Эрх зүйн реформд суурилсан эдийн засгийн ЭРХ ЧӨЛӨӨ!

500 сая, 800 сая, 1.5 тэрбум. Засгийн газраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төлбөр барагдуулсан өрийн бичиг. Төгрөгөөр биш ам.доллараар. Нийт 2.8 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 9.6 их наяд орчим. Нэмээд Хөгжлийн банкны 500 сая ам.доллар болох 1.7 их наядыг оруулж тооцвол Монгол Улс бараг нэг жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 11.3 их наядыг гадаад зах зээлээс босгосон бондын төлбөрт зарцуулжээ. Удахгүй “Самурай” бондын 30 тэрбум иентэй тэнцэх 250 сая ам.долларын өрийг ирэх сард төлөх хуваарь Хөгжлийн банкны цагалбарт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гурван тэрбум гаруй ам.долларыг бондын өрийг буцаан төлсөн үзүүлэлттэйгээр 2024 онтой золгох нь.

Монгол Улс нэгдсэн төсөвтэй, тэр нь Сангийн яамаар дамжуулан захиран, зарцуулах хуультай байтал гурав, дөрвөн ерөнхийлөн захирагчтай болтлоо хяналтгүй, хариуцлагын тогтолцоогүй болсон 2012-2014 оны үед Ерөнхий сайд нь “Бондын өрийг бидний үр хүүхэд төлчих байх” хэмээн хээв нэг чуулганы нэгдсэн хуралдааны индрээс мэдэгдэж байсныг эс тооцвол хоёр жилийн хугацаанд гурван тэрбум ам.доллароор хэмжигдэх бондын өрийг дарж, хаана гэдэг амаргүй. Урдаа хориг, хязгаарлалттай, хойноо дайнтай, дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй цаг үед зөвхөн нүүрсний экспортод найдахгүйгээр өрийн менежментээ зөв хийсний үр нөлөө. 

“Ковид”-оос хамаарсан дэлхийн эдийн засгийн уналт Монголыг тойроогүй дайрсан нь 4.6 хувь руу унагааж агшаасан нь 2021 он. Эсрэгээрээ 2022 онд 4.8, 2023 онд 6.4 хувьтай гарсан эдийн засгийн өсөлтийг ирэх онд долоон хувиар тооцсон нь хэн нэгний бодож олсон өөдрөг төсөөлөл биш. Тоо өөрөө худлаа ярьдаггүй учраас байгаа боломжит хувилбаруудад тулгуурлаж Сангийн яамнаас гаргасан тооцоолол. Төсвийн хэмнэлт, сахилга баттай байх арга хэмжээг хэрэгжүүлсний хүчинд гурван тэрбум ам.долларын бондын өрийг төлсөн ч Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь өөрөө бодит үзүүлэлт, бас хариулт нь.

Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувиар тогтвортой хадгалж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэж, төсвийн алдагдлыг бууруулах нь Засгийн газрын гол бодлого гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн хэвшлийнхэнд хандан онцолжээ. Мөн эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээ дуулгасан байна. ДНБ-ий 78 хувийг дангаараа эзэлдэг хувийн хэвшлийнхэнд эерэг л мэдээ. ДНБ-д хувийн хэвшлийнхний эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр Төрийн оролцоо багасна. Компани байгуулж тэдэнтэй өрсөлдөхгүй байх зарчим нь илүү албажиж, амьдрал дээр бууна гэсэн үг. 

Ингэхийн тулд татварын таатай, тогтвортой орчныг бүрдүүлэхээс эхлээд эрх зүй цогц реформыг нэн түрүүнд хийх шаардлагатай. Ерөнхий сайд ч хэлсэн байна лээ, Компанийн хуулийг шинэчилж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг энэ намрын чуулганаар багтааж УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгийг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэх хүлээлт ч энэ парламентад бий. Араас нь Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг зэрэг хэд хэдэн эрх зүйн шинэчлэл УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд хүлээгдэж байна. 

Үндсэндээ Төр, хувийн хэвшлийнхэн ойрмогхон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, түүнд нь Ерөнхий сайд, Засгийн газраас ач холбогдол өгч эхэлсэн нь мэдээж сайны дохио. Хаана төрийн өмч байна, тэнд нь хулгай тасрахгүй байгааг хангалттай харж, хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ Засгийн газар нь тэмцэл өрнүүлэхийн хажуугаар хувийн хэвшлийнхээ дуу хоолойг сонсохыг урьтал болгож, хууль, эрх зүйн бодит дэмжлэг үзүүлэхээр нэг завинд суусан нь л бодит үр дүн. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Ерөнхий сайдын зүгээс хувийн хэвшлийнхэнд ганцхан зүйлийг хэрэгжүүлэхээ амласан нь эрх зүйн реформд суурилсан эдийн засгийн эрх чөлөө байх нь. Тэр нь Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй харин дэмждэг байх богинохон хэрнээ том агуулгаар хэрэгжих нь!

Г.Эрхэс