Нэг л өдөр гараад эргэж ирээгүй аав минь...

Аавгүй өдрүүд амьдралын алс холын аялал. Дэндүү гунигтай санагдана. Хаа нэгтэй аав минь амьдарч байхад уулзаж чадахгүй, амьд явахад нь "ААВ аа" гэж дуудуулах эрхээ хасуулна гэдэг уйтай уйтгартай. Хуучирч муудсан хувцастай, тамхиа баагиулан гартаа талх, сүү барьчихсан гэрийнхээ зүг алхах хэн нэгний аавыг хараад тосоод гүймээр. Үрс нь аав ирж байгаа гээд баярлан угтах мөчийг хараад нулимс урсах. Айлын хүүхдүүдтэй муудалцчихаад "Чамайг аавдаа хэлнээ" гээд цовоо дуугаар чанга хэлэх охиныг хараад хоолой зангирах. Аав л ороод ирвэл, аавдаа л үнсүүлчихвэл, сахилгүйтэж байгаад аавдаа зэмлүүлчихвэл амьдрал өнгө ороод явчих юм шиг бодол тээх.

Яг одоо явмаар байна

Хүн ардынх нь сэтгэл хэчнээн сайхан билээ дээ. Таарсан бүхэн мэндтэй, орсон айл цайтай. Айлчилж ирсэн зочныг эелдэгхэн угтдаг дүр зураг хүүхэд байхаас минь өдийг хүртэл сэтгэл зүрхэнд минь хоногшин үлджээ. Ай миний нутаг, Арын сайхан хангайн цэнхэрлэн харагдах Цэнхэр сум мину...

Итгэл...

Энэ үг их гоё. Гэхдээ хэнд сэтгэлийн угт нуугдаж буй тэрхүү нандин үгсээ хэлнэ гэдэг сонголтын асуудал. Өөрийнхөө дотоод ертөнцөд хадгалж, хав дарж байсан үгсээ итгэл сэтгэлийн "гал" дээр дөрөөлж уйлж, учирлаж хэлж байхад дараа нь хаа хамаагүй хэн нэгэн фэйсбүүк хуудастаа доог тохуу болгоод бичихийг унших ямар санагдах уу.

Баярхуу сэтгэлгээ

Зарим хүн баярхдаг. Тэр тусмаа эрчүүд. Эхнэртэй төдөн саяын үнэтэй тийм брэндийн цүнх, үнэртэй ус, алмаз, алт гээд л ам уралдан ярина. Бүр унадаг машиныг нь сайжруулж өгснөө сайшаан ярина. Ер нь хэнд ч хамаагүй. Юм үзэж, нүд тайлаагүй тийм хүмүүстэй харилцахад хэцүү. Аяга хоолоо аятайхан халбагдаад ам руугаа хийж чаддаггүй. Тэр рестораны хоол гээд харьцуулсан дүгнэлт хийнэ. Ер нь явцгүй санагддаг. Баярхуу сэтгэлгээтэй хүнтэй хамт байх цаг хугацаа үнэндээ хайран.

Голохын ДОН

Монголд байтугай гаднын хэд хэдэн оронд компанитай нэгэн хүүхдүүдээ их сургууль төгсөөд шалгалт өгүүлж, төрийн албан хаагч болгохыг илүүд үзжээ. Дарга биш доод шатны мэргэжилтэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг энгийн нэг ажилтан. Хөдөлмөрлөж босгосон хөрөнгөөрөө хүүхдүүдээ туйлуулахыг хүсээгүй хэрэг. Өөрийнхөө амьдралын жаргал зовлонг өөрөөр нь үүрүүлж яваа нь энэ. Хүүхдүүдээ хайрласан хайр, хариуцлагатай хүн байлгахыг илүүд үзсэн нь тэр.

Бусдын босгосон амьдралыг хайрлаарай

Аавыгаа санаж бэтгэрсэн хэрнээ уулзахыг хүсдэггүй. Уулзчихвал ээж минь гомдоно гэсэн бодлыг бяцхан зүрхэндээ нууж явдаг үрийнхээ өмнө "нүгэлт" харьцаа үүсгэсэн та насан туршид нь хайр хариуцлагын өртэй шүү.

Би байдаг л эмэгтэй...

Ээжүүдийн нэг өдөрт хийдэг ажлыг энд жагсааж бичвэл дуусч дундрашгүй. Хэдэн мянган удаа нэг ажлыг хийдгийг үржүүлбэл нэлээд их оронтой тоо гарна. Эмэгтэй хүн хүчтэй тулдаа энэ бүхнийг амжуулдаг. Өхөөрдөм бяцхан үрсээ бүхий л ертөнц хэмээн бахархан боддог биднийг битгий байдаг л эмэгтэй гээч. Үр өснө. Үргэлж балчраараа байхгүй. Хүссэн ажлаа хийх өдөр удархгүй ирнэ. Цаг цагаараа байдаггүй. Хэн нэгэн асуувал хамаг чангаараа хариулна. Гэртээ хүүхдээ харж эрүүл монгол иргэнийг өсгөж яваа ээж та энэ дэлхийн хамгийн амжилттай яваа бүсгүй шүү.

Гуйя...Халуун амиа хайрлацгаая

Амиа хорлолоо гээд асуудал дуусахгүй. Ард чинь үлдсэн хүмүүс үргэлж гуниг гомдол, нулимсны гашууныг амталж амьдардаг юм шүү.

Ариун цэврийн өрөөг зөв, боловсон ашиглаж сурцгаая

Олон нийтийн газрын үйлчлүүлэхдээ нэгэн зүйлийг анзаардаг уу. Ариун цэврийн өрөөний бохир байдал. Тэнд орж, хэдхэн минутад ашиглаад гарахдаа хэрхэн бохирдуулдаг вэ. “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг. Та суултуур дээр сууж бие засна уу” гэсэн анхааруулга бүхий тэмдэглэгээ харагддаг хэдий ч тэр бүр ойшоодоггүй. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд ороход суултуур дээр гишгэсэн мөр, гадна талаар нь үсэрсэн шээс угтах нь энүүхэнд. Хогийн савны гадуур өдөр тутам, 00-ын цаасаа хаясан харагддаг.Бие засаад усаататаагүй тохиолдолтой хэд хэдэн удаа таарч билээ. Үнэр танарын талаар энд дурдах нь илүүц биз.

Хань...

Эмэгтэйчүүд эрхээ ярьж, эдлэх жаргалаа тоочдог шигээ ханиа хайрлаж, халамжлах ёстой. Хүмүүсийн дунд бүлтэгнэтэл битгий загнаж, зандраарай. Эр хүн ч гэсэн гомддог.