П.Сайнзориг: Шүүхийн шийдвэр нь биелдэг, гэрээний үүрэг хангагддаг байх нь чухал
Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа билээ. Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос товч тодруулга авлаа.
-Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийн ажил ямар шатанд байгаа вэ?
-Өнөөдөр манай улсад бизнес эрхлэх нөхцөл байдал түвэгтэй, бизнесийн маргааныг шийдвэрлэх цаг хугацаа удаашралтай байгаа. Үүний цаана бизнесийн эргэлт, мөнгөн хөрөнгө гацдаг, бизнес эрхлэгчдийн итгэлцэл эвдэрдэг. Энэ хэрээр компаниудын өсөж дэвжих боломж хумигддаг. Тийм учраас бизнес эрхлэгч хоорондын шүүхийн маргааныг зардал багатай, хялбараар түргэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, өмгөөлөгч шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг нөхцөлөөс зайлсхийх, шүүхийн шийдвэр нь биелдэг, гэрээний үүрэг хангагддаг байх нь маш чухал. Үүнийг бүрдүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна.
Нэн түрүүнд бизнесийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал бий. Гэрээг бичгээр үйлдэнэ гэж хуульд тусгасан ч бизнесийн түншүүд гэрээгээ цахим хэлбэрээр хийн мөнгөө шилжүүлээд, бараа материалаа солилцчихдог. Тэгээд маргаан үүсээд шүүхэд очихоор бизнесийн харилцаа бичгээр үйлдэгдэх ёстой байсан гээд бүгдийг буцаах асуудал үүсдэг. Энэ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих бус, саатуулах үйлдэл болоод байгаа. Үүнийг өөрчлөхөөр зорьж байна. Түүнчлэн бизнесийн маргааныг зөвхөн шүүхээр биш шүүхийн бус журмаар шийдвэрлэх асуудал бий. Арбитр, эвлэрүүлэн зуучлах чиглэлийн эрх зүйн механизмуудыг бид тодруулж үзэх ёстой.
Эцэст нь гарсан шийдвэрүүд хэрэгждэггүйгээс мөнгөн хөрөнгүүд гацаанд ордог. Энэ бүхнийг дампуурлын хууль тогтоомжтой уялдуулан авч үзэх ёстой.
Төлбөрийн чадваргүй болсон компанид иргэний хэрэг үүсгээд, төлбөр оногдуулахаар шүүхийн шийдвэр гардаг. Өөрөөр хэлбэл, хэрэг үүсгэхээс эхлээд биелэгдэх боломжгүй шийдвэрүүдийг шүүх үйлдвэрлэж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн төлбөрийн чадваргүй болсон компанид дампуурлын хэрэг үүсгэж, тэр эрсдэлийг хуваарилах, эсвэл тэр компанийг аврах төлөвлөгөө гаргах, бүтцийн өөрчлөлт хийх замаар бизнесийг сэргээх асуудлыг шүүхийн оролцоотойгоор сонирхогч талуудын хүсэлтээр хийх арга бий. Гэтэл үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин маш тодорхойгүй байдаг. Тийм учраас “х” тайлан гаргадаг “зомби” компаниуд бий болж, татан буулгаж болдоггүй, татварын болон нийгмийн даатгалын өр ширтэй явсаар байдаг. Тэгэхээр бид бие даасан арилжааны хуулийг иргэний хуультайгаа уялдуулж боловсруулах, үүнтэй хамт Дампуурлын тухай хуулийг шинэчилж Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгох, Арилжааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Бизнес эрхлэгчид, судлаачид ажлын хэсэгт саналаа ирүүлэн хамтран ажиллах боломж бий.
-Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулахаар төлөвлөж байгаа вэ?
-Авлигатай тэмцэх ажлын хамгийн бодитой алхам бол мэдээллийг ил тод болгох. Энэ мэдээлэл өгч байгаа этгээдийг хамгаалах асуудал бий. Тэгэхээр шүгэл үлээх ажиллагааг авлигатай тэмцэхээс гадна хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэрэг, экологийн эсрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэмжих нь зүйтэй. Харин шүгэл үлээснийхээ төлөө иргэн аливаа нэг төрийн байгууллагын, албан тушаалтны дарамтад орж болохгүй.
Ажлын хэсэг үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ажил, амьдралаа эрсдэлд оруулж шүгэл үлээсэн иргэдийг хамгаалахаас гадна урамшууллын тогтолцоог бий болгох асуудлыг ярилцаж байна. Өмнө нь шүгэл үлээх үйл ажиллагааг татварын хууль тогтоомж дээр хэрэглэж байсан. Татвараас зугтсан, зайлсхийж байгаа компаниудын талаар, экологийн эсрэг зөрчлийн талаар мэдээлэл өгвөл урамшуулдаг. Энэ удаа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Иргэд ажлын хэсэгт саналаа ирүүлж болно гэдэг давтан хэлмээр байна.