"Саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэнэ"

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Р.Буанган "Энэ төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хөрөнгө оруулах үүргээ биелүүлж байгаа Засгийн газар, яамд, БНТУ-ын МАПА групп болон туслан гүйцэтгэгч компаниуд, Монголын мянганы сорилтын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орон, ард түмний найрамдлын түншлэлийн илэрхийлэл болсон энэ төсөл Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгийн том баримжаат төслүүдийн нэг. Энэ бол монголчуудын ахуй амьдралыг сайжруулах, байгаль орчныг  хамгаалах, нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг АНУ дэмждэгийн нотолгоо юм.

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпео нар Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан түүхтэй.

Энэ дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газар 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Талууд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” гурван төслийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор багтаан бүрэн хэрэгжүүлж дуусах юм.

Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулна.

Тухайлбал Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд цаашид саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэх юм" гэлээ.