Тэр яагаад ялах ёстой гэж...?!
Ардын болон Ардчилсан хувьсгалаас төрсөн Ерөнхий сайд нараас 35-41 настайдаа эл албанд хүрсэн нь хуруу дарам цөөн. Түүхэндээ П.Гэндэн 37, Ю.Цэдэнбал 36, Ц.Элбэгдорж 35, Р.Амаржаргал 38, М.Энхсайхан 41, Л.Оюун-Эрдэнэ мөн 41 настайдаа Ерөнхий сайдын атгажээ. Засгийн тэргүүн бүр өөр өөрийн зам мөртэй, бас зовлонтой. 1990 оноос өмнө хэмлэгдсэн, хэн нэгнээс хэт хараат явж ирснийг түүхийн шаргал хуудсууд гэрчилдэг бол ардчилсан цаг үеийнх арай өөр. Монголын зовлон бусдынх биш Монголынх л болж үлдсэн.
Хууль тогтоох дээд байгууллага байнгын ажиллагаанд шилжиж, тэндээсээ Ерөнхий сайдаа томилж, огцруулдаг сонгодог парламентын тогтолцоо руу нэг алхам урагшилсан нь маргаангүй дэвшил үү, дэвшил. Хуулиараа Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Хууль тогтоох дээд байгууллагатай адилхан. Гэвч Үндсэн хуульдаа бичсэнчлэн Төрийн байгууллын загварчлалаар Монгол Улс гүйцэтгэх засаглалын түвшиндөө төвхөнөж, төлөвшиж чадсангүй. Ардчиллаас хойших 30 жилийн хугацаанд 15 Ерөнхий сайдыг томилж, огцруулсан нь үүний бэлээхэн жишээ. Нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хоёр жил орчим.
Пунцагийн Жасрай, Намбарын Энхбаяр, Ухнаагийн Хүрэлсүхийн ажилласан хугацаа нь 11 жил гэж тооцвол дээрх бүрэн эрхийн хугацаа 1.5-д дөнгөн, данган дүйж очно. Ийм нөхцөлд ямар ч том бодлого тодорхойлж, түүнийгээ хөдөлгөж, үр дүнг нь үзнэ гэдэг өрөөсгөл. Бүтэх ч боломжгүй. Ядаж л сайд явдаг ч бодлого үлддэг мерит зарчим Монголын Төрд жишиг болохуйц хэрэгжсэнгүй. Шинэ гарсан нь хуучнаа үгүйсгэдэг, хэрэгжиж эхэлснийг нь зогсоодог, хав дарж гацаадаг нь манай улстөрчдийн гэм биш зан. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, төмөр замын бүтээн байгуулалтууд, томоохон мега төсөл нэг жилээр биш нэгэн аравнаар цаасан дээрээ “амь тавьдаг”, алдагдсан боломжийн өртгөө тооцохоос өөр халаглал бидэнд үлдээгүй. Зөвхөн төмөр замаа барьж, байгуулж чадаагүйн өртөг 70-80 их наядаар хэмжигдэж буй нь бодит кэйс. Гэхдээ алдагдсан боломж бол алдагдсан л боломж.
Үе үеийн Ерөнхийлөгчөөр ажилласан улстөрчдийн сүүдэрт “Эрдэнэт” гэдэг сэдэв явдаг байлаа. Байлаа ч гэж өөрийн хүнийг томилуулдаг, өрөөл бусдаараа шахаа хийлгэдэг, хөрөнгө босгодог саалийн үнээ нь “Эрдэнэт” байв. Н.Багабандийн үед ч тийм л байсан. Н.Энхбаярын он жилүүдэд энэ нь үргэлжилсэн. Ц.Элбэгдоржийн бүрэн эрх дуусгавар болохтой зэрэгцэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах нэрийн дор хулгайлж хувийн хэвшилд шилжүүлэх ажиллагаа болтлоо томорсон. Үндсэндээ төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хүсч мөрөөдсөн, ардчилсан хувьсгалын үзэл санаанд нэгдэж, Засгийн эрхийг тайван замаар шилжүүлсэн тухайн үеийн удирдлага, ахмад үеийн итгэл үнэмшлийн баллуур нь ардчилагчид өөрсдөө болж хувирсанд асуудлын учиг байгаа юм.
Угтаа бол улсын эрх ашиг нэгдүгээрт. Улс төрийн намын, журмын нөхдийнхөө эрх ашгийг хоёрдугаарт. Хувийн эрх ашгаа сүүлд тавих нь ардчиллын тодорхойлолт, С.Зоригийн томъёолол байв. Гэвч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр эл зарчим алдагдсан, эсрэгээрээ нэгдүгээрт, эрх ашиг, хоёрдугаарт, эрх ашиг, гуравдугаарт эрх ашиг гэсэн үзэл санаа, үнэт зүйлийг арчдилагчид толгойдоо сийлж эхэлсэн юм.
Эцэстээ улсаа тонон дээрэмдэх ажиллагааны хамгийн том нуувч, бат бэх цайз нь улс төрийн нам, тэнд хамаарах бүлэглэлийн эрх ашиг гэдгийг өнгөрсөн хугацаанд гарсан үйл явдлууд харууллаа. ЖДҮ, Хөгжлийн банк, ээлж дарааллан босгон Бондын хяналтгүй зарцуулалт, нүүрсний тэргүүтэй олон хулгай үүнээс эхтэй, улстөрчид өөрсдөдөө зориулсан бялуу хуваалт байсныг монголчууд бүгдээрээ харлаа, үзлээ, мэдлээ. Саяхан 100 сая гэдэг хол сонсогддог байсан бол өнөөдөр тэрбум төгрөг бутархай мөнгөний энд үнэлэгддэг болов.
Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн, ардчилсан тогтолцоогоор 30 жил замнасан нь хусаад арилахааргүй үнэн ч мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа очих “Шинэ эргэлт”-ийн сонголтоо хийх түүхэн мөчлөг дээр дахин ирснийг энд тодотгох гээд байгаа юм. Яг л БНМАУ-ын Ерөнхий сайдаар хоёронтаа ажилласан А.Амар тэртээх 1930-аад онд “Шинэ эргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан шиг. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгалаар олж авсан анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах, ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх амаргүй бөгөөд нэн шинэхэн цаг үе нь 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлэх энэ удаагийн сонгууль. Улс төрд түүх давтагддаг нь үнэн л юм бол 1990 онд олж авсан улс орны эрх ашиг үргэлж нэгдүгээрт явах учиртай С.Зоригийн томъёолол бүхий үнэт зүйлийг эргэн сэргээх, эргэлт хийх нь бидэнд байгаа хамгийн том боломж бас үнэт зүйл нь энэ сонгуулиас бүрэн хамаарна.
“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж тэр зүгээр ч нэг хэлчихээгүй ээ! Шударга бусын эсрэг нийгэм нь, иргэд нь нам харгалзахгүй нэгддэг, үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж чаддагаа аль 1990 онд нийтээрээ, нийгмээрээ харуулсан учраас ийн хэлсэн юм. Түүнээс Ерөнхийлөгч байсныхаа шанд нь “Эрдэнэт”-ийг 49 хувьтай нь, үүсмэл ордтой нь хулгайлж, хамаад ашиг хүртдэг, Ерөнхий сайд болсныхоо шанд нь Бонд босгож, бүтээн байгуулалт нэрийн дор бүлэглэл хооронд хувааж идэх нь Монгол хүний саруул ухаанаас гарах ойлголт огтоос биш. 30 жил бугшсан энэхүү системийн авлигатай гуравхан жилд тэмцэж, цэгцлэх нь амаргүй ч хэн, хэзээ, хаанаас, хэрхэн хувь хүртэж, хулгай хийж ирснийг түрүүчээс нь илчилж, эмхэлж, цэгцэлж буй нэг талаараа алдагдсан, алдуурсан ардчиллын хоёр дахь давалгааны эхлэл, шинэ эргэлтийн дохио.
Үүнийг л Л.Оюун-Эрдэнэ “Ард түмэн ялах уу, Авлигачид ялах уу? гэсэн түүхэн сонголтын өмнө Та бид ирлээ” хэмээн очсон газар болгоныхоо тайзнаас, индрээс ахин, дахин сануулж, уриалж явна. Тэр хүнтэй нь биш системтэй нь тэмцэж, түүндээ ч бат зогсож байна. Агуулга нь С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт хамаарах ч асуудал нь хувь улстөрч, хэсэг бүлгийн эрх ашгийг хөндөхөөс өөр сонголтгүй болсныг хүн бүр харж, ойлгодог боллоо. Өнөөдөр монголчууд алдагдсан 8, 12 жилийн тухай биш С.Зоригтой хамт мартагдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрөөс хойш юу болж өнгөрснийг шүүж, дүгнэж эхэлсэн нь үүний илрэл.
Хэрвээ Санжаасүрэнгийн Зоригийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон бол тэр ардчилсан хувьсгалаас хойш төрсөн хамгийн залуу гүйцэтгэх засаглалын тэргүүний нэгээр түүхэнд үлдэх байв. Учир нь, 1998 оны аравдугаар сарын 1-нд “Ардчилсан холбоо” эвслийн Үндэсний зөвлөл нь хуралдаж дараагийн Ерөнхий сайд нь хэн байх тухай хэлэлцэх байсан нь нэг хоногоор хойшилсон байдаг. Улмаар аравдугаар сарын 2-нд болсон хурлаар санал хураалт явуулахад олонхийн санал авснаар Ерөнхий сайд болох дэмжлэг хүлээсэн ч тэр оройдоо бусдын гарт амиа алдсан юм.
Гагцхүү “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх ардчиллын үзэл санаа, үнэт зүйл эргэн сэргэж, эргэлт болж, ардиллын хоёр дахь том давалгаа болтлоо томорч буй нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар ялах ёстой вэ? гэдгийн энгийн атлаа бодит хариулт юм.
С.Сүлд