв. Тухайн үеийн Улаанбаатар ногоон байгууламж гэхээсээ сав саарал дүр төрх нүдэнд бууна. Гэтэл АНУ-ын Элчин сайдын яамны хашаагаар орох төдийд ногоон байгууламж бүхий тохижилт угтав. Бид өөрсдөө л тарьдаггүй болохоос ингэж ургуулж болдгийг нүдээрээ харсан түүний хувьд цэцэрлэгчийг нь олж уулзлаа. Сэтгүүлч хүний л зан. Бодвол гадаад хүн байгаа байх гэсэн бодол тээсээр очтол үгүй байх нь тэр. ХААИС-ийг төгссөн монгол хүн Элчин сайдын яамны тохижилтыг хариуцсан байгаа юм. Ингэж тэр анхны үйл явдлаас бэлтгэсэн мэдээндээ албаныхаа даргаас том үнэлгээ авчээ. 

Хөгжмийн нэвтрүүлгээс шууд орж ирсэн хүнд мэдээ бэлтгэх нь шинэ тутам зүйл ч бусдын олж хараагүй нь ногоон байгууламж байсан хэрэг. Одоо бодох нь ээ, мэдээний сэтгүүлчээр ажиллах хугацаанд мэр сэр алдаа гаргаж байсан ч бүтээж, бүрдүүлсэн орон зайгаа харвал оносон нь жин дарна. 

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргатай холбоотой мэдээ бэлтгэхдээ “Ажлын албаны” гэх үгийг орхиж бичсэнээс захиралдаа нэг зэмлүүлж байж. Дараа нь барилгын компанитай холбоотой мэдээлэл бэлтгэхдээ Төрийн тэргүүний хувь эзэмшлийн гэж бичсэн нь буруудаж нэр дурдагдсан субъектээс хэвлэлийн хурал зарлахдаа тулж байсан гэнэ. Энэ үеэс л ганцхан газрыг эх сурвалжаа болгох нь өрөөсгөл гэдгийг ойлгосон тэрбээр мэдээндээ явж ирээд хоёр, гурав дахь руу нь утсаар ярьж, баталгаажуулан олон талын байр суурь хүргэхийг жанжин шугамаа болгожээ. Баараггүй, бат юм хийх ёстой гэдгийг ойлгосон нь энэ. Ганцхан сэтгүүлчийн ард бүхэл бүтэн байгууллагын нэр, нүүр давхар явдаг учраас хариуцлагатай байдлыг өдөр тутамд шаардах нь зүйн хэрэг. Байгууллагаа хайрлах, нэр хүндийг нь үүрч явах том үүрэг бас хариуцлага хувь сэтгүүлчтэй нь хамт явдаг гэсэн үг. “16 жилийн түүхээр босгож ирсэн байгууллага. Нэг л хөнгөн үйлдлээр алдаа гаргах эрхгүй. Энэ нэр хүндээ үргэлж өргөж, бодох явах ёстой шүү” гэдгийг тэрбээр цаг тутамд сэтгүүлчдэдээ захиж сануулдаг. 

“Протокол дээрээс протокол хийж ирэхгүй” гэсэн редакцийн байр суурь NTV-д анхнаасаа л байсан, одоо ч бий. Сэдэв, сэдэв, сэдэв... Тогтсон школ нь тийм. Зарчмын ийм шаардлагыг тойроогүй, туулаад энэ хүрсэн юм болохоор одоо ч түүнийгээ ягштал мөрдүүлнэ. Протокол дээр болж байгаа үйл явдал нэг л эх сурвалж. Үр дагавар нь хэрхэн гарах юм, хэн хүртэх нь чухал. Үндсэндээ мэдээллээд өнгөрөх биш иж бүрэн мэдээ болгох шаардлага NTV-д одоо ч үйлчилдэг.

“Болзоо”-г үргэлжлүүлсэн “Болзоо”

“Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлгийг ээлжилж хийнэ. Тэр үед Дарханд вагоны осол гарлаа. 50 жилийн түүхтэй төмөр зам, түүнийг дагасан том хороолол бүхий оршин суугчид. Гэтэл төмөр зам нь ямар ч гарамгүй. Нааш, цааш гарахад эрсдэлтэй. Тэрийг нь мэдсээр, мэлзсээр явтал ах, дүү хоёр хүүхэд дайруулсан хэрэг гарлаа. Ах нь өнгөрч, дүү нь гараа тайруулсан байдаг. Нэг ч эх сурвалж орхилгүйгээр бүгдээс нь мэдээлэл цуглуулж, нэвтрүүлгээ гаргалаа. Сайн ч нэвтрүүлэг болов, тэр хэрээрээ нийгэмд цочроо өгөв. Төмөр замын удирдлагууд нь ч яаралтай шийдвэр гаргаж гарам, гарцаа хийлээ. Хичээвэл болох юм байна гэсэн урам орлоо. 

Гэж явсаар Ерөнхийлөгчийн сонгууль ч болов. Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараахан телевизийн захирал А.Ганбаатар Зөвлөхөөр очихдоо “Болзоо” нэвтрүүлгийн автор, албаны дарга С.Батзаяаг мөн дагуулаад явлаа. Өөрийн гэсэн үзэгчтэй, орон зайтай болсон нэвтрүүлгийг хааж болохгүй. Үргэлжлүүлээд үзэгчдэд хүргэх ёстой. Тэгэхийн тулд сэтгүүлч хэрэгтэй. Телевизийн захирал М.Уламбадрах ч эргэлзэлгүйгээр Б.Ундрахжаргалантад “Болзоо” нэвтрүүлгийг цааш нь авч явах үүргийг өглөө. Удирдлагын зүгээс хүлээлгэж байгаа том итгэл мөн боломж. 

Түүнд нь нэг гэм биш зан байдаг нь өөрийгөө үргэлж голох. “Болоогүй байна” гэсэн бодол. Одоо боллоо гээд бодох л юм бол хойшоо ухарна. Тиймээс урашлах л ёстой. Эхэндээ нэвтрүүлэгт заавал улстөрч оруулах хуультай юм шиг санагдлаа. Холбогдоод л оруулна. Сүүлдээ учраа олж эхэллээ. Байдаг л нэг ярилцлагыг давтаж хийх ямар шалтгаан байна? Ерөөсөө л өөр дүр оруулъя! Гэснээс Буянжаргалын Болороог нэвтрүүлгийн хоймортоо урив. Яг л хувь хүн рүү чиглэсэн, дотоод сэтгэл рүү өнгийсөн дугаар боллоо. Одоо л зөв явж байна, ярилцлагынхаа өнгө төрх, тусгалыг оллоо гэж өөрийгөө тоож эхэллээ. Тэр үеэс л нэвтрүүлгийн, ярилцлагын дүрээ тэс өөрчилж, илүү дотор хүн рүү орох, эсвэл огт яриагүй, олон жил сэтгэлдээ тээж ирсэн зүйлийг нээхэд чиглэх болов. Хувь сэтгүүлчээс асар их хөдөлмөр, судалгаа шаардана. Сүүлийн үед арын албаны ажилдаа илүү анхаарч буй болохоор нэвтрүүлгээ түр хойш нь тавьжээ. “Болзоо” түр завсарласан нь ийм шалтгаантай.

Үргэлжлэл бий.

С.Гандөл