Хань...

Хань... Аавын гэрээс өрх тусгаарлаж, амьдралын жаргал зовлонгийн алинд ч хоёр биенийхээ түших багана, тулах цэг болсон хүмүүсийг хэлэх энгийн тодорхойлолт. Хайрлахын жаргалыг ханатлаа мэдэрчихээд хааяа нэг гомдол нь дээд цэгтээ ирдэг ч хоорондоо ярилцаад хоёр биенээ ойлгоно. Хоног, сар, жил алсран өнгөрөхийн хэрээр харцаараа биенээ ойлгож, хүндлэлийн утга учрын мөн чанарыг ч мэдэрнэ. Хүний амьдрал санаснаар болдоггүй. Хүсэхэд хясал гэгчээр асар олон саад бэрхшээл тулгарна. Даван туулсан нь гэр бүлийн бат бөх байдлыг авч үлдэж чаддаг юм шиг санагддаг.

Сүүлийн жилүүдэд салалт нэмэгдэж, тэр хэрээр хүчирхийлэл гаарч байна. Магадгүй бүхний буруутан эрчүүд болж үлддэг нь нууц биш. Муу л юм болбол хойд гэрийн бор овоохой гэгчээр амьдралд, амраг хайртдаа адлуулж яваа эрчүүд яасан ч олон байдаг юм. Айл гэрийн эзэн, амьдрал ахуйгаа авч явах ёстой гэдэг үг эрт үеэс эдүгээ хүртэл бидний дунд мөрдлөг болсоор. Тэр хэрээр зүтгэсээр. Гудамжинд явж байхад нөхрөө үгийн муухайгаар хэлж, харааж зүхэж байгаа бүсгүйчүүдтэй хэд хэдэн удаа таарч байлаа. Тэр ч бүү хэл зэргэлдээх ширээн дээр сууж, хоол идэж суусан хижээл насны ах эхнэртэй хандаж "Ханиа дахиад хоол захиалчих уу" гэж аргадангуй асуухад "Нэг бүтэн порц хоол идчихээд цадахгүй. Өлсөж үхлээ юу" хэмээн загнаж байсан. Булган шуба, алтан ээмэг бөгж зүүчихсэн ганган эгч ханиасаа таваг хоолны мөнгө харамлахад нь гайхах зэвүүцэх зэрэгцэж байлаа.

Ах амьдралынхаа төлөө чадлаараа зүтгэсэнг эхнэрийнхэн өмссөн хувцас, ааш авираас тодорхой харагдаж байгаа юм. Олны дунд хажуудах ханиа хамаа замбараагүй загнадаг эмэгтэйчүүд гэртээ яадаг бол гэсэн бодол толгойд зурсхийж орж ирсэн юм. Хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, хүүхэд байдаг ч эрчүүд далд хүчирхийлэлд өртөж, хаана хандахаа мэддэггүй. Эрчүүдийн сэтгэл шаналдаггүй, зовдоггүй, уйлдаггүй юм шиг санадаг. Гэтэл эрчүүдийн сэтгэлзүй бодит байдал дээр ямар байдаг бол. Гэрт үл ойлголцол үүсч маргаан гарлаа гэхэд эрчүүдийн буруу болж үлддэг. Эр хүн түрүүлж буулт хийж, уучлал гуйх ёстой гэсэн буруу сэтгэлгээг бүсгүйчүүд бидэнд хэн суулгасан юм бол...

Буруу зүйл хийгээгүй байж "уучлал" гуйх нь бурууг өөгшүүлж байгаагийн хэлбэр. Хайрлаж, хамтын амьдралаа эхлүүлж, насны хань минь гээд сонгосон бол хэн хэнийгээ зөв, бурууд ухамсартай хандах хэрэгтэй. Эмэгтэйчүүд эрхээ ярьж, эдлэх жаргалаа тоочдог шигээ ханиа хайрлаж, халамжлах ёстой. Хүмүүсийн дунд бүлтэгнэтэл битгий загнаж, зандраарай. Эр хүн ч гэсэн гомддог.

С.Ичинхорлоо