Засгийн газрын санал "БАЙ"-ндаа туссаныг Байнгын хорооны ирц харууллаа

Хууль зүйн байнгын хороо 18 гишүүнтэй. Дөрөв нь АН-ынх, үлдсэн 14 нь МАН-ынх. Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар. Дарга нь дарга нь Д.Цогтбаатар. Үүнийг зориуд онцолж тодотгоод байгаа нь шалтгаантай. Юу гэхээр 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн шүүх шинэтгэлтэй салшгүй холбоотой салаа мөчир нь болсон Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хоёр жилийн дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн нь ердөө нэг хоногийн өмнөхөн.

Уг төслийн хүрээнд одоо байгаа шүүх засаглалын суурь зарчмыг хөндөхгүйгээр зарим өөрчлөлтийг оруулахаар тусгасныг Хуулийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Түүнээс хамгийн анхаарал татахуйц онцлох асуудал нь авлигын хэргээр дагнасан шүүхийг байгуулах тухай. Агуулгын хувьд ч, ач холбогдлын тухайд ч өргөн хүрээг хамрах эл шинэчилсэн найруулгаар авлига, албан тушаалын хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр шууд Давах, Дээд шүүх эрх хэмжээнд шийдвэрлүүлэхээр тусгасан юм. 

Үндсэндээ Монгол Улс анх удаагаа авлигын хэргээр дагнасан, тусгайлсан шүүхтэй болж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хөрс нь хуулийг хүчин төгөлдөр мөрдөх өдрөөс бий болох байв. Байв гэдэг нь Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хойшлов. Байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг АН-ын дөрвөн гишүүнийг эс тооцвол Ардын Намынхан Засгийн газрынхаа авлигатай хийх тэмцэлд “бойкот” хийх улс төрд олонхиороо оройлж байх юм. 

Санаж байгаа бол “Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэрээр дамжуулан мэдэгдсэн нь хаврын чуулган нээлтээ хийхээс нэг хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 14-ний өдөр. Спикерийн хэлсэнчлэн хаврын чуулганаар Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийг дэмжсэн агуултай, бас ялын бодлогыг чангатгасан эрх зүйн цогц реформыг УИХ-аар хэлэлцүүлж баталсан. Үүгээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлж, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хялбаршуулсан журам үйлчлэхгүй, магадлангаар суллагдахгүй, Төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах зэргээр эрх зүйн томоохон өөрчлөлтийг шигтгэсэн. Төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг тендер, төсөл хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдахыг хязгаарлаж, хориглосон нь ч уг реформыг онцлог. 

Гэвч хаврын чуулганы хугацаанд эхлүүлсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийг сууриар нь өөрчлөх цогц реформыг батлалцаж явсан УИХ-ын гишүүд өнөөдөр түүнийгээ үгүйсгэж, Байнгын хорооны ирцээр бойкот хийж суугаагийн цаад шалтгаан, ашиг сонирхол нь юу вэ? Хулгай хийгээгүй, ханцуйндаа эрх ашгаа наймаалцаж яваагүй нь үнэн л юм бол тусгайлсан шүүх байгуулах үзэл баримтлалттай хуулийн төслийг хоёр гараа өргөөд дэмжих хүмүүс нь тэд биш гэж үү? 

Эс бөгөөс авлигын хэргээр дагнасан шүүхтэй болох сургаар хөдөлгөөнд орж эхэлсэн хэсгийн ашиг сонирхол Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар нь “барьцаалж” гацаах хэмжээнд хүртлээ түргэн авав уу? гэдэг нь сонирхолтой бас тохуутай! Тийм бол Засгийн газрын санал зөв цагтаа, зөв газраа л яваа юм байна гэж ойлгохоос өөр аргагүй. Эцсийн дүндээ хэн нь хэн бэ? гэдгийг зөвхөн авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах асуудлыг УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авах, хандахаас бүрэн харагдах учраас. Юу үнэн энэ л үнэн!

С.Сүлд