Мөнхийн эрх ашгийн ХОЁР ТАЛ!

Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарт ижил зүйл олон. Ардчилсан хувьсгалыг түүчээлсэн, Ардын Их Хурлын депутатаар ажиллаж Үндсэн хуулийг батлалцсан, хоёулаа МоАХ-ны угшилтай. Д.Дорлигжав нь Засгийн газрын танхимд Ц.Элбэгдоржоосоо түрүүлж, аль 1991 онд Шадар сайд, 1996 онд Батлан хамгаалахын сайдын албыг хашжээ. Эсрэгээрээ Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болсныхоо дараа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоож, үр дүнд нь Д.Дорлигжав ерөнхий захирлаар очиж байв. Нам нь хуугайраа ялагдаж АНУ руу түрүүчээсээ “дүрвэсэн” 2000 онд ардчилсан чиг баримжаатай таван улс төрийн хүчин нэгдэж, АН-ыг шинээр байгуулахад анхны тамгыг нь атгах хувь Д.Дорлигжавд ирсэн бол 2004 онд хоёр дахиа Ерөнхий сайдаар ажиллах тохиол Ц.Элбэгдоржийнх байлаа. Энэ цаг үед журмын нөхөр Д.Дорлигжав нь Засгийн газрын гишүүнээр гурав дахиа очиж Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд болсон түүхтэй. Ерөөс Монгол Төрийн бодлого тодорхойлох үйл явцад АН-ын оролцоо бий болох бүрд Д.Дорлигжав гарч ирдэг нь уламжлал, тэр бүгдэд Ц.Элбэгдоржийн нөлөө жин дарж асан нь өнгөрсөн цаг үед бичигдээгүй хууль шахуу явжээ.

Н.Энхбаяр тэргүүтэй МАН-ынхан тохиролцооноосоо буцаж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас нь огцруулсны дараа ч гайхал Д.Дорлигжав намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын сэнтий дээр “ойчсон” нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв. Ирээдүйд Ерөнхийлөгч болж дэвших Ц.Элбэгдоржийн их улс төрийн хөрсийг тавьж, хөлсийг нь хусах нэгэн хэрэгтэй байсан нь итгэлт түнш Д.Дорлигжав байсан хэрэг. Тэдний хүсэл ч биеллээ олж, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдож, анхны зарлигаараа Д.Дорлигжавыг Тамгын газрын даргаараа томилсон юм. Гэхдээ энэ нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарын их улс төр дэх хоршлын зөвхөн эхлэл, “панчан” байсныг дэвшүүлсэн намынхан нь ч гадарлаагүй байв. Гэдэг нь Ерөнхийлөгч, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог хуулийн дархлаа, бас хамгаалалттай зарим байгууллагын дарга нарыг толгой дарааллан чөлөөлөх улс төр ганцхан жилийн хугацаанд эрчимтэй явж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нар ташраараа солигдсон нь 2010-2011 он.

Сонирхолтой ч гэх үү, тохуутай нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга явсан Д.Дорлигжав Монгол Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн сэнтийд очоод суучихсан нь бараг нэгэн зууны жилийн түүхтэй прокурорын байгууллагын түүхэнд гарч байгаагүй “гэнэтийн бэлэг” болсон ч Ц.Элбэгдоржийн энэ шийдвэрийг сөрөх нэгэн тухайн үедээ гараагүй юмдаг. МУИС-ийг төгссөн, дүүргийн прокурорт ажиллаж байсан гэх тачирхан намтар нь Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор томилох зөвтгөл нь болсон байж мэдэх ч, 1990 оноос хойш тасралтгүй улс төрийн албан тушаалтан явсан хүнийг Хууль цаазын тэргүүн зөвлөх болгосон нь үндсэндээ Монгол Төрийн гажуудлын бодит үнэмэлж, мерит зарчмыг бүхэлд нь үгүйсгэсэн сургамж болж үлдсэн юм.

Улстөрч гэдэг улстөрч л байдаг. Тэдэнд мөнхийн найз үгүй. Бас дайсан үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж бий. Шүүгч, прокурор, ер нь энэ салбарынханд хуулийн хязгаарт захирагдаж, залуурдуулах ганцхан шалтгаан байдаг бол хэн байхаас үл хамаарсан эрх ашгийн нэгдэл нь улстөрчдийг холбодог. Д.Дорлигжав ийм л агуулгаар ажилласан. Өөрийг нь дэвшүүлж томилсон Ц.Элбэгдоржоосоо үг сонсохгүй болтлоо тусгаар улс байгуулахын зэрэгцээ тордож, тойглосон бүхэн рүүгээ эргээд ноцох эхэлсэн талаарх яриа тухайн үедээ явдаг л байлаа. Оргүй ч юм биш. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг өөрийн цахим хуудсаар дэлгэсэн нь шуугиан тарьж байв. Х.Тэмүүжин сайндаа ч тийм гэнэн үйлдэл хийгээгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэмжлэгтэй явсан ч Улсын ерөнхий прокурорын хувьд УИХ-ын хэд хэдэн гишүүдийг “төмсөгдсөн” Д.Дорлигжав Н.Алтанхуягийн танхимаас ганц Х.Тэмүүжинг онилж, “шүд сугалах” гээд байсан учраас л сөргүүлж тавьсан акц нь тэр юм. Хэдийгээр Х.Тэмүүжин сайдын суудалтайгаа үлдсэн ч үүнээс зургаан сарын дараа Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас АН-ынхан өөрсдөө огцруулсан нь хуанлийн хуудаст үлдсэн үйл явдлын хураангуй. Ерөнхий сайдаас буусан Н.Алтанхуяг ч МАНАН бүлэглэлийн хамсаатан нь Д.Дорлигжав гэдгийг хэлж, тэмцэхээ илэрхийлж байсан нь өөрийнх нь нэрийн хуудас шахуу болсон улс төрийн тайз болтлоо хоногшжээ. 

Хамгийн хоржоонтой нь, Монгол Улс байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн 32 жилийн түүхэнд Ерөнхий сайдаар хоёр, Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан иргэн Ц.Элбэгдорж Д.Дорлигжавыгаа бараг танихгүй хэмээн мэлзэж суухыг харах өдөр ирдэг ажээ. Ингэхдээ “Д.Дорлигжав манай Тамгын газрын дарга байж байгаад сүүлд Улсын ерөнхий прокурор болсон шүү дээ. Сүүл рүүгээ янз бүрийн юм сонсогдоод байхаар нь би асуугаад “Чи ажлаа өг” гэж хүртэл шаардаж байсан. Түүний дараа Хууль зүйн сайд болсноор явж тэндээс холдож байсан түүхтэй. Түүнээс хойш бид хоёр холбогдсон, ганц удаа утсаар ярьсан ч юм уу тийм зүйл юу ч байхгүй. Нийлээд “Хонгил” угсарчихсан ч юм уу, Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй” гээд хээв нэг ярьж байх юм.

Угтаа бол 1990 оноос хойш Монголын улс төрд хөтөлгөө морь шиг явж ирсэн хүмүүс нь маргаангүй Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар. Ерөнхий сайд болохдоо “Эрдэнэт” рүү явуулсан, Ерөнхийлөгч болчихоод дэргэдээ авчирсан, тэгээд Улсын ерөнхий прокурор болгож дэвшүүлсэн зэрэг нь энэ хоёр эрхмийн баллуурдах боломжгүй үнэн нь. Нэг ёсондоо Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёр бол зоосны л хоёр тал. “Эрдэнэт”-д онц байдал тогтоож, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд биечлэн очиж, ерөнхий захирлын албанд томилсон үеэс эхтэй. Н.Алтанхуяг л хэлж, шүүмжилж, хүний өөрийнгүй тэмцэхээ илэрхийлж байсан болохоос “Хонгил”-ыг угсарсан гэгддэг он жилүүдэд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж, хэн Хууль цаазын тэргүүн зөвлөх байв? Асуудал нь ойлгомжтой, агуулга нь ч бодитой ийм л зүйл.

Гэвч нэгэн цагийн биш бүр нэгэн насны хамтрагчаа үгүйсгэж суугаа нь Ц.Элбэгдорж хэдийнэ өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж буйн илрэл юм. Улс төрд мөнхийн найз, дайсан байхгүй, мөнхийн эрх ашиг байдгийн сонгодог жишээ нь энэ. Улстөрч хүний л араншин. Өөрөөр хэлбэл, нэг нь “Чи ажлаа өг” гэсний хариуд нөгөөх нь Хуулийн сайд болж буурь сэлгэж “тушаал” буурсан гэдэг нь ердөө л тохуурхал! Ганц үнэн гэвэл Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болох үед яагаад “Эрдэнэт”-д очсон, Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрын даргаас шууд Улсын ерөнхий прокурор болж дэвшсэн нь “Хонгил” угсрах бодит шалтгаан байсан эсэхэд хамгийн ханатай хариулт өгөх хүн нь Д.Дорлигжав. Унасан ч хамт, дэвшсэн ч хамт, ерөөс албан тушаалын хуваарилалт бүхий бялууны зүсэмнээс хамгийн томыг нь хүртэж ирсэн тэдний эрх ашгийн нөхөрлөл энэ хүрээнд өндөрлөсөн үү? гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс