Баярхуу сэтгэлгээ

Хэн юу өмсч, ямар утас, машин барьж, хаана, хэдэн өрөө байранд амьдарч байгаа нь надад лав хамаагүй. Сайхан амьдарч байвал баярлаж, хэцүүхэн зүйл сонсогдвол харуусал төрөөд л өнгөрдөг. Бусдын өмнөөс баярлах сэтгэлтэй, гундуухан явахад нь өрөвдөх зүрхтэй байдаг л нэгэн. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун, нүүр бардам амьдардаг. Байхгүй зүйлийн төлөө "тачаадаж" явдаггүй. Зөв л амьдрах юмсан үр минь үлддэг хорвоо гэдэг үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон. Тавилга ч үгүй хажуу хоосон өрөөнөөс амьдралаа эхлүүлж, хоолгүй хонож байсан өдрүүд өдгөө ард үлдсэн. Хоёулаа бүхнийг тэгээс эхлүүлж, хөдөлмөрөөрөө хүсэл зорилго, хайр сэтгэлээр л амьдралаа дүүргэж яваа. Хааяа хүмүүс асуудаг. Та хоёр одоо тэгээч эсвэл ингэчих. Бидний бүтээсэн амьдрал бусад хамаагүй. Тиймээс тэдний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Зарим хүн баярхдаг. Тэр тусмаа эрчүүд. Эхнэртэй төдөн саяын үнэтэй тийм брэндийн цүнх, үнэртэй ус, алмаз, алт гээд л ам уралдан ярина. Бүр унадаг машиныг нь сайжруулж өгснөө сайшаан ярина. Ер нь хэнд ч хамаагүй. Юм үзэж, нүд тайлаагүй тийм хүмүүстэй харилцахад хэцүү. Аяга хоолоо аятайхан халбагдаад ам руугаа хийж чаддаггүй. Тэр рестораны хоол гээд харьцуулсан дүгнэлт хийнэ. Ер нь явцгүй санагддаг. Баярхуу сэтгэлгээтэй хүнтэй хамт байх цаг хугацаа үнэндээ хайран. Харин аливааг бодитоор харж дүгнэлт хийдэг, амжилт бүтээл, ахиц дэвшлийн талаар ярилцдаг, хэн хэндээ урам өгч, хийж буй ажлынхан үр дүн, бурууг нь шүүмжилж чаддаг бусад руу буруугаа чихдэггүй хүнтэй хөөрөлдөхөд хэчнээн сайхан гээч. Гэхдээ л энэ цаг үед эмэгтэйчүүдээс илүү эрчүүд баярхахтай олон таарах болов, харамсмаар. Өсөхийн өлөн арилдаггүй гэдэг. Өвгөн болтол чинь сүүдэр шиг чинь дагадаг жамтай.

С.Ичинхорлоо