Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг уншиж сонордууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өглөө.
Зарлигт:
- -Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр тусган хэрэгжүүлэх,
- -Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх,
- -Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,
- -Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах
- -Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,
- -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах.
- -Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалахыг чиглэл болгожээ.